Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

8%-ийн зээлээс 5%-ийн ЗЭЭЛ РҮҮ шилжихэд гэрээгээ шинэчлэн хийх шаардлагатай

Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн Засгийн газраас таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ дагуу 21 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан барилгуудыг таван хувийн хүүтэй зээлд хамруулахаар болж, зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа юм. Өнөөдрийн байдлаар Төрийн банк, Голомт банк зэрэг банкууд таван хувийн зээл олгож эхлээд байгаа ба орон нутагт найман хувийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн гэрээг шинэчлэн таван хувьд шилжүүлж эхэлжээ. Тухайлбал, Сүхбаатар аймаг дахь Төрийн банкны салбараар, зээлийн журам батлагдсанаас хойш хоёр сарын хугацаанд нийт 22 хүнд 975 сая 377 мянган төгрөгийн ипотекийн зээлийн таван хувийн хүүтэй зээл олгосон байна. Эдгээр зээлдэгчдийн зургаа нь буюу 235 сая 467 мянган төгрөгийн зээл нь хуучны найман хувиас таван хувьд шилжсэн зээлдэгч ажээ.

Энэ талаар Сүхбаатар аймаг дахь Төрийн банкны салбарын харилцааны менежер Б.Энэбиш “Иргэдийн дунд найман хувийн зээл авсан иргэд шууд таван хувь руу шилжиж орно гэсэн ойлголт байна. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл бөгөөд өмнөх зээлээ таван хувь руу шилжүүлэхийн тулд тухайн банкиндаа дахин өргөдөл гаргана. Мөн албаны бусад холбогдох баримт бичиг бүрдүүлснээр дахин судалгаанд хамрагдах юм. Ингэж байж өмнө нь хийсэн найман хувийн зээлийн гэрээгээ шинэчлэн таван хувийн хүүтэй зээлд хамрагдана гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Мөн Төрийн банкны хувьд аймгийн хөгжлийн төлөвлөгөөд орсон амины орон сууц болон нийтийн орон сууцыг таван хувийн зээлд хамруулж байгаа юм байна. Ингэхдээ зээлээ 30 хувийн урьдчилгаатайгаар, 30 жилийн хугацаатай олгож байгаа гэв. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын Монголбанкны мэдээгээр Сүхбаатар аймгийн хэмжээнд уг ипотекийн зээлд 30 хүн хамрагдаж, нэг тэр бум 963 сая төгрөгийн зээлийг арилжааны банкууд шинээр олгосон гэжээ.

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 6900 АЙЛ ИПОТЕКИЙН 5 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ-

Харин нийслэл хотын хувьд банкууд нийт 2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авсан байна. Үүнээс 779 иргэнд 36.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг жилийн таван хувийн хүүтэйгээр олгожээ. Мөн 1363 иргэнд 87.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр олгосон байна. Ийнхүү орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо их байгаагаас үүдэн ипотекийн зээлийн дараагийн үе шатыг эхлүүлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хот дахь нийт 85 байршил дахь ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөхөөр болжээ. Дээрх 85 барилгад нийт 2225 сууц өмчлөгч байгаа ба дахин төлөвлөлтөд хамруулснаар 6900 айл, өрх шинэ байранд ипотекийн таван хувийн зээлээр орох боломжтой болох юм. Одоогоор шаардлагатай судалгаанууд хийгдэж байгаа ба Засгийн газрын журамд өөрчлөлт оруулснаар дээрх хөтөлбөрийг эхлүүлэх боломжтой хэмээн УИХ-ын даргын Ипотек, барилгын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа мэдээллэжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)