Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

АН-ын зөв, хөөгдөж гарах нь МАН-д л муухай юм даа

АН-ын бүлэг МАН-ыг засгаас хөөхийг дэмжив. Тус намын УИХ дахь бүлэг өчигдөр удтал хуралдаж, УИХ-ын дарга Ерөнхий сайд хоёр тусгайлан зөвлөлдсөний эцэст Засгийн газраас МАН-ыг гаргахыг дэмжжээ. Бүлгийн гишүүд МАН-ын сайд нарыг засгийн ажилд хэт улс төрийн өнгө аясаар хандаж байна гэж үзсэн байна. Мөн Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нараас бусад нь шаардлага хангахгүй, дэндүүмуу ажиллаж байна хэмээн нэр цохож шүүмжлэл хэлсэн гишүүн ч гарчээ. МАН-ыг Засгийн газраас гаргах саналыг “Алтан гадас”-аас бусад АН-ын фракцууд нь дэмжжээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар засгийн тогтвортой байдлыг хадгалах ёстой гэж нэлээд эсэргүүцсэн ч бүлгийн шийдвэр олонхийн саналаар гарчээ. Одоо бүлгийн шийдвэрийг АН-ын Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж эцсийн шийдвэр тэндээс гарах юм. Гүйцэтгэх зөвлөл ийм шийдвэр гаргахыг бараг өөрөө бүлэгтээ үүрэг болгосон учраас өчигдрийн улс төрийн шийдвэрийг ёсчлох магадлал өндөр юм. Үүнээс гадна Гүйцэтгэх зөвлөлд “Алтан гадас"-ынхан цөөнх юм.
 
Хэрвээ МАН-ыг Засгийн газраас гаргаад, одоо АН болон эвслээс ажиллаж байгаа сайд нараас нэгийг нь ч солихгүй гэвэл Засгийн газар огцрохгүй. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг юмуу, Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь нэгэн зэрэг огцорвол танхимаараа огцордог. Ч.Сайханбилэгийн танхим 19 гишүүнтэй, үүний зургаа нь МАН-ын сайд нар. Тэгэхээр МАН-ыг засгаас гаргалаа гээд Засгийн газрын тогтворгүй байдалд нөлөөлөхгүй. 2012 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийн бий болгосон АН+Шударга ёс эвсэл+ИЗНН  гэсэн эрх баригчид үлдэж, МАН дангаараа цөөнх болох юм.
 
2012 оны сонгуулийн өмнө Сү.Батболдын танхимыг АН-ын сайд нар хаяж гарч, МАН-ынхан нөхөж томилсноор Засгийн газрын тогтвортой байдлыг хадгалж байсан удаатай. Тэр жишгээр Ч.Сайханбилэгийн танхим Шинэчлэлийн Засгийн газар гэх нэр хаяг, Ерөнхий сайдтайгаа үлдэх ч, харин Тавантолгой, Оюутолгойн хоёр дахь шат зэрэг том бүтээн байгуулал нь урагшаа явах магадлал нь хэр юм бол доо. МАН-ынхан засгийн газраас гарвал Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын Сонгуулийн хуулийн өөрчлөлт гээд олон хуулийн шинэчлэл төслөөрөө үлдэнэ. Маш хүчтэй сөрөг хүчнийг, маш хүчтэй ажиллах улс төрийн өсөрхлийг АН-ынхан өөрсдөө бэлдэв. Учир нь МАН-ынхан хаяж биш, үндсэндээ хөөгдөж гарч байна шүү дээ. Олон жилийн түүхтэй энэ том нам өөрсдийгөө АН-д хөөгдөх хэмжээнд үнэлүүлэхгүй нь тодорхой. Тэгээд ч урьсан зочноо өөрөө хүсээгүй байхад нь гэнэт хөөх нь хүний ёсонд муухай зан. Хөөгдөж гарсан хүнд бүр л муухай.
 
Хариуцлагаа үүрч, 2012 оны сонгуулийн дүнг хадгалж, цаашид сөрөг хүчний хяналт дор явъя гэж байгаа нь АН-ын зөв. Харин хөөгдөж гарах нь МАН-ын нэр хүндэд л жаахан муухай л юм. АН-ын бүлгийн гишүүд нь эмоцоороо хандсан байж болох. Түүнээс бус, МАН-ыг арай ч олон нийтийн нүдэн дээр ил хөөж Засгийн газартаа “дайсан” дуудахгүй байлгүй. Хэрвээ хөөвөл, хөөгдвөл “Дубайн гэрээ”-гээр  Ч.Сайханбилэгийг огцруулах гээд 19 гишүүн бүрдүүлж чадахгүй яваа Г.Уянга, С.Ганбаатар нартай МАН-ынхан нийлэхэд АН-ынханч өөрсдөө энэ засгаа унагахын төлөө кноп дарж мэдэх л улс. Ер нь АН-ын бүлгийн гишүүд бол нэг намын нэг бүлэг гэхээсээ олон фракцын олон эрх ашгийн хамгаалсан олон өнгөний нийлбэр шүү дээ.
 
Одоо МАН-ыг Засгийн газраас гарах нь нэгэн тодорхой боллоо.
 
1.Наадмын өмнө үү, хойно уу,
2.МАН-ыг хөөх үү, өөрсдөөр нь гаргуулах уу гэдэг улс төрийн шийдэл л үлдэж.
Харин МАН Засгийн газраас гарснаар АН-ынхан нэг их удалгүй дараагийн Ерөнхий сайдын эрэлд гарах магадлал нь илүү нэмэгдэнэ. Магадгүй АН-ын зарим фракц, гишүүд нь МАН-аар ийм “могой бариулах” гэж тэднийг Засгийн газраас хөөх саналыг манлайлж байгаа байх.
 
МАН, АН гэлтгүй ийм л хүмүүс УИХ-д засаглаж байна. Тэдэнд улсын наадам чухал биш, улс төрд найр хийх нь илүү чухал. Улс орны эрх ашиг, хөгжилд энэ тэр бол бүр арагшаа. Юм хийе гэсэн Засгийн газарт дэгээ тавьж, өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлэх, ахин сонгогдох “нүхээ малтах” нь тэдний хувьд хамгийн чухал ажил нь. Ер нь бол МАН Засгийн газар байсан байгаагүй, юу ч өөрчлөгдөхгүй. Юм урагшаа явна, хөгжинө, эдийн засаг өснө тэлнэ гэж найдаад ч хэрэггүй. Одоо ганцхан цаг хугацаа л хэрэгтэй. Сургууль нураасай гэдэг шиг сонгууль л хурдан болоосой. Дараагийн сонголтоо л зөв хийх юмсан.
 
Сүхбат ДОРЖ 
Эх сурвалж: www.itoim.mn
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
AN-iig demjigch [202.131.227.234] 2015/06/30
МАН-ийг хурдан зайлуулаач ээ. Албаар ажил унагах гээд суудал бөглөчихөөд, дээр дооргүй сонгуулийнхаа л ажлыг хийгээд явж бн шдээ. Хороо, хэсэг дээр хүртэл улс төржилт. Үнэхээр увайгүй. Ард түмнийгээ бүр тэнэг гэж бодчихсон юмнууд маш жижиг зүйлийг ч орхилгүй улс төр, сонгуулийнхаа бэлтгэлд ашиглаж 2016 оны сонгуулийг авахын төлөө чичрээд л дайраад эхэллээ. Уг нь сонгуульд бэлтгэдэг, сурталчилгаа хийдэг хугацаа нь хуулинд тодорхой заачихсан л байгаа шдээ