Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Таванбогдыг зорьсон уулчид энджээ

Баян-Өлгий аймгийн нутаг, Алтай таван богд ууланд авирч байсан таван хүн сураггүй алга болсон талаар албаны эх сурвалжууд мэдээлэл өглөө. ОБЕГ-аас авсан мэдээллээр уулчдын цогцсыг өчигдөр олсон байна. Талийгаачдыг осгож нас барсныг эхний байдлаар тогтоосон бөгөөд энэхүү харамсалтай ослын талаар өнөөдөр 14.00 цагаас мэдээлэл хийхээр болжээ.
 
Алтай Таван Богд ууланд авиралт хийсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд эл ойд зориулсан авиралт наадмын үеэр болж, Монголын өнцөг булан бүрээс, хилийн чанадаас олон уулчин, клуб, уулын спорт сонирхогч, аялагчид Алтай таван богдыг зорьжээ.
 
Сураггүй болсон таван хүн аль нэг клуб, нэгтгэлийн зохион байгуулалтад хамрагдаагүй, сайн дураараа оролцож байсан гэх албан бус мэдээлэл бий. Долдугаар сарын 12-ны өглөө эдгээр уулчид алга болсон тухай мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирснээс хойш эрлийн багийнхан яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. Эрлийн багт Баян-Өлгий аймгийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнт болон зэргэлдээх Ховд, Увс аймгийн онцгой байдлын газрын  уулчин аврагчид, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тэргүүтэй “Монголиа экспедишн” компанийн уулчид ажиллажээ. 
 
 
 
“Монголиан Экспедишн” компанийн захирал С.Алдархишиг энэ талаар өчигдөр дараах мэдээллийг өгсөн юм.
 
-“Долдугаар сарын 12-ны өдөр Алтай таван богд ууланд хүн анх авирсаны 100 жилийн ой тохиосон. Ойг тохиолдуулан манай компаниас аялал зохион байгуулсан. Манайхаас зохион байгуулсан, Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын удирдсан аялалд 10 хүн бүртгүүлж, албан ёсоор бүртгэлтэй хүмүүс маань авиралтад оролцсон. Мөн бидний зохион байгуулснаас тусдаа Эрдэнэтийн баг, Орос гишүүдтэй баг, Мөсөн голын судалгааны баг болон сураггүй болсон уулчид очсон байсан. Бидэнд зөвхөн манай аялалд бүртгэгдсэн 10 хүний нэр хаяг л байгаа. 12-ны өдөр авиралт болж, бүгд оргил дээр гарсан. Буух явцад манай багийнхантай бүгд таарсан. Гэвч орой отогтоо цуглахад сураггүй болсон багийн гишүүд эргэж ирээгүй тул бидэнд мэдэгдсэн. Ингээд 13-ны өдөр Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид тэднийг эрэн хайх ажлыг эхлүүлсэн ч уулчдыг олоогүй тул бидэнд болон Онцгой байдлынханд мэдэгдсэн. Манай хүмүүсийн хэлснээр авиралт хийгээд буух явцад цасны нуралтын чимээ гарсан гэж ярьсан.
 
Л.ХАЛИУ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)