Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар бэлэг тарааж хууль зөрчив

УИХ-ын сонгуулийн Баянгол дүүргийн 68 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Оргил худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн талаар иргэн Т.Мөнхбат болон түүний өмгөөлөгч Б.Нямдорж нар өчигдөр мэдээлэл хийлээ. Ж.Ганбаатарыг энэ сарын 8-нд “Оргил 6 буудал” худалдааны төвийн нээлтийг хийх нэрийн дор хямдралтай худалдаагаар бэлэг, сэлт тарааж, урлагийн тоглолт зохион байгуулсан нь хууль зөрчсөн явдал гэж үзэн иргэн Т.Мөнхбат СБД-ийн цагдаагийн  II хэлтэст гомдол гаргасан байна.
 
Тодруулбал, "Оргил 6 буудал" худалдааны төвийн нээлтэд ирсэн 1000 хүүхдэд бэлэг тарааж, худалдан авалт хийсэн хүн бүрт 2016 оны "Акбар" брэндийн түлхүүрийн оосор, аяганы суурь зэргийг үнэ төлбөргүй сонгогчдод өгсөн. Уг худалдааны төв нь нийслэлийн есөн дүүргийн иргэд Шадивлан, Жигжид, Шарга-морьт, Хандгайт, Санзай зэрэг зуслан руу зорчдог  хамгийн их ачаалалтай замд байрлалтай бөгөөд энэ байрлалыг сонгуулийн сурталчилгаа эхлэхийн босгон дээр зориудаар сонгосон гэв.
 
Иргэн Н.Жавзандулам, Т.Мөнхбат нар Баянгол, Чингэлтэй дүүргийн иргэд бөгөөд зуслан руугаа явах замдаа ийнхүү Оргил 6 буудал худалдааны төвийн нээлтэд оролцож үнэ төлбөргүй бэлэг сэлт авсан, хөнгөлөлттэй худалдаанд хамрагдсанаа гэрчилж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гомдол гаргажээ.  Энэ мөрөөр нэр дэвшигч Ж.Ганбаатарыг шалган хууль зөрчсөн болохыг тогтоон Захиргааны арга хэмжээ авахуулахаар Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлээд байгаа аж.
 
Гомдол гаргасан иргэдийн өмгөөлөгч, хуульч Д.Нямдоржийн хэлж буйгаар Сонгуулийн тухай хуулинд зааснаар хууль зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг түтгэлзүүлж, сонгуульд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авдаг аж. Сонгуулийн тухай хуулийн 3.1.10, 70.1.1, 70.1.3 дахь заалтыг зөрсөн гэж үзэн захиргааны арга хэмжээ авхуулахаар энэ сарын 18-нд холбогдох материалыг шүүхэд шилжүүлсэн байна. СБД-ийн цагдаагийн II хэлтсийн дарга хурандаа Б.Нацагдорж, ахлах мөрдөн байцаагч хошууч Д.Ганзориг нарын гарын үсэг бүхий албан бичгийг шүүх хүлээн авчээ.
 
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн жил эхэлснээс санал хурааж дуусах хүртэл сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, үйлчилгээ үнэгүй үзүүлэх, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулахыг хориглодог. Хэрэв энэ хуулийг зөрчвөл нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуульд нэр дэвшихээс нь түдгэлзүүлдэг байна. МАН-аас нэр дэвшиж буй “Оргил”-ын гэх нэрээрээ танигдсан Ж.Ганбаатарыг хууль зөрчсөн эсэхийг Цагдаагийн байгууллага тогтоосон учир шүүх удахгүй шийдвэр гаргах юм байна. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)