Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Япон улсад дадлагажигчаар ажиллах иргэдийн бүртгэл эхэллээ

Япон улсад дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ. Бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөрийн яамнаас мэдээлэл хийв.Тухайлбал тус улсад дадлагажигчаар ажиллах сонирхолтой иргэдийг өнөөдрөөс буюу зургадугаар сарын 23-наас эхлэн аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэж эхэлжээ. УИХ-ын даргын Японд хийсэн ажлын айлчлалын үеэр манай Хөдөлмөрийн яам болон Япон улсын Эрүүл мэнд хөдөлмөр, нийгмийн халамжийн яам хооронд “Хөдөлмөрийн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан билээ.
 
Засгийн газраас “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан юм. Энэ төв нь Монгол Улсын иргэдийг гадаадын өндөр хөгжилтэй орнуудад дадлагажигч ажилтнаар илгээх, олон улсын байгууллага, гадаадын томоохон нийгэмлэг ажил олгогчтой гэрээ хэлэлцээ байгуулах чиг үүрэгтэй. Тэгвэл Хөдөлмөрийн яамны зүгээс Японд дадлагажигч ажилтан илгээх бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэгтэй Ажлын хэсэг байгуулж, нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллаж бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дуусчээ.
 
Насны хувьд 18-39 насны мэргэжлийн тодорхой ур чадвартай байх, япон хэлний мэдлэгэтэй байх гэсэн шаардлага тавигдаж буй. Бүртгэл энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.
 
Бүртгүүлэх материалын хувьд:
 
  • Хоёр хувь цээж зураг
  • Иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт
  • Мэргэжлийн диплом
 
Мэргэжлийн үнэмлэхийг эх хувиар нь болон хуулбартай авч очин бүртгүүлэх боломжтой ажээ.
 
Хамгийн гол онцлог нь Засгийн газрын зүгээс залуусыг ажилд зуучилж өгч байгаагаас өөр ямар ч тусламж байхгүй юм байна. Бүртгүүлэн явах эрхтэй болсон иргэдийн хувьд онгоцны тийз болон бусад зүйлсийнхээ зардал мөнгийг өөрөө гаргах юм байна. Хар ажилтай мэргэжилгүй хүмүүсийг бүртгэх боломжгүй бөгөөд бүртгүүлэх хүсэлтэй иргэдийн хувьд тооны хязгаар байхгүй ажээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)