Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Орхон аймгийн анхны сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо. Энэхүү цогцолбор нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй цөөн тооны цогцолборын нэг гэдгээрээ онцлогтой.

Даваат багт байрлах цогцолборын барилгад 17-р сургууль, 22-р цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Даваат багт байрлах дээрх 100 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн сургуулийн барилгыг “Урагшлах” компани гүйцэтгэсэн. Орон нутгийн төсвөөс 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн уг барилгыг 17-р сургууль хичээлийн 2-р байр болгон ашиглана. Өөрөөр хэлбэл энэхүү цогцолборын барилгад тус сургуулийн 1-5-р ангийн 450 хүүхэд хичээллэнэ. Тэгвэл Даваат багт сургуулийн өмнөх боловсролын насны 670 орчим хүүхэд оршин суудаг. Үүнээс 22-р цэцэрлэгт 280 хүүхэд суралцдаг байсан талаар тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Олвой ярьлаа. Тэгвэл өнөөдөр сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсноор 70 хүүхдийг хоёр ангид хүлээн авчээ. Эдгээр хүүхдүүд 2-3 настнууд юм.

 

Нээлтийн ёслолд оролцсон Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлэхдээ “Бид төвөөс алслагдсан багуудад сургууль, цэцэрлэг байгуулахад чухал ач холбогдол өгч байгаа. Үүний хүрээнд өнгөрсөн оны 6-р сараас Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эхлүүлсэн. Засаг дарга Д.Батлут түүний баг хамт олон цаашид төвөөс алслагдсан багууд нийгмийн асуудалд анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээн онцоллоо. Даваат багийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь цэцэрлэг, сургууль руу орох хаалга тусдаа. Энэ төрлийн барилгын стандартын дагуу дуу тусгаарлагч, өндөр хурдны интернет, урлагийн зал, хүүхэд хөгжлийн төв тэргүүтэй олон шийдлийг тусгасан. Түүнчлэн анги танхимын талбай том, саруулаас гадна цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдийн насны онцлогт тохирсон хэлбэрээр баригдсан аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)