Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ж.Оджаргал: Яавал Монголчууд маань Монголдоо сайхан амьдрах вэ гэдэг бодлоор л ажилладаг

М-Си-Эс группын Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Б.Оюунчимэгтэй ярилцжээ.
 
ТАВАНТОЛГОЙГ ЦААШИД ЯАЖ ШИЙДЭХ НЬ ТӨР ЗАСГИЙН МЭДЭХ АСУУДАЛ.
 
Та жилдээ ганц удаа ярилцлага өгөхтэй үгүйтэй юм. Танай компанитай холбоотой сайн, муу олон мэдээ гардаг. Тэр бүрт тайлбар өгөөд байх шаардлагагүй, цаг хугацааны дараа үнэн мөн нь харагдана гэж боддог хүн үү?
 
Их ажлын хажуугаар хэвлэл рүү гараад, шүүмжлэл, гүтгэлэг болгонд тайлбар хийгээд, маргалдаад явах завгүй, тийм хэрэг ч байхгүй гэж боддог. Үнэн мөнийг цаг хугацаа харуулна. 2010 оноос хойш эдийн засаг асар хурдацтай хөгжсөн. Энэ хугацаанд уул уурхай, төмөр замыг тойрсон хэрүүл маргаан ч боллоо. Гэхдээ улсын хөгжлийн процесст ийм юм болдог л  байх. Монгол Улс ардчилсан замд ороод хориодхон жил болсон. Монголын 3 сая хүн Сингапур, Швейцарь шиг хөгжсөн түвшинд амьдрахын тулд, тэнд хүрэхийн тулд хугацаа хэрэгтэй. Бид хөгжлийн шатыг тойрохгүй, дайраад өнгөрнө. Тэр нь л юм болов  уу гэж өөрсдийгөө тайвшруулдаг даа.
 
“Энержи Ресурс компани Тавантолгой төсөлд орж, өрөө дарах гэж байна. Энийг нь УИХ сэргийлж чадлаа” гэсэн мэдэгдэл хийгдсэн. Таны тайлбарыг сонсмоор байна?
 
Энд буруу, ташаа ойлголт яваад байна. Сүүлийн үед Энержи Ресурс компанийн нэрийг Тавантолгойн асуудалд ихээхэн хольж байна. Тавантолгойн тендер яригдаж байсан жил хагасын өмнөхтэй өнөөдрийг харьцуулвал нүүрсний үнэ 20-30 хувь унажээ.  Дэлхий даяар нүүрсний салбарын хөрөнгө оруулагчид яаж нүүрснээс холдох уу, яаж гарах вэ гэсэн дүр зурагтай болж байна. Энержи Ресурс компани бол 2010 оноос хөрөнгөө босгоод, ямар ч дэд бүтэцгүй говьд аж үйлдвэрийн цогцолбор барьсан. Ер нь Эрдэнэтийн үйлдвэрээс хойш барьж байгуулсан том төсөл гэж бодож байгаа. Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станцаас гадна орон сууцны хороолол, сургууль цэцэрлэг гээд бүхэл бүтэн бүтээн байгуулалт өрнөснийг бүгд мэдэж байгаа байх. Бид яагаад энэ бүхнийг хийсэн гэхээр олон залуусыг ажилтай болгож, нүүрсний экспортоор улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулъя, долларын орлого оруулж эдийн засгаа тэлье л гэж бодсон. Улсад эрсдэл учруулахгүйгээр өөрсдөө хөрөнгөө босгоод хийсэн. Үүний дараа, 2014 оны зун Засгийн газар Тавантолгой ордыг хөгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тендер зарласан. Ингэхдээ 51 хувь нь үндэсний компани байх ёстой гэж урьсан. Бид өөрсдөө ч оръё гэсэн юм биш. Японы Сумитомо, Хятадын Шэньхуа компаниуд өөрсдөө биднийг хамтрагчаараа сонгосон юм шүү дээ. Ингээд төрөөс зарласан тендерийн дагуу л саналаа өгсөн. Яаж шийдсэн талаар өчнөөн маргаан явсан учир би нуршаад яахав. Цаашид гэрээ байгуулах эсэх нь төр засгийн шийдэх асуудал. Өнөөдөр ММС, Энержи Ресурс компани Тавантолгойн ордыг авчих гэж байсан мэтээр ярих нь буруу. Энгийнээр зүйрлэвэл, төрийн өмчит орон сууцыг нэг хүн түрээсэллээ. Тэр хүн дампуурчихвал хөөгөөд л гаргачихна биз дээ? Дампуурсан хүн нь төрийн орон сууцыг минийх гээд аваад явчихгүй биз дээ? Яг л түүнтэй адил юм шүү дээ. Төрийн эзэмшилтэй ордын нэг хэсэгт дотоодын компани оролцсон консорциумыг түрээсийн гэрээгээр ажиллуулах л гэрээ байсан. Компани нь дампуурчихвал Тавантолгой ордоо алдчихна гэж ярих нь маш буруу ойлголтыг төрүүлж байна. Орд нь 100 хувь төрдөө хэвээрээ үлдэх заалттай тийм л тендер байсан шүү дээ.
 
Биднээс хамаарахгүй, дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналтыг ярихаа больё. Биднээс хамаарсан зүйл дотор та юуг багтааж байна? Үл ойлголцлын мэдээлэл цацагдаад байгаа нь хүмүүс хоорондын асуудал болж харагдаад байна?
 
Энэ тал дээр Монголчууд хоорондоо үзэл бодол зөрчилдөөд, санал нэгдэж чадахгүй байгаа явдал бий. Үүнээс монголчууд бид өөрсдөө л хохирч байгаа. Жишээ нь төмөр замын асуудал байна. 2008 онд МАК, Болд Төмөр Ерөө гол, Энержи Ресурс гэсэн 3 компани төмөр зам барих лиценз авсан. Төмөр зам барихад санхүүжилт гэж том асуудал бий. Тэр үед бид улсаас нэг ч төгрөг гаргуулахгүйгээр, гадаадын зах зээлээс хоёр ч удаа хөрөнгө босгочихоод байсан. Азийн хөгжлийн банк хоёр ч жил санхүүжүүлье гэж бидэнтэй ажилласан. Санхүүжилтээ босгоод, ажлаа эхэлчихсэн явж байтал маргаан эхэлсэн. “Оросоор дамжуулах ёстой, Дорнодоор зөөх ёстой, төр өөрсдөө хийнэ” л гэсэн. Бид төрийн шийдвэрийг дагаад, гаргасан бүх зардал сэлтээ тайлагнаад, ажлаа төрд хүлээлгээд өгсөн. Ингээгүй бол Гашуун сухайтын төмөр зам өдийд баригдчихсан байх байлаа. Өнөөдөр Сэлэнгэд хувийнхан өөрсдөө мөнгөө босгоод, төмөр зам ашиглалтад оруулж байна шүү дээ.  Яг л үүн шиг бид төмөр замыг ашиглалтад оруулчих байсан. Хэрвээ төмөр замтай байсан бол өнөөдрийн нүүрсний экспорт огт өөр байх байсан. Гарцаагүй монголчууд биднээс өөрсдөөс маань хамаарч алдагдсан боломж. 
 
Төмөр замаа төрд өгөхдөө худал тайлан тооцоо өгөөд, их хэмжээний мөнгө шамшигдуулсан гээд ярьж байна. Үүн дээр танаас л хариулт авах ёстой байх?
 
Энержи Ресурсын хуулийн газрын захирал хэвлэлд тайлбар өгсөн байгаа. Нэгдүгээрт, төрөөс шалгахдаа холбогдох бүх яамдаас төлөөлөл оролцож, гарын үсэг зураад хүлээгээд авчихсан ажил. Хэдий хэмжээний мөнгийг юунд зарсныг ажлын хэсгийнхэн бүгд мэдэж байгаа. Нөгөө талаасаа хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, олон мянган хувьцаа эзэмшигчидтэй, нээлттэй компанийн бүх мэдээлэл “шилэн” байдаг. Хаана, юунд, хэдэн доллар зарав гэдгийг тайлагнадаг, олон улсын аудитын компани шалгадаг журамтай. Тэнд хуурамч баримт хийе гэсэн ч чадахгүй, боломжгүй.
 
“Шилэн” санхүүтэй гэснээс та Энержи Ресурс компанийн өрийн хэмжээг хэлж болох уу? 
 
Ерөнхий нөхцөл байдал мэдээж амаргүй байгаа. ММС 2012 онд 600 сая ам.долларын бонд босгоод, өмнийн говьд хөрөнгө оруулалт болгож шингээсэн. Үүний цаана үндэсний олон компани ажилтай болсон, ашгаа хүртсэн. Компани энэ бондоо төлөх л ёстой. Хөрөнгө оруулагчид бол “Бид ойлгож байна. Нүүрсний зах зээл хэцүү байгаа. Танайх менежмент сайтай, хариуцлагатай, худлаа хэлдэггүй компани. Бид зээлээ сунгая” гээд, хэлэлцээ хийгээд эхэлчихсэн. Хөрөнгө оруулагчид бидэнд итгэж байна. Ямар нөхцлөөр яаж сунгах вэ гэдэг асуудал л явж байгаа. Зөвхөн манайх ч биш, дэлхийн хамгийн том нүүрсний компаниудын нэг Пибоди манайхаас ч хэцүү байдалд байгаа. Австрали, Индонез, Хятадын нүүрс, төмрийн хүдрийн компаниуд зээлийн бүтцээ өөрчлөх хэлэлцээрүүд хийгээд эхэлсэн. ММС-ийн зээлийн мэдээлэл нээлттэй. Дефолт гэж зарласныг л буруу ойлгоод байгаа юм билээ. Малчин хүн Хаан банкнаас зээл аваад сарын эхний 5-ны өдөр зээлийн хүүгээ төлөх ёстой байсан гэж бодьё. Тэр өдрөө хүүгээ төлж чадаагүй байж. Бүдүүн тоймолбол энийг л дефолт гэж байгаа юм.
 
Одоо манай улс ерөнхийдөө хөрөнгө оруулагчдыг хүлээх дээрээ тулчихав уу?
 
Хөрөнгө оруулагчид хоёр зүйлийг голчилж хардаг. Эхнийх нь, зах зээл ямар байх вэ? Энэ бол дэлхийн эдийн засгаас хамаардаг зүйл учраас биднээс шууд хамаарал харьцангуй бага. Нөгөөх нь, Монгол Улс хэлсэн ярьсандаа байна уу, үгүй юу, төр засгаас гарч байгаа шийдвэр нь тогтвортой байх уу, үгүй юу гэж харна. Гадныхны ганц эмээдэг зүйл бол хууль, шийдвэрийн тогтворгүй байдал. Бодлого буруу, зөв байж болно. Гол нь тогтвортой байх л чухал. Татварын хэмжээ их, бага гэхээсээ нааш, цаашаа дахин дахин савлаад байдаггүй байх. Төмөр зам барих, барихгүй гэх мэт шийдвэрээ анхнаасаа тодорхой байлгах гэх мэт. Тогтворгүй, өөрчлөгдөөд байдаг ийм байдал л гадныхны итгэлийг хамгийн их алдуулж байгаа юм.   
 
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар Сумитомогийн төлөөлөгчид ирчихсэн байтал яг гарын үсэг зурахын өглөө л болиулчихсан гэж ярьдаг. Үнэн үү?
 
Тийм, бид Засгийн газартай хэлэлцээ хийчихээд байсан. М.Энхсайхан сайдын ахалсан ажлын хэсэг, Сангийн яам, Уул уурхайн яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Эрдэнэс Тавантолгой ХК, холбогдох яам агентлагуудтай бараг 2-3 сар хэлэлцээ хийсэн байх шүү. Хэлэлцээ дуусаад, гарын үсэг зурахад бэлэн болчихсон байсан л даа.
 
Нүүр улайх уу? Нүд рүү нь хараад “Бизнесийн орчин хатуу юм даа” гэж хэлэх үү?
 
Монголын улс төрийн эрсдэл гэхүү дээ. Төвөгтэй л асуудал.
 
Хориод жилийн өмнө тантай л адилхан бизнес хийж эхэлсэн хүмүүс улс төрд ороод, сайд, гишүүд болоод байна. Та тэднийг хараад өнөөдөр ямар дүгнэлттэй суудаг вэ?
 
Би аль болох өөдрөг, эергээр хардаг. 1990 оноос өмнөх үетэй харьцуулбал бид үнэхээр их амжилт гаргасан. Хувь хүн бизнес хийхэд эрх чөлөөтэй, чөлөөт зах зээлийн үр шимийг амсдаг болсон нь том ололт. Сайн юмаа бид хэлж байх ёстой. Монголчууд дуртай орон руугаа явж, хүссэн хүнсээ хэрэглэж, дуртай машинаа унадаг болсон. Энэ бол улс төрчдийн хориод жилийн ажлын үр дүн. Төгс улстөрч гэж мэдээж байхгүй. Алдаа гаргана, бизнесийн талаар мэдэхгүй юм байж ч болно. Таны асуултад би юу гэж хариулах вэ гэхээр, бизнесмэн бид нар улс төрчдөд санаа бодлоо байнга хэлж, мэдээлэл солилцож, ярьж байх нь зөв юм байна лээ.
 
Гэхдээ танай компанийг улстөрийн нөлөө ихтэй гэж ярьж, бичдэг. Үнэхээр танай компанид улстөрчдийн нөлөө байдаг юм уу?
 
Би наадахыг чинь эергээр хүлээж авдаг. Юу ч хийхгүй суугаад байвал хэн ч, юу ч ярихгүй юм шиг байгаа юм. Бидний хийж байгаа ажил хүнд анзаарагдсан учраас л сайн, муу хэлүүлдэг юм байна. Улстөрчидтэй холбож, харлуулах гэж их гүтгэдэг. Манай компанийн дүрмэнд бий. Нэгдүгээрт, бүх юм хууль, номын хүрээнд байх ёстой. Хоёрдугаарт, бид монгол хүнд, Монгол Улсад хэрэгтэй, зөв юм хийх ёстой. Зөв гэдэг нь улс орны эдийн засагт хэрэгтэй, бусад компаниуд хийж чадахгүй байгаа төслүүд байх жишээтэй. Ийм төслүүдийг бид зоригтой авч хийдэг. Үүний цаана хөрөнгө мөнгө босгох, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхээс аваад ажил их. Бидний хийж байгааг хараад, “зөв юм хийж байна” гэж дэмждэг, зөв бодолтой улстөрчид олон бий. Ингээд зөв үйл ажиллагааг дэмжсэн улстөрчид нь ярихаар “Оджаргалтай найз, М-Си-Эс-тэй холбоотой” гээд бичээд байдаг. Энэ болгонд бид тайлбар өгөөд явалтай биш. Нөгөөтэйгүүр би дахиад хэлье, бид улстөрчидтэй уулзаж байх ёстой. Бизнесийн энэ их өөрчлөлт хувьсал, техник технологи, даяарчлагдсан ертөнцийн хурдыг тэр болгон хүн бүр гүйцэж, амжиж ойлгохын аргагүй шүү дээ. Тийм учраас мэдээллээр хангаж, зөв ойлголт өгч байх ёстой.
 
БИД ТЭТГЭВРИЙН 318 МЯНГАН ИРГЭН, ТӨСВИЙН 27 МЯНГАН БАГШ АЖИЛЧНЫ ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ТАТВАРААР ДАМЖУУЛЖ ТӨЛЖ ИРСЭН БАЙНА.
 
Та сая яриан дундаа өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг гэж хэллээ. Жилийн өмнө M-Си-Эс групп 8,000 гаруй ажилтантай гэж байсан уу?
 
M-Си-Эс одоогоор 7,600 ажиллагсадтай байна. Зун шинээр хүмүүс нэмж авахаар 8,000 гараад явчихдаг. Үүнээс гуравны хоёр нь мэргэжлийн ажилчин, 2,500  орчим нь инженер, менежерүүд байгаа. Хорин жилийн хугацаанд улс орондоо  олон төсөл хэрэгжүүлсэн. Манай монгол залуучууд үнэхээр чадвар өндөртэй, юмыг амархан сурдаг. Хамт олон гэдэг бол нэг хүн ажилд аваад, цалин өгөх асуудал биш. Нэг баг болгох, сургах, гол нь сэтгэлээсээ ажиллах гэдэг зарчим. Манай хамт олны бүтээж байгаа зүйл бусдад буян болно, улс оронд хэрэгтэй, би үнэ цэнэтэй зүйл бүтээж байна гэсэн чин сэтгэл нь шингэсэн байх учиртай. Зорьсон зүйлдээ хүрэхийн төлөө уйгагүй ажилладаг, залхуу биш байх ёстой. Энэ бодлогын хүрээнд хүмүүсээ бэлтгэж, техник технологиудаа сонгож, хөрөнгөө босгож, төслүүдээ хэрэгжүүлж байгаа. Сүүлийн 5 жилд, давтагдсан байдлаар 15 мянган ажилтан сургасан байна лээ. Энэ процесс залуу хүмүүсийг урамшуулна. Компанийнхаа төлөө, улсынхаа төлөө гэсэн итгэл үнэмшилтэй багийн орчныг бүрдүүлэхийг зорьдог.
 
Сэтгэл бол нэг хэмжүүр. Гэхдээ хэмжигддэг гол зүйл бол цалин. Та бизнестээ хамгийн чухал гэсэн гурван зүйлийг эрэмбэлвэл?
 
Олон улсад хэрэгждэг стандартын дагуу бид ажилладаг. Нэгдүгээрт, хүмүүс сэтгэл ханамжтай байх ёстой. Хоёрдугаарт, компанийн ТУЗ-д байгаа хүмүүс улс орондоо хэрэгтэй, алсдаа зөв зүйлсийг олж харж, компаниа зөв чиглүүлэх ёстой. Гуравдугаарт, татварын хувь хэмжээ чухал. Бидний хийж байгаа зүйл монгол айл, өрхөд яаж тусдагийг мэдэх үүднээс би татварын дүнг хардаг. Бид сүүлийн 6 жилд улсдаа 1.3 их наяд төгрөгийн татвар төлсөн байна лээ. Энгийнээр жишвэл, манай улсад тэтгэврийн насны 318 мянган иргэн байна. Тэтгэврийн доод хэмжээ 207 мянган төгрөг. Ингэж үзвэл тэтгэврийн насны нийт иргэдийн 20 сарын тэтгэврийн мөнгийг төлжээ. Дунд сургуульд 27 мянган багш ажилчид байдаг гэж үзвэл тэр хүмүүсийн 7 жилийн цалинтай тэнцэх хэмжээний татвар төлжээ. Манайд 8,000 хүн ажиллаж цалин авахаас гадна цаана нь тэтгэврийн 318 мянган ахмад, 27 мянган багш ажилчдын цалинг татварын хэлбэрээр улсдаа өгч байгаа нь бизнес хийж байгаа иргэн хүний хариуцлага гэж боддог.
 
M-Си-Эс тендерээр хөлжсөн компани гэж цоллоод эхэлсэн л дээ. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?
 
Сэтгүүлчид та нар төрийн яамдын “шилэн” дансны мэдээллийг үзээрэй. Төрөөс хэчнээн тендер зарлаж, ямар компани аваад байгааг хараарай. Тэнд манай компанийн нэр бараг байхгүй ч байж магадгүй. Хаанаас, юу хараад тэгэж яриад байдгийг мэдэхгүй. 1990-ээд онд улсад ч, хувийн хэвшилд ч мөнгө байсангүй. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр л том төслүүд хэрэгждэг байсан. Тэр үед манайх солонгос, хятад компаниудтай өрсөлдөж тендерт ордог, ялдаг байсан. Мэдээж ялахын тулд сайн боловсон хүчинтэй байх ёстой, ажлаа сайн хийх ёстой. Ер нь тендерээр авсан ажлаа хугацаанд нь, сайн гүйцэтгээд ирэхээр дараагийн тендерт шууд ялах магадлал их нэмэгддэг, олон улсад ч ийм жишигтэй. Хэрвээ тэрнийг хэлж байгаа бол монголчууд асар их юм хийж чадна гэдгийг л бид тухайн үед харуулж байсан. Төрөөс бол “өөрсдөө мөнгөө гаргаад хий, дараа нь төлнө шүү” гэдэг хатуу нөхцөлтэйгээр л тендер зарладаг байсан. Жишээ нь бид өөрсдөө зээл авч, мөнгө босгоод Баянхонгор луу өндөр хүчдэлийн шугам татаж, төвийн эрчим хүчний системд холбоод, найдвартай цахилгаантай болгож байсан. Тэр үед Баянхонгор аймаг дизелиэр цахилгаанаа залгуулдаг, дизель хөдөлгүүрээ унтраачихвал харанхуй болдог байлаа шүү дээ. Хөвсгөл аймгийг ч ингэж цахилгаантай болгосон. Сүүлд Мандалговь-Тавантолгой-Оюутолгой чиглэлийг төвийн эрчим хүчний системтэй холбосон. Энэ өөрөө их хэцүү ажил. Эндээс хэн хожоод байгааг харах ёстой. Баянхонгор, Хөвсгөл, говийнхон найдвартай цахилгаантай болж байна. Энийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө, хүмүүсийн амьдрал дээшилж, бизнес урагшилна. Энийг тендер аваад, баяжаад байна гэж ярихтай би санал нийлэхгүй. Улсдаа, ард түмэндээ хэрэгтэй зүйлсийг залуучуудаа зөв зохион байгуулж хийсэн ажлууд гэж би бахархдаг.
 
M-Си-Эс-ийн ард талд Хятадын том тэрбумтан байдаг тухай яриа сонсч байсан?
 
Биднийг харлуулах гэсэн л ээлжит гүтгэлэг. Бид Шангри-Ла зочид буудлыг ашиглалтад оруулчихлаа. Дэлхийд нүүр тахлах зочид буудалтай боллоо гээд тааралдсан хүн бүр л сэтгэлээсээ баяр хүргээд байдаг. Гэтэл хэвлэлээр “Хятад эзэнтэй” гээд зохион байгуулалттай бичээд байдаг. Би боддог юм. Монголд 5 одтой буудал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Харин бизнесийн талаас нь авч үзвэл тийм амар ажил биш шүү дээ.
 
Цогцолборыг нь улсын комисс хүлээгээд авчихав уу даа?
 
Тийм, Шангри-Ла цогцолборын хоёрдугаар шат буюу худалдааны төв, залуус очих кино театр, бассейн гээд бүх юмтайгаа байх юм. Энэ зун ашиглалтад орно. Ийм өндөр стандартын цогцолборыг ганц манайх байтугай 2-3 монгол компани нийлээд ч босгож чадахгүй. Улс хийе гэхээр эрсдэл ихтэй. Энэ ч утгаараа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтраад хийсэн төсөл. Манайх 49%-ийг эзэмшдэг. Үлдсэн 51%-д дэлхийд 80 гаруй буудалтай Шангри-Ла гэж дэлхийн том компани хөрөнгө оруулсан. Гадаадаас том хөрөнгө оруулалтуудыг Монголдоо татаж чадсандаа би баярладаг. Монголын аялал жуулчлалын салбарыг харахаар тийм хэмжээний том хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. Хориод жил өнгөрчихөөд байхад 5 одтой буудал баригдахгүй байсны шалтгаан нь эдийн засгийн үр ашиг байхгүйд байсан юм шүү дээ.  Өвөлдөө жуулчингүй, зуны цөөн сардаа бужигначихдаг. Хүмүүс надаас “Энэ буудал аймаар ашигтай юу” гэж асуудаг. “Энүүн шиг хэцүү хөрөнгө оруулалт байхгүй” гэж би хариулдаг. Эндээс лав 10-15 жилдээ нэг ч төгрөгийн ноогдол ашиг авахгүй байх. Зочид буудлыг барих гэж их хэмжээний зээл авч байгаа. Сайн хамтрагчтай байж хүү багатай зээл авч байгаа юм. Хамтрагч гэдэг нь 51%-ийг эзэмшигч Шангри-Ла. Энэ нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй, Америк, Европын хөрөнгө оруулагчидтай компани. Энэ компанийн томоохон хувьцаа эзэмшигч нь Хонконгийн тэрбумтан хүн байдаг. Энэ бүхнийг харлуулаад, хятад гээд яриад байвал ажил нь нурчихна гэж боддог юм уу, яадаг юм? Шангри-Ла гэдэг буудал Лондон, Парис гээд дэлхий даяар байна. Дэлхийн 80 гаруй салбарын буудал тус бүр 300-800 өрөөтэй гэж бодьё. Өрөө бүр зурагттай. Багцаалаад нэг буудал дунджаар 500 өрөөтэй гэж бодоход 80 буудлын 40 мянган өрөөнд өдөр бүр Монголын сурталчилгаа явж байгаа. Монголын онгон дагшин байгаль, монгол ахуй, монгол гэр, морьд гээд маш гоё реклам явдаг. Тэнд бууж байгаа бизнесийнхэн, зочдод Монголд очиж үзье гэсэн сурталчилгааг үнэгүй хийж өгч байгаа хэрэг шүү дээ.
 
Гадныхан ирээд Шангри-Ла-д буучихлаа. Тэгээд хаачих вэ? Та аялал жуулчлалын салбарын хөгжлийг юу гэж хардаг вэ?
 
Эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх олон салбар манайд одоогоор алга. Мэдээж гол салбар бол уул уурхай гэдэгтэй нэг их маргахгүй байх. Хоёр дахь гол салбар бол аялал жуулчлал, гурав дахь нь хөдөө аж ахуй гэж би хардаг. Дэлхийн 7 тэрбум хүнээс Монголыг мэдэхгүй, үзэх гэсэн асар олон хүн байгаа. Гэхдээ үүргэвчтэй аялагчдаас илүү Монголын хөдөөд очоод, сайн үйлчилгээ авч, мөнгө хаядаг хүмүүсийг асар ихээр татах ёстой. Тийм боломж бий. Үүний үндсэн дэд бүтцийнх нь нэг нь зочид буудал. Бид нар нилээд хэцүү хөрөнгө оруулалтыг нь хийчихлээ. Мэдээж бусад хүмүүс өөр бусад хөрөнгө оруулалтыг хийж л байгаа. Гол нь тээвэр. Ирэх жил шинэ нисэх буудал ашиглалтад орчихоор өөр болох байх гэж бодож байгаа.
 
Та сар гаруйн өмнө “Тавантолгойн гэрээтэй, гэрээгүй ажлаа хийгээд явна” гээд ярилцлага өгсөн байна лээ. Та нар бол мөчлөгөө даваад явчих юм байна. Харин хажууд чинь байгаа улсын Тавантолгойгоо харахаар “ингэчихэж ч болдоггүй юм болов уу” гэсэн бодол төрдөг үү?
 
УИХ  экспортын нэг “цонх”-ны бодлого баталсан. Тэр нь экспортын түүхий эдэд нэмүү өртөг шингээгээд, олон улсын зах зээлд өрсөлдөх бодлого гэж ойлгосон. Энэ дагуу манайх нүүрсийг баяжуулаад, нэмүү өртөг шингээгээд, Энэтхэг, Япон руу ч гаргаж үзсэн. Хятадын гангийн үйлдвэрүүдэд ч хүргэж байна. Ухаа худаг брэндийг бий болгоод, олон улсад таниулаад явж байгаа. Гэтэл хажууханд одоо хүртэл нүүрсийг түүхийгээр нь зарж байна. Энийг л буруу гэж УИХ бодлого батласан байлгүй дээ? Бид аль болох гуравдагч зах зээлд хүргэх гэж ажиллаж байхад хажууханд нүүрсээ түүхийгээр нь өгөөд, тэрнийг нь хятадууд Өвөр Монголын Баяннуур аймагт байгаа Хятадын угаах үйлдвэрүүдэд аваачаад, тэндэхийн муу нүүрстэй хольж баяжуулаад, цаашаагаа Тавантолгойн нүүрс гээд зарж байна. Хятадын нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг дэмжих бодлого явуулаад байгаа юм уу, ямар учиртай юм бэ? Энд хэн хожоод байна гэхээр, төрийн Эрдэнэс Тавантолгой компани лав хожоогүй, Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь маш хямд зараад, салбарынхаа өрсөлдөх чадварыг унагаад байна.  
 
Ёстой сэтгэлгүй хандаж байгаа юм биш үү?
 
Бодит байдал л энэ шүү дээ. Дөнгөж саяхан ч биш, хичнээн жил үргэлжилж байна. Бидний харамсаад байдаг зүйл юу вэ гэхээр, нүүрсээ баяжуулаад, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжоо бид алдаад байна. Ийм боломж бий юу гэвэл бий. Шийдвэрлэх хоёрхон юм бий. Овор ихтэй ачааг төмөр зам барьж байж л цааш нь явуулна. Ялангуяа гуравдагч зах зээл рүү. Хоёр дахь нь, нүүрсийг түүхийгээр нь зардгаа болих хэрэгтэй. Эцсийн дүндээ улсад орох татвар багасаад байна. Нүүрсээ баяжуулж байж ахиухан үнээр зарна, тэрнийгээ дагаад татварын орлого нэмэгдэнэ. Тэгэж байж төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, цалин тэтгэвэр нэмэгддэг шүү дээ.
 
Та хатуухан хэлж, эмоцилж болохгүй байгаагийн учрыг хэлж болох уу? Танай үйлдвэрт угаагаад, баяжуулчихаж болохгүй юу?
 
Нүүрсийг угааж баяжуулах, цаашаа зах зээлд хүргэх гэдэг нь бүхэл бүтэн цогц ойлголт юм аа. Эцсийн дүндээ, улсад ямар ашигтай юм бэ гэдгийг харах ёстой. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гаалийн хураамж, агаарын бохирдлын төлбөр гээд олон татвар, хураамж байгаа. Түүхийгээр гаргаад байвал улсын төсөвт татвараар хэд орох, баяжуулаад гаргавал татвараар хэд орох вэ гэдгийг тооцох ёстой. Манай нүүрсний салбарт ийм гунигтай юм болж байгаа. Уг нь бүх тоогоо тавиад харуулбал их л ойлгомжтой эд л дээ. Бид 2009 оноос хойш нүүрсээ баяжуулж борлуулаад, татвараар улсдаа орлого оруулаад, үр шимийг нь өгөөд явсан учраас энэ талаар яриад байгаа юм. Хоосон мөрөөдөл яриад байгаа юм биш.
 
Та хорин жил бизнес хийж, хэчнээн мянган хүнийг ажилтай байлгадаг болохоор улсад ямар ашигтай талаас нь бодож байна. Гэтэл улсынхаас илүү өөрийнхөө орлогыг бодож байгаа хүмүүсийн жишээ наадах чинь юм биш үү?
 
Тэр хүмүүсийг шууд буруутгахад бас хэцүү. Хятадын нэг зууч компани хүрч ирээд “Май, 2 сая доллар өгье. Уурхайн аман дээрээс чинь түүхий нүүрс төдөөр авъя” гэчихээр өнөө маргааш хэдэн хүний цалин тавихаа бодоод зөвшөөрдөг л байх. Бидний хувьд бол нүүрсийг баяжуулж  боловсруулаад, өнөөдрийг биш маргаашаа бодсон “том зураг”-аа харах ёстой гэж үздэг. Баяжуулсан тонн нүүрс 50 доллар хүрч байхад хажууханд нүүрсээ түүхийгээр нь 20 доллараар зарах гээд яваад байдаг.  Хятадын зууч компаниуд бол авсан түүхий нүүрсээ өөрийнхөө дотоодын  тааруу нүүрстэй хольж баяжуулаад, цааш нь дамлаж байгаа. Ийм байхад Тавантолгойн нүүрсний нэр хүнд, өрсөлдөх чадвар унана биз дээ? Ийм л учраас бид зөвхөн өнөөдөр биш маргааш, нөгөөдрийн “том зураг”-аа харах ёстой гээд байгаа юм. Төрийн бодлого уг нь их тодорхой байгаа шүү дээ.
 
ГУРВАН САЯ ХҮНЭЭ БОЛОМЖИЙН САЙХАН АМЬДРАЛТАЙ БОЛГОХ ИРЭЭДҮЙД БИ ОГТ ЭРГЭЛЗДЭГГҮЙ
 
Таны яриан дунд улсад ямар татвар өгөх, хэдэн хүн ажилтай байлгах гэдэг үг, өгүүлбэр их гараад байна л даа. Скай резорт зэрэг ихээхэн хөрөнгө оруулалттай, ашгаа мөд өгөхгүй зүйлсийг хийхэд таны хувийн бодол голлосон уу? Яагаад дэлхийд байдаг шиг цанын баазтай байж болохгүй гэж гэсэн бодол уу?
 
Миний хувьд ч, бусад бизнесменүүдийн хувьд ч яг л адилхан бодолтой явдаг. Яаж Монголдоо бусад шиг сайхан амьдрах вэ гэдэг бодол, зорилгоор л хийгдсэн. Би өөрөө цанаар нэг их гулгах гэсэндээ ч биш, бас гольф тоглох гээд байгаадаа ч биш. Яг бизнесийн төсөл мөн үү гэвэл биш. Нэг талаасаа Монголын аялал жуулчлалд, Улаанбаатарчуудад хэрэгтэй, нийгмийн төсөл. Хүмүүс эрүүл агаарт гарч, идэвхтэй хөдөлгөөнтэй байх ёстой. Бүх дэд бүтэцтэй нь хийсэн учраас Скай резорт, гольфын талбайн хөрөнгө оруулалт нийлээд 30-аад сая доллар болсон. Одоо 7-8 жил өнгөрөхөд нэг ч долларын ашиг өгөөгүй, харин ч цалин хөлс гээд урсгал зардал нь нэмэгдээд байгаа. Энэ төслийг Петровис, Скайтел, M-Си-Эс гээд үндэсний хөрөнгө оруулагчид хамтарч хийсэн. Энийг дагаад эерэг өөрчлөлтүүд их л гарч байгаа байх.
 
АСЕМ Вилла төслийг буруутгаад, танайхтай холбоод бичсэн харагдана лээ. Тэр ажил ямархуу явна?
 
Бидний хийж байгааг харлуулах гэсэн бас л нэг гүтгэлэг байна лээ. Ажил эрчимтэй явж байгаа. 6-р сард бэлэн болчихно. Бид бизнес хийх гэсэндээ ч биш, Монгол Улсын нэр хүндтэй холбоотой ажил. Дэлхийн 50 орны төр засгийн тэргүүн ирнэ гэдэг бол нэр төрийн асуудал. Монголоо дэлхий дахинд ингэж сурталчлах боломж их ховор юм билээ шүү дээ. Ийм хариуцлагатай арга хэмжээ учраас хувийн хэвшлийнхэн гар хумхиад суугаад байж болохгүй. Төрийн тэргүүнүүд бөөнөөрөө нэг буудалд бууж болдоггүй, аюулгүй байдал гээд нарийн дүрэм журамтай юм гэсэн. Өндөр зэрэглэлийн төрийн тэргүүнүүдийг хаана, ямар зочид буудалд буулгах вэ гээд өнгөрсөн намраас л яригдсан. Бидний хувьд тухайн газарт дэд бүтцээ шийдчихсэн байсан учраас, “хий гэвэл хийе” гээд банкнаас зээл аваад, эрсдлээ өөрсдөө үүрээд хийж байгаа ажил. Өдийд зээл аваад хауз барина гэдэг бол өндөр эрсдэлтэй. Хямралтай үед хауз худалдаж авдаг хүн байхгүй байна шүү дээ. Дээр нь өндөр зэрэглэлийн байрыг хурдан хугацаанд барих ёстой. Байшин болгон доороо гүнийн дулаантай. Швейцарь зэрэг орнуудад уулын байшингуудад нэвтэрсэн эко технологи л доо. Анхны  хөрөнгө оруулалт их өндөр. Төр биш хувийн компани банкнаас зээл аваад байшин барьж байгаа учраас эрсдлээ бид өөрсдөө л үүрч байгаа, ийм л юм.
 
Гэгээлгээр харах тухай та их ярих юм. Гэтэл 2017 он гэж айхтар юм ирэх нь гээд бүгдээрээ айчихлаа л даа?
 
Монгол Улс гуравхан сая хүнтэй, асар их байгалийн баялагтай. Хажууд Хятад гэж дэлхийн том зах зээл байна, Орос бас байна. Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын том боломжууд байна. Ийм их боломжууд байгаа учраас би Монголынхоо ирээдүйд ямар ч эргэлзээгүй итгэж байгаа. Улстөржилтөө багасгаад, энэ их эрч энергитэй залуусаа зөв зохион байгуулж чадвал гурван сая хүнээ боломжийн сайхан амьдралтай болгох ирээдүйд би огт эргэлздэггүй. Мэдээж одоохондоо хэцүү байна. 2-3 жилдээ биднээс хамааралгүйгээр гадаад орчин хүнд байна байх. Энийг бид даваад гарч л таараа. Засгийн газар бонд босгосныг би зөв гэж үздэг. Босгосноо зөв хөрөнгө оруулалт болгоод, зөв сахилга баттай явбал улс хөгжинө.
 
M-Си-Эс том төслүүд авахаараа охин компаниудаа оруулчих юм, бусдад боломж олгохгүй байна гэж шүүмжилсэн байсан?
 
Бид нар сүүлийн 5 жилд дотоодын компаниудаас 4 их наяд төгрөгийн ажил үйлчилгээ авсан байна. Жилд дунджаар дотоодын 3 мянган аж ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг гэсэн үг. М-Си-Эс-ийн хэдхэн охин компани энэ дунд маш бага хувь эзлэх нь ойлгомжтой шүү дээ. Монгол Улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 мянган аж ахуйн нэгж бий. Тэрний 10 хувь нь манайхаас ажил, үйлчилгээ авсан байна аа гэсэн үг.
 
Шинээр ямар салбарт  хөрөнгө оруулалт хийх вэ?
 
Шинээр хөрөнгө оруулалт төлөвлөсөн зүйл одоохондоо алга байна. Интермед эмнэлэгт том хөрөнгө оруулалт хийсэн. Одоо зээлийг нь багасгах ёстой. Шангри-Ла төсөл, АСЕМ Вилла-г дуусгана. Зээлийн төлбөрүүд яваандаа нэхэгдэнэ. Энэ бүхний цаана гарахын тулд одоо байгаа төслүүд дээрээ төвлөрч ажиллана. 
 
M-Си-Эс-ийн дээвэр дор байсан компаниуд бие даагаад гарсан байна лээ. Байх ёстой зүй тогтол гэж үзээд шийдсэн үү?
 
IT Zone, Анун төв, Интерпресс, Медимпекс, Irish pub, Green catering гээд манай нилээд олон компани тусдаа гарсан. Олон жил удирдаж, авч явсан хүмүүст нь хөнгөлөлттэй нөхцлөөр хувьчилсан. Одоо M-Си-Эс-т хамаагүй, өөрсдөө биеэ даагаад, зах зээлд өрсөлдөнө гэсэн үг. Байдаг л зүйл. Баруунд “management buy-out” гэж хэлдэг.
 
Хэр амжилттай явж байна?
 
Дажгүй шүү. Би заримдаа тааралдахаараа тоглоом, шоглоомоор “Хувьчилчихсан чинь танай ашиг бүр өсөөд байна уу, үгүй юу” гэж нөгөөдүүлээ “явуулдаг” юм.
 
Хамгийн ойрын төлөвлөгөөг чинь асууя. Энэ зун юу хийх вэ?
 
АСЕМ гэж дэлхийн өмнө Монголынхоо нэр нүүрийг гаргах том ажилд зориулсан бүтээн байгуулалтаа дуусгана. Энэ зун олимп болно. Монголын нилээд олон тамирчин олимпийн эрх авч байгаа юм билээ, дэлгэцийнхээ өмнө олимпоо үзээд сууна. Гэрэл гэгээтэй олон ажил байгаа учраас их завгүй зун болох байх гэж бодож байгаа.
 
Залуусыг дэмжиж ажиллах тухай таны санаа бодлыг үзэгчид, ялангуяа залуучууд маань үзэж сонсч байх ёстой гэж би бодлоо. Тийм учраас олон удаа ярилцлага өгч байх ёстой юм биш үү?
 
Яахав, бизнесмэнүүдийг харлуулах гэсэн гунигтай юмнууд нэлээд гардаг. Гэхдээ бид нар тоодоггүй юм. Тийм учраас хэвлэлд тэр бүр тайлбар өгөөд байдаггүй. Өнөөдөр улсынхаа хөгжлийн төлөө хийж байгаа амаргүй хөрөнгө оруулалтууд байна. Эднийхээ цаана гарахын тулд бид асар их зээл авдаг. Дэлхий даяараа л тэгэж явдаг, олон улсын жишиг стандарт нь ийм юм. Ингээд явж байхад “өртэй, өрөнд баригдсан, дампуурах гэж байгаа” ч гэж байх шиг. Иймэрхүү явуургүй юмыг цээрлэх ёстой л гэж боддог. Хувь хүн, хэвлэл мэдээллийнхэн ч зөв ойлголттой байгаасай. Хар амиа бодвол, 30 сая долларыг банкинд хадгалуулаад, хүүг нь аваад, зугаалаад явбал эмнэлэг барьснаас амар шүү дээ. Ганц манайх ч биш, төрийн ачааллыг үүрэлцэж байгаа Монголын олон сайн компани байна. Эднийгээ сонгууль дөхсөн үед улстөрчдийн хэрүүл рүү татаж оруулмааргүй байна. Бидэнд хийх ажил их байна, тайван ажил хийлгээч ээ л гэж хэлмээр санагддаг. Бид нар шантрахгүй. Энэ бүхний цаад үр шим нь ард түмэнд очдог. Хямрал 2-3 жил үргэлжлэх нь. Залуучуудынхаа цалинг таслахгүй, яаж орлоготой, цалинтай нь байлгах вэ, банкны зээлүүдээ яаж тасалдуулчихгүй төлөх вэ гээд хүнд үе явж байна. Энийг зөв ойлгуулах зүйл дээр хэвлэл мэдээллийнхэн та нар маань ч бас туслаарай гэж хэлмээр байна.  
 
Таны  үгс жинтэй туслаа. Хаа хаанаа ойлгохгүй бол, гадна талд Монголын нэр хүнд унаж байгааг сэтгүүлчид бид ч ойлгох ёстой юм аа. Ярилцлага өгсөнд баярлалаа, танд амжилт хүсье.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)