Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Автозахуудыг хэзээ нүүлгэх вэ?

“Да хүрээ” зэрэг автомашин худалдаалдаг автозахуудыг өнгөрсөн оны аравдугаар сард 22-ын товчооны цаана байрлах “Автохудалдааны цогцолбор”-т нүүлгэнэ гэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэхүү шийдвэр биелэлээ олохгүй, машин худалдаалах цогцолбор захын бүтээн байгуулалтын ажил хэзээ дуусах нь тодорхойгүй гацаанд орчихоод байна. Автозахыг ямар шалтгаанаар нүүлгэхгүй төрийн тогтоол шийдвэр хэрэгжихгүй байгааг энэ удаад онцоллоо.
 
Автозахуудыг ирэх сард нүүлгэнэ 
 
Захирамж хэрэгжээгүй буюу захуудыг нүүлгээгүй гол шалтгаан нь авто худалдааны цогцолборын барилга хугацаандаа ашиглалтад ороогүйтэй шууд холбоотой. Учир нь энэхүү цогцолборын барилга найман сарын өмнө ашиглалтад орох ёстой байсан ч барилгын ажил одоогоор 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа аж. “Энэ сард цогцолборын бүтээн байгуулалт дуусч ашиглалтад орно. Ашиглалтад ормогц нийслэлийн удирдлагуудын баталсан захирамжийн дагуу бүхий л машин зарж буй захуудыг нүүлгэнэ” гэж Авто цогцолборын дарга Т.Байдраг хэлж байна.
 
Хэдийгээр цогцолборын барилга ашиглалтад орсон хэдий ч эхлээд авто худалдааны төв хүртэлх 1.7 километр засмал замыг тавьж, нийтийн тээврийг зорчуулдаг болох нь чухал гэдгийг ч мөн онцолсон юм.
 
 
 
Захуудыг хүлээн авахад “Авто худалдааны төв” бэлэн үү? 
 
Цогцолборын эхний хэсэгт дөрвөн талбайд 6000 гаруй автомашины зогсоол, сэлбэг хэрэгслийн төв, банк санхүү, даатгал, даатгалын зуучлагч байгууллага, нотариат, Автотээврийн үндэсний төвийн салбар зэргийг байрлуулна.  Мөн цогцолбор ашиглалтад ормогц тээврийн хэрэгслийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, гаалиар орж ирсэн албан бүртгэл, тээврийн хэрэгслийн техникийн үзлэг зэргийг иргэд нэг дороос хийлгэх бүрэн боломжтой гэдгийг тус цогцолборын ажилтнууд онцолж байгаа юм. Мөн авто худалдааны цогцолбор нь 130 га талбайд буюу Нарантуул захаас долоо дахин том байх бөгөөд 11 мянга гаруй суудлын болон жийп, 1100 гаруй автобус, хүнд даацын автомашины худалдаа, сэлбэг хэрэгслийн 300 орчим павильон, үйлчлүүлэгчдийн 1500 орчим зогсоол, автомашины туршилтын талбай 4.4 га талбайд байрлах юм.
 
Гэхдээ энэ сарын дундуур тус худалдааны төвийн эхний ээлж ашиглалтад орж ирэх 2019 он гэхэд бүрэн хэмжээгээр ашиглалтад орж жинхэнэ утгаараа цогцолбор болох гэнэ.
 
 
 
“Да хүрээ”-гийн түрээслэгчид захыг нүүлгэхийг эсэргүүцсэн хэвээр байна 
 
Автохудалдаа эрхлэгчдийн зүгээс "Их тэнгэр хас" төрийн бус байгуулага байгуулан, захыг нүүлгэх хугацааг сунгахыг хэдэнтээ шаардаж байсан. Мөн энэ удаад ч захыг нүүлгэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байгаа гэнэ. "Их тэнгэр хас" үндэсний нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганбаатар "Ажлын байрнаас ажлын байр руу нүүх шаардлагыг л тавьж байгаа. Гэтэл 22-ын товчооны ойролцоо барьж байгаа шинэ захад автомашин зарах, хүн байрлах ямар ч боломжгүй. Эргэлдсэн улаан тооснооос өөр юу ч байхгүй. Автобус унаа, хоолны газар, нийтийн бие засах газар гээд энгийн ямар ч асуудлыг шийдвэрлээгүй байна. Өвлийн улирал ирж байна. Худалдаачид тэнд очиж хөлдөж үхэлтэй биш. Тиймээс энэ цогцолбороо бүрэн барьж дуустал өөрөөр хэлбэл 2016 он хүртэл сунгахыг шаардаж байгаа" гэж мэдэгдэж байсан юм.
 
Д.СҮРЭН
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)