Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигч болон намуудын сонгуулийн хугацааг 19 хоног болгож, хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа явуулах цагийг тодорхой хугацаагаар хязгаарласан билээ. Үүнийг Монголын телевизүүдийн холбооноос хүний сонгох, сонгогдох, хэвлэн нийтлэх эрхийг зөрчиж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлж, Үндсэн хуулийн цэц, УИХ, Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, ил захидал илгээжээ.
Эл захидалд “Сонгуулийн тухай хуулинд тухайн нэр дэвшигч болон намууд сурталчилгааны нэг цаг зарцуулсан хангалтгүй. Энэ нь сонгуулийн холимог буюу 48 гишүүнийг томсгосон тойргоос, бусад 28 гишүүнийг намын жагсаалтаар сонгох хувилбартай зохицно гэж үзэж байсан.
Гэвч сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын сонгуулийг цэвэр мажоритар буюу нэг мандат бүхий жижиг 76 тойргоор зохиохоор болсон юм. Иймд одоогийн сонгуулийн сурталчилгааны цагийг гэрээ байгуулж, захиалсан үед л тухайн нам эвслээс нэр дэвшигчид захиалга өгч нэвтрүүлэг, сурталчилгаа явуулах, сонгогчдод өөрийгөө таниулах боломж бүрдэж байна.
Сурталчилгааг хязгаарласан энэ заалт нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрх, хэвлэн нийтлэх эрхийг ноцтойгоор зөрчиж, улмаар ардчилсан тогтолцооны мөн чанар болох мэргэн сонголт хийх боломжийг бууруулж, төрийн засаглалын, парламентад итгэх иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхэд хүргэх юм. Улмаар иргэд сонгогчдын дунд төөрөгдөл, үл ойлголцол үүсгэж, өмнө нь гарч байсан нөхцөл байдал үүсчихэж болзошгүй.
Иймд эрхэм төрийг түшигч, засагч та бүхэн мэргэн ухаанаар тунгаан бодож, эдгээр заалтыг нэн даруй өөрчлөхыг уриалан, энэхүү захидлыг илгээж байна” гэжээ.