Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАХН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд байрыг нь онилсон уу?

Сонгууль ойртох тусам улс төрийн мэх нарийсах шинжтэй. Хууль, хяналтын байгууллагыг ашиглан өрсөлдөгчөө барьж хориулах хуучин арга лавширч, зохиомол хэрэг захиалах, аль нэг намыг шүүх, цагдаа дээр санаатай “чөдөрлөх” гэх мэтээр үргэлжлэхээр байгааг улстөрчид эхнээсээ хэлээд эхэллээ. Бүр эрх баригч АН-ын гишүүд Их Хурлын даргаасаа эхлээд ярьж байна. Өнөөдөр Монголын Ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний намыг Захиргааны хэргийн шүүх дээр зориуд гацааж байгаа гэцгээж байна. Өрсөлдөгчийнхөө овоо харааны байнгын бай нь болж ирсэн МАХН, түүний дарга Н.Энхбаяр ч мөн адил.

Энэ удаа намын байрны асуудлаар нь АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. МАХН-ынхан “Бид тус байрыг түрээсэлдэг болохоос өмчилдөггүй. Хоёр компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээгээр зохицуулагдсан асуудал” гэж хэлдэг. Тэгэхээр хоёр хуулийн этгээдийн хооронд гэрээний дагуу болсон харилцааг яагаад Н.Энхбаяр, түүний намд хамаатуулав гэсэн асуулт гарна. Ингэж хамааруулж яриад байгаа нь улс төртэй холбоотой гэдгийг хэлж буй хүн ч цөөнгүй. Тухайлбал, МАХН-ын дэд дарга, Шадар сайд, Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар саяхан болсон намынхаа Бага чуулганы хуралд тавьсан илтгэлдээ “...Улс төрийн өрсөлдөгчөө устгахын төлөө дахиад л АТГ-ын харъяалалд үл хамаарах залилангийн гэх хэрэг дахин хоёр жилийн өмнөөс үүсгээд байна.Н.Энхбаяр дарга гарын үсэг огт зураагүй.Энэ намын байрыг Барилга худалдах, худалдан авах тухай гэрээтэй холбогдуулан энэхүү эрүүгийн хэргийг үүсгээд байна:

1. Энэхүү гэрээг Империал Голд ХХК, түүнийг төлөөлж Мечкарев, Эскон ХХК, түүнийг төлөөлж Цэнгэл нар байгуулсан байдаг.

2. Уг гэрээнд зааснаар аливаа маргааныг Монгол Улсын иргэний хууль болон бусад хууль тогтоомжоор шийдвэрлэхээр заасны дагуу иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан.

3. Уг гэрээнд заасан төлбөрийг хийснээр гэрээ дуусгавар болсон. Гэтэл хууль завхруулсан иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгож АТГ шалгах нь хэний захиалга вэ” хэмээн хэлсэн.

Тэгвэл хууль, хяналтын бай­гуул­лагууд харъяаллын бус асуудлаар улстөржиж байгаа нь ч шударга хуульчдын анхаарлын гадна үлд­сэнгүй. Эхнээсээ зарим нь үгээ хэлээд эхэлжээ. Монгол Улсын гавьяат хуульч Б.Цэрэнбалтав гуай саяхан хуулийн байгуул­ла­гууд улстөржиж, ёс зүйгээ сахихгүй байгаад энэ салбарт олон жил ажил­ласан хүний хувьд эм­зэг­лэж байгаагаа хэлсэн байсан. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа МАХН-ын байрны тухай “...Намын байрны гэх маргаан, хэвлэлээр гар­сан гэрээнийх нь мэдээл­лүүдийг харж байхад иргэд хоо­рондоо байгуулсан гэрээ хэлцэл юм байна лээ. Хоёр талын гэрээ, хэл­цэлтэй зүйлийг тэр гэрээ, хэлцэлдээ юу гэж заасан байна вэ, гэрээ хэл­цэлд маргаан гарвал шүүхийн журмаар шийд­вэрлэнэ гэж заасан бол тэр журмаараа л явах ёстой. Үүнийг мөрдөн бай­цаах байгууллага, хөнд­лөнгийн АТГ шүүрч аваад шалгаад байх нь зүй зохистой асуудал биш л дээ. Тийм учраас гэрээн дээр маргаан гарвал гээд тодорхой заачихсан байгаа. Харин эрүүгийн хуулийн хоёр зүйл заалтаар шалгаж байгаа гэдгийг бол сонсч л байна. Юуг нь шалгадаг юм. Гэрээ нь байна, гэрээн дээрээ төдөн төгрөг гээд заачихсан байхад мөрдөн байцаах байгууллага ямар үндэслэлээр шалгадаг юм. Нөгөөх нь аваагүй, мөнгөө дутуу өгсөн гэвэл тэгээд тэр гэрээнд заасны дагуу шүүхээр л шийдвэрлүүлнэ биз дээ. Энэ дээр эрх мэдэл, албан тушаалаа ашигласан байдаг юм уу, залилсан байдаг юм уу, тийм үйлдэл баймааргүй л харагдаж байгаа юм. Энэ бол би Н.Энхбаярыг өмгөөлж хэлж байгаа үг биш. Хуульчийнхаа хувьд хэлж байгаа үг юм” хэмээн хэлсэн байна лээ.

МАХН-ын байрны хэвлэлээр цацагдсан гэрээний эх, төлбөрийн барим­таас харахад, нэг талаас аж ахуй нэгж хоорондын асуудал, ху­дал­дах, худалдан авах гэрээндээ заасны дагуу шийдүүлэх асуудал, гуравдугаарт иргэний хэрэг гэдэг нь харагдаж буй. Хоёр тал наймаа хийсэн бол гэрээ хийж, төлбөрөө барагдуулснаар асуудал дуусгавар болсон гэсэн үг. Бас нэг зүйл нь тэнд Н.Энхбаяр гэсэн гарын үсэг алга. Харин эрүүгийн бус иргэний маргаан, дээр нь харъяаллын бус асуудлыг АТГ шалгаж байгаа. Авсан, өгсөн хуулийн этгээ­дүүд тодорхой байхад түрээслэгч нам, тэрхүү намын даргыг заавал ч үгүй хамаатуулах гэж АТГ арай хэтэрхий хичээж байх шиг. Гэхдээ шалгадаг, хянадаг байгууллагууд асуудалд үнэхээр үнэн зөв хандаж, шударга ажилладаг бол энэ бүхнийг шүүгээд гаргаад ирнэ гэж зарим нь итгэж хүлээж байж ч болох. Харин тэр нь сонгууль өнгөрсний дараа биш байгаасай гэх нь ч байна. МАХН-ыг сонгуульд оролцуулахгүйн тулд байрыг нь онилсон байж мэдэх энэ хэрэг хаа хүрч, яаж дуусах бол...

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)