Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн байсан зургаан нэр дэвшигчийг гэнэт хасчээ

МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, тус намын УЗ-ын гишүүд болон Дархан-Уул, Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга нар мэдээлэл хийлээ.
 
МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээ бүртгүүлээд явж байгаа. Бүртгүүлэх явцад зарим аймгийн сонгуулийн хороод нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзах тохиолдлууд байсан.
 
Энэ байдал Говь-Алтай, Увс, Ховд, Өмнөговь аймгуудад гарч байсан. Тухай бүрт нь манай  намын хороо түргэн шуурхай ажиллаж, хууль хяналтын байгууллагад  хандан  тодорхой шийдвэрүүдийг гаргуулж байсан ч зарим аймгийн дутагдал арилсангүй. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт гурав, Увс аймагт гурав, Өмнөговь аймагт хоёр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байгаа. 
 
Гэтэл Дархан-Уул аймагт МАН-аас нэр дэвшихээр бүртгүүлсэн зургаан нэр дэвшигчийг бүртгэсэн хэрнээ өчигдөр гэнэт тус аймгийн сонгуулийн хорооноос тогтоол гаргаж нэр дэвшигчээс хасчихлаа. 
 
Ингээд манай намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа нийт 15 нэр дэвшигчийг хууль бусаар бүртгэхээс татгалзаж, хасаад байна" гэлээ.
 
Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймгийн МАН-ын хорооноос Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл, аймгийн Ерөнхий прокурор, аймгийн Цагдаагийн хэстэст гомдол гарган шалгуулж байгаа ажээ. 
 
Мөн Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо зургаан нэр дэвшигчийг хууль зүйн үндэслэлгүйгээр нэр дэвшигчийн жагсаалтаас хассан хэмээн үзэж СЕХ болон шүүхэд хандаад байгаа юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)