Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ц.Элбэгдорж: АСЕМ-ын уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа

АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалт эхэллээ.
 
Уулзалтад 51 улс, хоёр олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.
 
Төлөөлөгчдийг өөрийн биеэр угтаж авсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, уулзалтыг нээж үг хэллээ. Тэрбээр,
 
"Эрхэм хүндэт төр засгийн тэргүүн нар аа,
 
Хүндэт төлөөлөгчид өө,
 
Хатагтай ноёд оо,
 
Монголын сайхан оронд Та бүхнийг тавтай морилон саатахыг хүсье. АСЕМ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн, түнш байгууллагын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид – тус бүрийн зорьсон хэрэг сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөл өргөе. Та бүхнийг манай улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэнд Монголын ард түмэн, төр засаг нэн талархан хүлээн авч байна.
 
Монгол Улс бол Ази, Европ тивийн дунд нь оршдог өвөрмөц байршилтай орон. Бөмбөрцөгийн энэ их хоёр тивийг уулзуулж, холбож ирсэн түүхтэй, уламжлалтай улс. Европ Азийн энэ удаагийн дээд түвшний уулзалт нь “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийг хэлэлцэх гэж байна. Бас ийм хэлэлцүүлэг өрнөж буй нь олон зуунаас улбаатай юм.
 
Найман зууны өмнө Монголын эртний нийслэл Хархорумд Ази, Европ тивийн элчүүд уулздаг байсан. Тэд хоёр тивийн улсуудын хэлхээ холбоог нэмэгдүүлэх, шашин хоорондыг ойлголцлыг бий болгох, худалдааны чөлөөт, аюулгүй байдлыг хангах, шинэ мэдлэг ололтоо солилцох, шуудан холбооны өртөө сүлжээ байгуулах талаар ярилцдаг байжээ. Энэ тухай түүхийн эх сурвалжуудад тодорхой өгүүлсэн байдаг.
 
Эрхэм нөхөд өө,
 
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг эх орондоо хүлээн авах нь Монголчуудын хувьд нэр төрийн хэрэг юм. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд АСЕМ-ын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүү, эд материал, хүний нөөц, мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан улс орон, байгууллага, хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
 
Европ, Ази тивийн улс орнуудад мөн манай хоёр тивийн хувьд ижил төстэй, бас өөр өөрийн онцлог бүхий хэлэлцэж ярилцах, тодорхой шийдэл шаардсан, тулгамдсан олон асуудал байна. Энэхүү уулзалтын чухам зорилго нь дээрхид чиглэж байгаа юм. Мөн дээд түвшний энэхүү арга хэмжээний үеэр олон талын болон хоёр талын ажил хэрэгч уулзалтууд болно. Гишүүн орон, түнш байгууллагыг төлөөлсөн ажлын хэсэг, албаны хүмүүс дээрхийн бэлтгэлийг сайн хангаж ажиллаж ирснийг энд зориуд тэмдэглэе.
 
Ази Европын энэ удаагийн – 11 дэх уулзалтын үр дүнгээр “Улаанбаатарын Тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн баримт бичиг гаргахаар төлөвлөж байна. Эдгээрт АСЕМ-ын өнгөрсөн үйл ажиллагааг дүгнэж, ирээдүйн төлөвийг тодорхойлж, өнөөгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн байдал, шийдлүүд тусгалаа олох нь гарцаагүй. Мөн эндээс гарсан тодорхой шийдэл, хэлцлүүдийг дагалдаж хийх төлөвлөгөө болон дараагийн ажлуудын дүр зургууд тодорно гэж итгэж байна. Талууд ч энэхүү уулзалтад хүндэтгэлтэй хандаж, ажил хэрэгчээр оролцоно хэмээн найдаж байгаагаа Ази Европын дээд түвшний уулзалтыг даргалагчийн хувьд онцлон хэлье.
 
Эрхэм зочид оо,
 
Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой тохиож байгаа юм. Ази Европ тивийн дээд хэмжээний энэхүү 11 дэх удаагийн уулзалтын агуулга ч бидний хамтын байгууллага - АСЕМ-ын өнгөрсөн 20 жилээ дүгнэх, ирээдүйн 20 жилээ төсөөлөхөд чиглэж байна. Монгол Улсын хувьд ч энэ жил түүхт ойнууд тохиож байгаа. Монголын төр улс үүсэн байгуулагдсаны болон Их Монгол Улсыг тунхагласны тэгш ойг бид тэмдэглэж байна.
 
АСЕМ-ын уулзалт нь манай Үндэсний их баяр наадмын өдрүүдтэй давхцаж, бас үргэлжлэл нь болон өрнөж байгаагаараа билэгдэлтэй юм. Монголчуудын баяр наадамтай цуг энх амгалан ирдэг гэж эрт цагт ярилцдаг байсан. Манай үндэсний наадам бол Монголчуудын их түүх, амар амгалан хосгүй өв соёл, уламжлал заншил, бахархал цэнгэл, өнөөгийн хөгжил цэцэглэлийн өвөрмөц хослол байдгаараа онцлог юм. Та бүхэнд бид наадам бэлдсэн байгаа. Тэнгэр болгоож таалалд тань нийцнэ гэдэгт итгэлтэй байна.
 
Монголчууд бид АСЕМ-ын энэхүү дээд түвшний уулзалтыг Монгол газар шороон дээр бүтэн зуунд тохиох чухал үйл явдал гэж үзэж байгаа. Бас Та бүхнийг хүсэн хүлээж хичээнгүйлэн бэлдсэн. Монгол бол хүн нь зочломтгой, байгаль нь тансаг, үндэснийхээ түүх ололтоор бахархдаг, өрнүүн хүсэл тэмүүлэлтэй, нээлттэй, найрсаг улс. Эрхэм дээд зочид гийчид Та бүхнийг Монгол Улсад тавтай морилон саатахыг дахин урья.
 
Ийнхүү Ази Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод эхэлж байгааг баяртайгаар тунхаглан зарлая.
 
Ази Европын түмэн олон амгалан найрсаг байг ээ!
 
Анхааран сонссонд талархал илэрхийлье" гэв.
 
Уулзалтад оролцож буй хүндэт төлөөлөгчид үг хэлж байна.
 
Европын Холбооны Ерөнхийлөгч Дональд Туск “Юуны өмнө Ц.Элбэгдорж танд баярлалаа. Францад болсон эмгэнэлт халдлагад гүн эмнэнэл илэрхийлсэнд баярлалаа. Европ-Азийн улс орнууд Францтай хамт байна. 
 
Монголд бид Ази-Европын харилцаа холбоог улам сайжруулах болно гэж найдаж байна. 
 
Бид эдийн засаг, улс төр, хүмүүс хоорондын харилцаанд хамтран ажилладаг. Ази-Европ хамтдаа дэлхийн хүн ам, ДНБ-ний 60 гаруй хувийг бүрдүүлдэг билээ. Бидэнд ялгаатай зүйлс бий ч биднийг нэгтгэдэг зүйлс түүнээс олон юм" гэлээ.
 
Словак улсын Ерөнхий сайд Роберт Фицо  “Та бүхэнд маш их баярлалаа. Энэ мөчид бид Францын ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байна. Терроризмын эсрэг тэмцэл нь бидний хийх ажлуудын нэг тэргүүний зорилт болоод байна. Бид нэгдсэн зорилттойгоор эрх чөлөөг дээдэлж, ямар ч төрлийн гэмт хэргийг дэмжих ёсгүй.
 
АСЕМ нь олон салбарт олон зүйлс хийх чадавхтай хурал юм. Энэ удаагийн АСЕМ амжилттай болно гэж найдаж байна” гэв.
 
Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Маррей Маккали “Шинэ Зеланд улс бол зургаан жилийн өмнө АСЕМ-ын бүлэгт нэгдсэн. Учир нь энэ хурал энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжин ажилладаг. Шинэ Зеланд бол шинэ тутам улс хэдий ч Европын соёл хүчтэй байдаг. 
 
1970 оноос хойш Азийн өсөн нэмэгдэж буй хөгжил дэвшил маш гайхалтай байсан. Өнөөдөр Ази Шинэ бэрхшээлүүдтэй тулгарч байна” гэдгийг онцолсон юм.
 
Ингээд нээлт өндөрлөж, хуралдаан хаалттай горимд шилжлээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)