Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран ажилласнаар эерэг өөрчлөлтүүд гарсан гэж дүгнэв

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Зэвсэгт Хүчний Жанжин штаб хамтран ажиллах Санамж бичгийг 3 дахь удаагаа байгууллаа. Уг Санамж бичгийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Зэвсэгт Хүчний Жанжин штабын 1-р орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нар үзэглэв. Хамтын ажиллагааны хүрээнд хийсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэх уулзалт, Санамж бичиг байгуулах арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, гишүүн Н.Ганбаяр, ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Зэвсэгт Хүчний Жанжин штабын АУГ-ын орлогч дарга, АУТХ-ийн дарга, хурандаа С.Дашзэвэг, ЗХЖШ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Номт нар оролцлоо.Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтран ажилласнаар эерэг өөрчлөлтүүд гарсан гэж дүгнэв.
 
 
Талууд өмнөх Санамж бичгүүдийн хүрээнд 6 жил гаруй хамтран ажиллаад байгаа бөгөөд энэ хугацаанд хүний эрхийн хяналт шалгалт 25 орчим удаа хамтран хийж, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүрт арилган, засч ажиллаж ирсэн, шалгалтын үр дүнд ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгасан, хугацаа нь дууссан эм, эмнэлгийн хэрэгслийг устгалд оруулсан, "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан Орон тооны бус зөвлөл”-ийг байгуулсан, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгөх, дагаж мөрдөх ажиллагааг хэвшүүлсэн байна.
 
Тэгвэл хүний эрхийн цуврал сургалтуудын үр дүнд цэргийн алба хаагчид болон ажилтнуудын хууль эрх зүйн болон хүний эрхийн мэдлэг, ойлголт харьцангуй сайжирч, цэргийн алба хаагчдын харилцаа, бие бүрэлдэхүүний ажиллаж, алба хаах нөхцөл дээшилсэн зэрэг олон эерөг нөлөөг авчирсан гэв.
 
 
"Хүний эрхийн Үндэсний Комисстой Санамж бичиг байгуулснаар Зэвсэгт Хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, дэг журам, сахилга хариуцлагыг бэхжүүлэх салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааг тогтмолжиж, цэргийн алба сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиулах ажил, арга хэмжээ дээшилж байна” гэж тус штабынхан дүгнэж байлаа.
 
Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс анхаарал хандуулсан гол зүйлийн нэг нь дүрмийн бус харилцааг устгах явдал байсан, Зэвсэгт хүчний байгууллагад тусгай дүрмийг дагаж мөрдөж байгаа нь манай улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын баримт бичгүүдийг зөрчдөг тул зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж буйгаа уулзалтын үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын удирдлагууд онцоллоо.
 
 
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Зэвсэгт Хүчний Жанжин штаб хамтран ажиллах Санамж бичгийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)