Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Унаж сэлгүүцэх зорилгоор машин хулгайлах нь их байна

Улаанбаатар хотын цагдаагийн газрын гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дэд дарга Ж.Эрдэнэболд автомашинтай холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Тэрээр “2016 оны эхний 5 сарын байдлаар Улаанбаатар хотод 8429 гэмт хэрэг бүртгэгдсэн нь улсын хэмжээний гэмт хэргийн 67,5 хувь юм. Үүнээс 36,1 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Автомашины эд анги, тоног төхөөрөмжийг хулгайлах гэмт хэрэг энэ хэрэгт багтана.
Улаанбаатар хотын хэмжээнд 2016 оны нэгдүгээр сараас хойш 119 тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсаныг шалгаж байгаа бөгөөд 106 тээврийн хэрэгслийг олж тогтоосон, 71 тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэгт холбоотой эзэн холбогдогчийг нь шалгаж байна.
Харин 13 тээврийн хэрэгсэл олдоогүй байгаа. Автомашин хулгайлсан этгээдүүд эд ангийг нь тонож зарж борлуулах, унаж сэлгүүцэх зорилгоор хулгайлсан байдаг. 55,5 хувь нь бусдын автомашиныг хулгайлаад унаж сэлгүүцэх зорилгоор, 21,9 хувь нь хулгайлсан автомашины эд ангийг зарж тонодог.
 
Түүнчлэн 17,1 хувийг нь ах дүү, гэр бүлийнхэн нь өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр аваад явчихсан, эсвэл эзэмшигч согтуугаар унаж яваад хаана тавьсанаа мэдэхгүйгээр цагдаад хулгайд алдагдсан гэж мэдэгддэг. Хулгайд алдагдсан тээврийн хэрэгслийг судлахад хуучны автомашины түлхүүр тааруулах замаар, дохиолол хамгаалал байхгүй, харуул хамгаалалтгүй, гэрэлтүүлэггүй газар удаан хугацаагаар машинаа хаяж явснаас хулгайлдаг.
Энэ гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нийслэлийн цагдаагийн газраас дүн шинжилгээ хийгээд нөхцөл байдал хүндэрч байна гэж үзээд ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн ажлын үр дүн сайн байгаа гэдгийг хэлье.
Манай хэв журам, замын цагдаагийн албад өөрсдийн чиг үүргээр идэвхитэй ажиллаж байгаа. Хулгайлагдсан автомашиныг тэр дор нь нийслэл даяар зарлаж, илрүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж байна.. Нэлээд хэдэн бүлэг этгээдүүдийг баривчлан шалгаж байна.
Одоогоор 41 үйлдлээр автомашин хулгайлсан хэргийг шалгаж байна. Бүлэг зохион байгуулалттайгаар БГД, БЗД-ийн нутаг дэвсгэрээс хоёр иргэн автомашин хулгайлж Дорноговь аймагт аваачиж зарсныг бид олж тогтоож, хэргийг нь шийдвэрлээд байна.
Мөн 18 удаагийн үйлдлээр автомашинд түлхүүр тааруулан хулгай хийсэн этгээдүүдийг олж илрүүлсэн. Сүүлийн сарын хугацаанд 19 автомашиныг хулгайлан зарж борлуулсан Ц нарын бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.
Гэмт хэргийн замаар алдагдсан толь, гэх мэт алдагдсан эд зүйлсийг худалдаж авдаг ченжийн бүлэглэлүүдийг ч шалгаж байгаа. Эдгээр этгээдүүдэд хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс иргэдэд машинаа харуул хамгаалалттай газар байрлуулах, дохиолол суурилуулах аргуудыг хэрэглэх хэрэгтэй байна гэдгийг анхааруулъя.
Автомашинаа асаалттай битгий орхиж байгаарай. Автомашин хулгайлсан этгээдүүдэд 145, 223, 1-3 сар, онц хохиролтой тохиолдолд 2-5 жил хорих ялаар шийтгэдэг” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)