Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Г.Нямдорж: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чинь Номтбаяр Номтойбаяр гэсэн 2 гадаад паспорттой

“Мунзуй” хэмээх Г.Нямдоржтой ярилцлаа.
-Таны тухай мэдээг хэвлэл мэдээллээс авдаг боллоо. “Мунзуй” хэмээх Г.Нямдорж шоронд оров, гарав, хүн зодов гээд...?
-Яг л улс төрч нар шиг алхам тутмыг минь мэдээллэж байна уу. Ганцхан ялгаа нь бүгд бараан мэдээ байгаа биз. Миний багын найз Н.Номтойбаяр хоёр жил гаруй Г.Нямдорж гэдэг хүнийг муур, нохой, муу хүн, тоглоомчин, дээрэмчин болгохыг хичээлээ. Хэвлэл мэдээлэл ашиглаж хүнийг хэлмэгдүүлдэг технологи байдаг юм байна. Намайг муу хүн гэж бичиж, нийгмийн сэтгэлзүйг бэлтгээд, дараа нь хэрэгт тохох гэж оролдсон доо.
-Мөрийтэй тоглоод хоригдлоо, хэдхэн хоногийн өмнө шоронгоос суллагдсан гэж сонслоо. гэсэн, үнэн үү?
-Намайг мөрийтэй тоглоом харсан, бараг л “нүд хайрласан” хэргээр хоёр жил мөрдөн байцааж, дөрвөн сарын хорих ялаар шийтгэлээ. Яг үнэндээ бол би мөрийтэй тоглоогүй байхгүй юу. Миний таньдаг хэдэн залуус “DHL” ресторанд гурав хоног тоглож байна гэхээр нь давхиад очдог юм байгаа биз дээ. Элбэгээ ерөнхийлөгчийн хэлдгээр “Би ч гэж би, очиж байдаг”. Дөнгөж ороод сууж байтал цагдаагийн шуурхай бүлэг ороод ирсэн. Арав гаруй залуусаас намайг онцлоод машинд чинь нэгжлэг хийнэ гэхээр нь “Цагдаа нар минь гар хуруугаа сайн харуулаад гэрэл, гэгээтэй, гэрчтэй нэгжинэ шүү” гэж хэлсэн. Тэгээд гэрчтэй нэгжүүлэхэд миний машинаас хар тамхи битгий хэл хадаас ч гараагүй. Тэгээд хэл ам хийдэггүй, араас гүйх аав ээжгүйгээрээ би 461-р анги руу ачигдсан. Маргааш нь манай өмгөөлөгч “Юу болоод байгаа юм бэ. Бүх хэвлэлээр “Мунзуй” хэмээх Г.Нямдорж мөрийтэй тоглож байгаад баригдлаа. Машинаас нь хар тамхи, хутга гарлаа” гээд мэдээллэчихэж. Тийм зүйл гарсан юм уу” гээд ирдэг юм байна. Сонсоод байхнээ намайг баригдсан шөнөөс өмнө “Мунзуй” Нямдоржийн тухай мэдээ тараагдсан байдаг. Адилхан мэдээг өдөр тутмын сонинуудад хүртэл тавьчихсан. Тэгэхээр энэ бүхнийг урьчилан тооцоолоод намайг мөрдөн мөшгөж байсан гэдгийг мэдсэн дээ.
-Хамт тоглож байсан залуусаас ял шийтгэл авсан уу?
-Би муу хүн болохоор ганцаараа мөрдөн байцаагдаж, шийтгэл авсан. Тэр сайхан залуус миний хомрогод орж ял авчих вий гэж санаа зовж байлаа. Ашгүй тийм зүйл болоогүй.
-Тухайн үед нэр бүхий УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан. Бүр мөрийтэй тоглосон гэдгээ хүлээн зөвшөөрч зурагтаар ярьж байсан даа?
-Мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүн Д.Зоригт сайд болсон шүү дээ. Ер нь сонин шүү дээ, зургаа, долоон удаа мөрийтэй тоглоом тоглосон хэргээр баригдсан хүн байж л байдаг.   Харин мань мэт тоглоомын газраар шүргээд гарахад шоронд ордог нийгэм болжээ.  Миний найз явсан Н.Номтойбаярын хувийн цагдаа, прокурор, шүүх намайг хоёр жил шалгаж зовоолоо. Хууль хяналтын байгууллагыг аль хэдийнэ хувьчлаад, худалдаад авчихсан. Хэвлэлээр “Мунзуй” Нямдорж бусдын гар хөл хуга цохилоо, хүүхэн хүчиндлээ гэсэн мэдээлэл яваад байдаг. TV-5 телевиз дээр нь очоод тайлбар хийе гэхээр цагдаа, прокурорынхон “Чамайг хэвлэлд ярилцлага өгөх л юм бол хорино, хэрэг чинь хүндэрнэ” гээд байдаг. Хууль хяналтынхан чиний хэрэг хүндэрнэ гээд дайраад байхаар “нээрээ ч юм болов уу” гээд зогсчихдог юм билээ. Хуулийнхнаар миний амыг бариулж байгаад Н.Номтойбаяр эхнэр хүүхдийг минь хүртэл доромжилсон. Бусдыг доромжлоход хил хязгаар байх хэрэгтэй биз дээ. Хэвлэлийнхэнтэй уулзахаар “МАК”-аас тараасан мэдээ гэдэг. Монголын Улсын байгалийн баялаг Н.Номтойбаярын дур хүслийг хангах, бусдыг дэвсэхэд урсаж болохгүй л дээ.
-Та өөрийгөө УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “буянаар” хоёр жил мөрдөн байцаагдаж, дөрвөн сар шоронд суусан гэж бодож байна уу?
-Мөнгөтэй хүн бааранд дуу захиалдаг байсан бол одоо хууль хяналтынханд хүртэл нөлөөлдөг болсон цаг. Намайг мөрийтэй тоглосон эсэхийг тогтоох гэж хоёр жил зовсон хуулийнхан хөөрхийлөлтэй. Шорон бол хүсэх газар биш, гэхдээ “Мунзуй” Нямдоржийн дуу хоолойг хорьж  чадахгүй.  
-Нэгэн цагт зангидсан гар шиг явсан найзууд юунаас болж муудсан юм бэ?
-2013 оны есдүгээр сарын 25-ны  шөнө  “Le Triskell” бааранд Н.Номтойбаяр атаман болох гэж оролдсон юм. Олны өмнө намайг айлгах, дарамтлах гэж дайраад миний найз Д.Баттулгыг хоёр удаа хутгалсан. Толгой тархи дээр нь архины шил хагалсан. Намайг гэмт хэрэгт орохоос хамгаалж өөрөө хохирсон найздаа баярлаж явдаг. Энэ зодооны тухай Сүхбаатар дүүргийн 1-р чиглэлийн ахлах мөрдөн байцаагч  Х.Мандах хэвлэлд ярилцлага өгөөд цолоо бууруулж, ажлаас халагдах дээрээ тулсан. Ингэж л ул суурьтай ажилладаг чекистууд. “МАК” групп хэмээх “мафийн” залуу толгойлогч Н.Номтойбаярыг шалгах цагдаа, прокурор төртлөө удна.
-Н.Номтойбаярт хутгалуулсан Д.Баттулгын гомдлыг хэрэгсэхгүй болгосон гэдэг?
-Хутгалсан хэмжээ хүрээгүй гээд хэрэгсэхгүй болгосон шүү дээ. Миний бодож байгаагаар хутга бариад, алж хядна гээд дайрах чинь гэмт хэрэг биз дээ. Тэгээд тархи толгой дээр  архины шил хагалах гэмт хэрэг биш гэж үү. Д.Баттулга намайг тэвэрч байгаад хохирсон хүн. Харамсалтай нь хууль хяналтынхан энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон ч өргөдөл өгсөөр яваа. Яг ийм төстэй хэргээр 1800 залуу шоронд ял эдэлж байдаг юм билээ. Н.Номтойбаяр парламентын түүхэнд хүн хутгалсан анхны УИХ-ын гишүүн болсон. Ер нь зөндөө зүйлээр анхдагч болно.
-Юу юугаар тэр вэ? 
-Н.Номтойбаярыг би мэднэ шүү дээ. 1986 онд нэгдүгээр сургуульд орж хөөгдөөд 45 руу очсон юм. Тэгээд наймдугаар ангидаа Үзмээ гэдэг эгч хүүхнийг жирэмсэн болгоод хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй Н.Мөнгөншагай гэдэг хүүтэй болсон. Есдүгээр ангидаа ороогүй байхдаа АНУ руу явчихсан хүн. Энэ түүхээрээ дунд сургууль дүүргээгүй, насанд хүрээгүй байхдаа аав болсон УИХ-ын анхны гишүүн болж таарна. Хоёрдугаарт, АНУ-ын Чикаго хотын бааранд зодолдож, шоронд хоригдон ял авч байсан түүхтэй. АНУ-д орох эрхгүй хар тамга даруулсан анхны УИХ-ын гишүүн шүү дээ, мань хүн.
-Яагаад нэгдүгээр сургуулиас хөөгдсөн юм бэ?
-Өөрийнх нь яриад байгаа шиг сахилгагүй хүүхэд бол байгаагүй. Хичээлдээ дургуй, гадуур тэнэдэг, муу дүн авахдаа мастер л байсан байхгүй юу.
-Дунд сургуулиа төгсөөгүй гэдгийг нь хэн нотлох юм бэ?
-Би нэг сонин юм хэлье. Нэгдүгээр сургуулиас намайг хөөсөн багш гээд нэг өвгөнийг зодоод байсан нөхөр. Чи намайг юугаар нотлох юм бэ гэж асуулаа. Нэг, 45 дугаар сургууль  аль ч хамаагүй  аравдугаар ангийг Н.Номтойбаяртай дүүргэсэн гэх хүн байна уу. Зургийн цомог байна уу. Н.Номтойбаяр “Би 17 насандаа АНУ-д аяга угааж явсан” гээд ярьдаг юм. Тэнд дунд сургуульд сурах нь бүү хэл шоронд ороод хөөгдсөн хүн.
-Юугаар нотлох юм бэ?
-Н.Номтбаяр, Н.Номтойбаяр гэсэн хоёр гадаад паспорттой гээд бод. Би түрүүнд анхдагчийн тухай ярьсан яриагаа үргэлжлүүлье. УИХ-ын гишүүн анх удаа хоёр бамбарууштай баавгай буудсан. Тэр хэргээ бараг хүлээчихсэн дээ.
-Жаахан тодруулахгүй юу?
-Зурагтаар Н.Номтойбаяр “Би анчин хүн. Тэр баавгай алаагүй, хамт зургаа авахуулсан” гэдэг байхгүй юу. Би бол амьд гэрч. Тэр эм баавгайг алахад олон хүн байсан. Хоёр бамбарууш нь дагаад орилоод байхаар нь бас л буудаж алсан. Н.Номтойбаяр өлссөндөө, эд эрхтэнд нь шунасандаа бамбарууштай эм баавгай алсан гэж бодож байна уу. Үгүй шүү, зүгээр л зугаацах гэж шүү дээ. Ямар их зардал гарган хандгай, буга, баавгай, чоно, шувуу, гахай гэх мэт харсан ан амьтнаа алсан гэж санана. Амьтай болгоныг л ална, хядна гэж дайрдаг хүн дээ.
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт  хүүхэн хүчиндсэн талаар нь ярьсан даа, та?
-Түмэн гэрчтэй хэргийг бие хамгаалагч Б.Батзориг дэлгээд  Франц руу зугтаачихсан  шүү дээ. Сүүлдээ Н.Номтойбаяр чинь хэргээ хүлээгээд эхэлчихсэн байна лээ. “Би мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” гээд хэлчихсэн. Мань эрийн яриагаар бол хүчин биш мөнгө төлөөд үйлчилгээ авсан болж таарлаа. Хүчиндүүлсэн гэх ярианд орсон Н.Энхтуяа 2013 оны МАК группын шилдэг ажилтан болж машин нүүрсээр шагнуулсан гэнэ лээ.
-Н.Номтойбаярын үйлдсэн хэрэг гэх асуудлыг бие хамгаалагч Б.Батзориг хөндсөн. Тэгээд эхнэр, гурван хүүхдээ дагуулаад Франц руу зугтаасан гэдэг. Тэр залууг хэр сайн мэдэх вэ?
-Их сайн залуу. Н.Номтойбаярын өмнөөс их олон хүнд зодуулсан даа, зайлуул.Эзнийгээ хүүхэнтэй майханд балиартаж байхад бороонд нороод гадаа нь зогсож байсан залууг дэндүү их гутаан доромжилж тэсгэл алдуулсан. Түүнээс юу боллоо гэж  эзэн рүүгээ дайрах юм бэ. Хамгийн гол нь бие хамаалагч Б.Батзоригийн ярьсан болгон үнэн шүү. Худлаа бол нэр нь гарсан, гэмт хэрэгт холбогдсон олон дарга нар яриад эхэлнэ. Эрдэс баялгийн сайд асан Д.Зоригтод 600 сая төгрөг авлигад өгсөн үү гээд асуу. Яагаад Д.Зоригт “Би авлига аваагүй ээ” гээд хэлэхгүй байгаа юм бэ.
-Яагаад?
-“МАК” группын тамгын газрын дарга байсан Батбаатар Сингапур алт хулгайгаар гаргадаг сүлжээг мэдсэн. Энэ мэдлэгийнхээ үрээр таван өрөө байр, 9911... дугаар, Соната-6 машин авсан уу. Батбаатар чинь үхээгүй амьд байгаа. Зарчихаагүй бол байрандаа амьдарч, утасныхаа дугаарыг бариад л явж байгаа шүү дээ. Нийслэлийн газрын албаны авлигачид 150 мянган ам.доллар өгсөн. Тэр авлигачин зурагтаар гараад л байна лээ. Чи очоод “Та Н.Номтойбаяраас авлига авсан уу” гэвэл зүгээр л зугтаана. 2009 онд Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга Сумьяа нэг л өдөр 50 сая төгрөгтэй болоод байр, машин байр авсан. АТГ-ынхан 2010 оны хөрөнгө орлогынх нь мэдүүлгийг үзэхэд л гараад ирнэ биз дээ. МАК-аас 100 мянган ам.доллар хувааж авсан гэж хэлэгдсэн тэргүүн шүүгч О.Зандраа, шүүгч Д. Батсайхан, Ц.Сумъяа, Д.Бат-Эрдэнэ, Д.Пунцаг гээд бүгд амьд. Энэ хүмүүс мөнгө авсан бол бүгд “МАК” групп хэмээх мафийн сүлжээнд барьцаанд байгаа гэсэн үг.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зодоон цохионы талаар хэр мэдэх бэ?
-Авлига өгсөн талаар яриад байвал дуусахгүй, далай л гэсэн үг. 2010 онд Н.Номтойбаяр бусадтай бүлэглэн дуучин Т.Дэлгэрмөрөнг Богд ууланд модонд хүлж зодоод яргалсан. Эхлээд Н.Номтойбаяр халз зодолдоод ганжиндуулахгүй юу. Нэрт дуучин маань эр хүн учраас түүн шиг цагдаа, аав ээж гээд гүйхгүй юм даа. 2011 онд “BRIX” бааранд Хан-Уул дүүргийн иргэн Ганбаатар Н.Номтойбаярт зодуулж шүдээ түүлгээд, TВ-9 телевизээр ярилцлага өгсөн. Тэр нөхөр үнэн ярьсан уу, TВ-9 телевиз худал мэдээлэл цацсан гэдгийг хуулийнхан яагаад шалгаж болдоггүй юм бэ. 2011 онд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын хүүг “Fase” зодоод Н.Номтойбаяр толгой дээр нь шээсэн гэдэг. Уг нь саяхны хэрэг байна ш дээ, хэн хэн харж байсан юм бэ гээд шалгаж болно доо. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүүгийн үүдэн шүдийг цөм цохисон. Үүдэнд шүд нь хиймэл үү гээд үзчихэж болно. За яахав залуу хүүхэд зодуулсан гэдгээ нуугаад байвал ээжээс нь асууж болно. Ээж нь нэлээд хэл ам хийсэн дуулддаг юм шүү. Н.Номтойбаяр  Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал Батмөнхийг 2011 онд “Fase”-т , УИХ-ын гишүүн асан Г.Занданшатарын туслахыг 2012 онд “River sounds” бааранд зодсон. Энэ хүмүүсийн нэр төрийг Н.Номтойбаяр сэргээх талаар яагаад ямар нэг алхам хийхгүй байгаа юм бэ.
-Та яасан сайн мэддэг юм бэ?
-Ний нуугуй хэлэхэд Н.Номтойбаярыг хүнтэй мууцалдаж, зодож байхыг зөндөө харсан гэрч л дээ, би. УИХ-ын гишүүн Х.Баттулгын хүү Жавхлантай зодолдоход хараад зогсч байлаа. Яг үнэндээ бол Н.Номтойбаяр эр улс шиг зодолдож чадахгүй. Б.Жавхланд ганжиндуулаад ирэнгүүтээ хутга шөвөг бариад дайрч байгаа юм. Намайг байхгүй үед зөндөө хүнд томорч байгаад зодуулчихсан байдаг. Монголын эрчүүд болгон зодуулаад байна гэж юу байх бэ? Зодуулчихаараа цагдаад матаад ял өгүүлчихдэг байхгүй юу. “Цагаан шонхор”-ын хоёр сайхан залууд гомдолтой гэсээр байгаа таван жилийн ял өгүүлсэн дээ.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын намтарыг уншиж байхад дандаа дээд сургууль, ажил гээд явчихсан хүн байна лээ?
-Тагнуулын Ерөнхий газарт хоёр ороод гарсан хүн. Эхний хөөгдөлт нь “Центрпойнт”-ын зодооноос болсон юм шүү. “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайваны цүнхийг барьж явдаг, өнөөгийн улс төрчдийн хэлдгээр бөгс долоогч нь байсан жаал. Хоёр дахь удаад нь С.Баяр тагнуулд шургуулсан даа. Та нар С.Баярыг Оюутолгойн гэрээ батлаад олон сая ам.доллар авч, АНУ-д хаустай болсон гэж бодож байна уу. Би итгэхгүй байна.
-Юу гэсэн үг бэ?
-Зүгээр л итгэхгүй байна. Одоогийн Ерөнхийлөгч маань Чинхуа-МАК-ийн тогтвортой байдлын гэрээг баталж байлаа гэж. За за больё. Зодооныг улс төртэй андуурчихсан тууж явна.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай тэрсэлдсэн хүн өөдөлдөггүй юм биш үү?
-Магадгүй шүү. Саяхан Н.Номтойбаярын эхнэр Б.Мандухайтай сууж байсан Л.Цэгцбаатар хар тамхины хэргээр орчихсон байна лээ. Пунцагбалжир агсны хүү Энхмөнх “Номтойбаяр миний голоод хаячихсан хүүхэнтэй суусан” гэж твиттерт бичээд Г.Дэлгэрмааг хүчиндсэн болоод явчихсан. Хэрэг нь хэрэгсэхгүй болуут гадаад руу зугтаачихлаа. Бие хамгаалагч Б.Батзоригийн аав ор сураггүй болж хүний нутагт эхнэр, гурван хүүхдээ дагуулаад зүдэрч яваа. Бас хүргэн Дэнзэн гэдэг нөхрийг матсаар байгаад шоронд хийлгэчихлээ. Н.Номтойбаярыг бодох юм бол ард түмнээс юу ч хусаагүй хүүхэд юм билээ ш дээ.
-Та айхгүй байна уу?
-Би ямар Номтойбаяр шиг ард түмний өмч, байгалийн баялгаас хулгай хийж, татвараа нуудаг биш. Юунаас айх юм бэ.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Орон байрны хулгайч сая ам.доллар нэхээд өгөхгүй болохоор ингэж яриад байгаа”  гэж МҮОНТВ-гээр хэлсэн дээ?
-Багаасаа худалч байсан хүүхэд УИХ-ын гишүүн болоод төгс боловсордог юм байна. Би мөнгө төгрөг нэхсэн бол тагнуулынхаа гүйцэтгэх ажлын шугамаар бариад авна биз дээ.  Түүн шиг худлаа зүйл байхгүй. Би үнэн зүйл яриад байгаа болохоор аргаа барахдаа шантаажилсан гэж байгаа юм. Наадах чинь зурагтаар гарах болгондоо “Орон байрны хулгайч гэдэг юм. Би орон байрны хулгайч байсан юм бол Н.Номтойбаяр орд газрын хулгайч.  Уг нь бол бүх нийтээрээ орд газраас хувь авах учиртай юм билээ ш дээ. Гэтэл ганцаараа цуслаад л... Хүүхэн хүчиндчихээд “Би үйлчилгээ авсан” гээд яриад сууж байгаа цайчихсан гар. Их дарвалзаад байвал нэр бүхий хүмүүст өгсөн авлига, зодоон, хүчингийнх нь хэргийг дэлгэнэ. Тэгээд яаж доромжлохыг нь харъя.
-Та хоёр олон жил нөхөрлөсөн. Одоогийнх шигээ орон байрны хулгайч, муур, нохой гэж дуудаж байсан уу?
-Н.Номтойбаяр цус сорогч шиг харанхуйн  амьдралтай хүн. Харанхуй болохыг тэсэн ядан хүлээж “Миний найз хүрээд ир, хажууд суу” л гэдэг байхгүй юу. Ганцаараа суувал захын бацаанд зодуулчихна. “Метрополис” бааранд нэг бацаанд уушиг руу нь хутгалууд үхэнгээ алдсан. Тийм учраас орой үдэш, орц руугаа ганцаараа орохоос ч айдаг. Баахан найз нөхөд, дарга нарын эхнэр, хөрөнгө чинээтэй айлын охидтой унтсан гэж ярина. Бүр зарим нь манай авгайтай битгий унтаач гэж гуйдаг л гэнэ. Намайг өдөж байгаад зөндөө зөндөө юм яриулаад баахан гэр бүл салгав даа. УИХ-ын гишүүн болчихоод “Мунзуй” Нямдоржийг шоронд хийгээд өг” гээд Д.Дорлигжавыг сайд болоход захиалаад байсан биз дээ. Бусдыг их дээрэлхээд байвал мафийн толгойлогчийн гэр бүл, гарал угсааны талаар ярих улс нэмэгдэх юм билээ.  Н.Номтойбаяр өөрийгөө эх орны дайнд оролцсон баатрын удам гээд зурагтаар яриад байна лээ. Манай дөчин мянгатын ахмадууд Еэ еэ өвөө, Тойсоо, Дэнсмаа  эмээ нарынх нь тухай өөр түүх ярьдаг юм шүү. 
-Найзын тухай ойлголт тань?
-Н.Номтойбаяр Налайхын замд осолд орчихоод үхлүүт байхад би эмнэлэгт хэвтүүлээд шээс баасыг нь зөөж байсан. Бусдаас өмөөрч хүн амьтантай зөндөө л муудалцаж байлаа. Тэр ч бүү хэл УИХ-ын сонгуульд Н.Номтойбаярыг дэвшихэд тус нэмэр болох гээд  Сэлэнгэ аймагт хүртэл очиж байсан гээд бод.
-Сэлэнгэ биш Дорнод аймаг биз дээ?
-2011 оны улсын наадамд 1024 бөх барилдаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Г.Эрхэмбаяр түрүүлдэг юм байна. Н.Номтойбаяр бид хоёр Сэлэнгэ аймагт тойрог олчих санаатай хэдэн төгрөг, чихэр боов, морин хуур аваад яваад очлоо. Гэрийн хойморт Ариунаагийн нөхөр алдарт Г.Буяндорж суучихаад бид хоёрыг тоож дуугараагүй. Шинэ арслан ч тоож байгаа юм алга. Бид хоёр голын эрэг, машиндаа хоноод маргааш нь амьтан хүний чөлөөнд арай гэж микрофон олж зарлаад морин хуураа гардуулж байлаа. Сэлэнгэчүүд  тоосон бол Н.Номтойбаяр тэндээс УИХ-д нэр дэвших байлаа гэж. Заримдаа Н.Номтойбаяр чинь 40 мянгат, Сэлэнгэ, Хэнтий, Говь-Алтай аймгийн харъяат хүн болчихно. Ер нь ойлгомжгүй олон нутагтай, урт намтартай улс даа. 
-Та хоёрт эвлэрэх боломж байгаа юу?
-Би өөрийгөө тэмцэгч  гэж бодох боллоо. Монгол Улсын 34 орд газар нэг гэр бүлийн дур хүслийг хангаж болохгүй биз дээ. Үндсэн хуулиар ард түмний мэдэлд байна гээд заачихсан 34 орд газар нэг бацааны гэмт хэргийг хаацайлах хэрэгсэл болсоор байна. Эднийх АНУ, Хятад, Тайландад  хүртэл хаус худалдан авлаа. Арал хүртэл худалдаж аваад буцаагаад зарсан байх. Би бол Н.Номтойбаярын дэргэд дунд сургууль төгссөн ланзгар боловсролтой, хүүхэн хүчиндээгүй, хазаагүй ариухан амьтан байхгүй юу.
-Таны яриагаар Н.Номтойбаяр парламентын түүхэнд шинэ үзэгдэл, анхдагч гэдгээрээ үлдэнэ дээ?
-Дорнод аймагт нэр дэвшиж байхдаа машиныхаа цонхыг өөрөө хагалчихаад Ц.Шинэбаяр тэглээ гээд ярьдаг хүн дээ. Тун удахгүй МАН-аа бужигнуулаад дарга нарынхаа “но”-гоор дарамталж эхэлнэ. Н.Номтойбаярыг улс төр сонирхсон баячуулын хүүхдүүд сайн дураараа дагадаг гэж бодож байна уу. Зайлуул бүгд сул талаа мэдэгдээд төмсөгдүүлчихсөн байхгүй юу. Заримыг нь буу шийдмээр сүрдүүлсэн ч байж мэднэ. УИХ-ын гишүүн О.Содбилэгийг л гэхэд ээжтэйгээ УИХ-ын гишүүн болно, болохгүй гэж булаацалддаг тэнэг, мангуу  гээд буруу харуут л шоолно, муулна. Аварга Д.Сумъяабазараас 300 мянган ам.доллараар Богд ууланд газар худалдаж авсан. Та нар санаж байгаа бол Кувейтын хааны хажуудах ам. Аварга Д.Сумъяабазар газар зарснаа дүү Д.Дагвадорждоо битгий хэлээрэй гэж гуйсан. Гэтэл Н.Номтойбаяр “Ах хүү хоёр байж арчаагүй хулгайчууд” гээд толгойтой болгонд муулдаг байлаа. МАН-ын алдарт хуульч мэнгэтийг “Цадаж ханадаггүй п..да. Зөндөө л машин тэрэг өгсөн” гэж хараана. Сэлэнгээс сонгогдсон Ж.Эрдэнэбатыг модны хулгайч, Дорнодын Х.Болорчулууныг нэг муу тоглоомчин гэх жишээтэй. Гайхалтай нь УИХ-ын шударга гишүүд нэг адгийн шаартай зэрэгцэж суучихаад том том орд газар бэлэглээд л байх юм. Ядахдаа гэмт хэргээ шалгуулчихаад ир гээд чөлөө өгдөггүй юм болов уу. Муу муухайг даасан гэмт хэрэгтэндээ үг хэлэхгүй юм. МАН-д тэрбум төгрөгийн хандив өргөснөө их юманд санаад  өөрийг нь  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болгож хариу барих ёстой гээд  боддог байхгүй юу.  
Д.ЭРДЭНЭТУЯА  www.medee.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [202.70.40.162] 2015/06/16
хууль ингэж л иргэдээ ялгаж байгаа юм даа
Зочин [202.55.183.178] 2015/06/16
Nomtoibayar chini ugaasaa l hugiin gar shd