Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Мэргэжлийн бус “мөнгөний” Засгийн газар байгуулагдах уу?

МАН сонгуульд “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээн амлаж оролцсон. Ард түмэн ч МАН-д үнэмлэхүй олон суудал өгч, “Мэргэжлийн Засгийн газраа байгуулаад, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, ачааны хүндийг үүр” хэмээн даалгавар өгсөн.
 
Гэхдээ мэргэжлийн Засгийн газар байгуулах нь худлаа болж байгаа бололтой. Энэ өдрүүдэд МАН-ын дотоодод сайдын суудлын төлөөх "тулаан" ид өрнөж байгаа аж. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын зүгээс харьцангуй “эрүүл” Засгийн газрын сайд нарын нэрийг ярьж байгаа ч намын дарга М.Энхболд болон МАН-ын нөлөө бүхий эрхмүүд өөрсдийн хүмүүсээ шахаж байгаа гэнэ. Ингэснээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд танхимаа ч өөрийнхөөрөө бүрдүүлэх эрхгүй, “утсан хүүхэлдэй”-н сайд болох нь гэх болгоомжлол ч үүсээд эхэллээ.
 
Анх УИХ-ын даргаар М.Энхболдыг томилох үед л гишүүн Ө.Энхтүвшин, Л.Оюун-Эрдэнэ нар “Манай намын дарга өөрөө Ерөнхий сайд болох ёстой байсан” хэмээн шүүмжилсэн билээ. Ерөнхий сайд болон намын дарга хоёр өөр хүн байх нь нэг талаас эрүүл үзэгдэл мэт харагдах нь бий. Гэвч бодит байдалд Ерөнхий сайд намын даргынхаа өмнө эрх мэдэлгүйдэж, намын даргын захиас, даалгаврын дагуу ажиллах гэх зэрэг хүндрэл учирдаг. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ч бас ийм хүндрэл ажиглагдаж байсныг нуух хэрэггүй. Тэгвэл МАН-ын Засгийн газрыг удирдаж буй Ж.Эрдэнэбатын хувьд ч бас анхнаасаа ийн хүнд хэцүү сорилттой тулгарч байх шиг байна.
 
Ерөнхий сайд дөнгөж томилогдсоны дараа дуулдаж байсан сайд нарын нэрсийн тухайд харьцангуй “эрүүл” байсан гэхэд болно. Тухайлбал, Хууль зүйн сайдаар Ц.Нямдорж, Гадаад хэргийн сайдаар Д.Цогтбаатар, БОАЖНХ-ын сайдаар Д.Оюунхорол нарын нэр яригдаж байсан. Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн дөрвөн яамны сайд нар л давхар дээлтэй, бусад нь гаднаас томилогдох чиглэлтэй байсан юм. Харин энэ харьцаа өөрчлөгдөж, 50, 50 хувь болж байгаа аж.
 
Нийтдээ 16 сайд ажиллана. Үүнээс Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Гадаад хэргийн яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Хууль зүйн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яаманд УИХ-ын гишүүд “дээлээ давхарлаж” суух нь.
 
Тухайлбал, Гадаад хэргийн яаманд Ц.Мөнх-Оргил, Сангийн яаманд Б.Чойжилсүрэн, Батлан хамгаалах яаманд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж байна. Мөн Зам тээврийн яаманд Л.Энх-Амгалан, Уул уурхайн яаманд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний яаманд А.Тлейхан, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбат, Хууль зүйн яаманд Ц.Нямдорж, нарын УИХ-ын эрхэм гишүүд сайдаар томилогдох бололтой.
 
Мэргэжлийн Засгийн газар гэдэг сайдаасаа эхлээд дэд сайд, яам, агентлаг, газрын дарга нарын төвшинд зөвхөн мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах тухай ойлголт гэдгийг шинэ Ерөнхий сайд онцолж байсан. Гэвч өнөөгийн нөхцөлөөс харвал Гадаад хэргийн яаманд хуульч Ц.Мөнх-Оргил, Сангийн яаманд бизнесмэн Б.Чойжилсүрэн, Хэрэг эрхлэх газрын даргаар яруу найрагч Ж.Мөнхбат нар очих дүр зураг байгаа юм. Дээр нь дэд сайдууд ажиллана.
 
Нөгөөтэйгүүр МАН-ын залуу, шилдэг боловсон хүчнүүд болох Ч.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар, С.Бямбацогт нарын нэр сайдад яригдсангүй. Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь МАН-ын удирдлагууд сайд нарынхаа суудлыг 20 тэрбум төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл байна. 20 тэрбумын шалгуур дээр Эрүүл мэндийн сайдад яригдаж байсан Ж.Цолмон, Гадаад хэргийн сайдад яригдаж байсан Д.Цогтбаатар нар “унасан” сурагтай. Ер нь бол мэргэжлийн гэхээсээ илүү “мөнгөтэй” хүмүүсийн Засгийн газар бүрэлдэж буй бололтой.
 
Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Засгийн газрын бүтцийг өргөн мэдүүлсэн. Бүтцийг баталсны дараа энэ долоо хоногтоо багтаад сайд нарын нэрийг өргөн мэдүүлж, ирэх долоо хоног гэхэд МАН-ын Засгийн газар “элэг бүтэн” болох хүлээлт байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)