Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Монголын жүдочид Японы их дуулгад хоёрдугаар байр эзэллээ

Олимп, ДАШТ-ий дараа нэр хүнд, чансааны чанараар гуравт эрэмблэгддэг “Токиогийн Их дуулга-2017” тэмцээн Японы нийслэл хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Монгол Улсын баг тамирчид хоёрдугаар байр эзэллээ.
 
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг “Tokyo Grand Slam 2017”-д 61 орны 417 жүдоч /эрэгтэй 243, эмэгтэй 174/ өрсөлдсөн. Япон зохион байгуулагч орны хувьд жин тус бүрт дөрвөөс дээш жүдоч оруулсан нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болголоо.
 
Манай улсаас 16 жүдоч өрсөлдөж нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн бол Японы баг 12 алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, илт тасархай тэргүүлэв. Харин БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медальтай гуравт бичигдэв. Нидерланд, Чех, Канад мөнгөн медалийн чансаагаар IV-VI байрт шалгарч, Франц, Бразил, Гүрж зэрэг улс тус бүр хүрэл медаль хүртэв. Тэмцээнд оролцсон 61 орны жүдочдоос 13 орон ямар нэгэн медаль хүртжээ.
 
 
Энэ жил эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар түрүүлж, монгол эрчүүдээс анх удаа Токиогийн Их дуулгын аварга болов. Манай жүдочдоос Их дуулгын анхны алтыг хүртэж байсан дэлхийн аварга М.Уранцэцэг энэ удаа мөнгөн медаль хүртсэн амжилтаар, тус тэмцээнээс гурав дахь медалиа зүүлээ. 
 
Ийнхүү бага дэлхийн аварга гэж хэмээгддэг Токиогийн Их дуулгад манай улсаас О.Ууганбаатар аваргын алтан медалийг хүртсэн бол Б.Амартүвшин, М.Уранцэцэг мөнгө, Н.Давгасүрэн хүрэл медалийн эзэд болов.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)