Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Э.Бат-Үүл:Сонгуулийн сурталчилгааны төлөө нийтийн эрхийг зөрчиж болохгүй

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг улс төржүүлэхгүй байхыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн Зангиагүй уулзалтын үеэр уриалав.
 
Улаанбаатар хотын агаарын болон хөрсний бохирдол дээд цэгтээ тулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төсөл эдүгээ 24 байршилд хэрэгжиж байгаа бөгөөд барилгажуулалт болон газар шинэчлэн зохион байгуулах гэсэн хоёр үндсэн шаттайгаар хэрэгжиж байна. Одоогоор дээрх байршлуудад нийт 546 тэрбум 542 сая 771 мянга 861 төгрөгийн үнэ хөрөнгө оруулалт хийжээ. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр нийслэлийн агаарын бохирдол 15 хувь, хөрсний бохирдол 14 хувиар буурах боломжтой. Гэвч нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлж буй уг төслийг улс төржүүлж, сонгуулийн сурталчилгаа болгон иргэдийг мухардалд оруулах тохиолдол байгааг хотын дарга хэллээ.
 
Барилгажуулах гэдэг нь газраа дахин төлөвлөлтөд хамруулах хүсэлтэй иргэдийн хүсэлтийг харгалзан НЗДТГ болон харъяа газруудаас тендер зарлаж, шалгарсан компаниар орон сууц бариулах юм. Энэ төслийн хүрээнд 2014-2015 онд 7764 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлж, 2394 айлын орон сууц ашиглалтад оржээ. 24 байршил төсөл хэрэгжиж бүрэн дууссан тохиолдолд 85 мянган айлын 320 мянга гаруй иргэн тохилог орон сууцанд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн 9000 хүүхдийн сургууль цэцэрлэг, 44 км автозам, 465 га ногоон байгууламж бий болно. Ингэснээр Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг танилцуулав.
 
Өмнө нь иргэд газраа бус хашаа эсхүл байшингаа барьцаанд тавьж, бага хэмжээтэй, өндөр хүүтэй зээл авдаг байжээ. Олон улсад хашааны газрыг орон сууцтай адилаар м2-аар нь үнэлдэг байна. Харин дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээр хашааны газар үнэд орж, иргэд газраа барьцаалан зээл авах боломж бүрджээ.Гэхдээ газар үнэд орохын хирээр төсөл хэрэгжихэд саад учирч байгааг Э.Бат-Үүл дарга танилцууллаа.
 
Тэрбээр, “Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компани тухайн газрын эзэнтэй уулзаж, орон сууц барих асуудлыг тохирход иргэн газраа хэт өндрөөр үнэлж, төслийг гацаанд оруулах тохиолдол бий. Дэлхийн улс орнуудад үүнтэй адил төсөл хэрэгжүүлэхдээ нийт иргэдийн 80 хувь нь зөвшөөрсөн тохиолдолд үлдсэн 20 хувьд нь тодорхой хэмжээний төлбөр олгоод албан хүчээр нүүлгэн шилжүүлдэг. Бид дахин төлөвлөлтийн төслөө амжилттай хэрэгжүүлэх зорилгоор адилхан зохицуулалттай хууль өргөн барих гэсэн боловч нөгөө л улс төржилтөөс болоод гацаанд ороод байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн сурталчилгаа хийх зорилгоор төслийг ганцаанд оруулах 20 хувийн эрхийг яриад цаана нь байгаа 80 хувийн эрхийг хөсөрдүүлдэг. Тиймээс энэ хуулийг ч хэлэлцүүлж чадахүй байна. Энэ мэтээр сонгуулийн сурталчилгаа хийхийн төлөө нийтийн эрх ашгийг зөрчиж болохгүй” хэмээв.
 
Харин шинэчлэн зохион байгуулах хэсэгт иргэд өөрсдийн хүсэлтээр эвлэлдэн нэгдэж, газраа орон сууцжуулах, хаус барих эсэхээ шийдвэрлэж, өөрсдөө компаниа сонгон шалгаруулах юм. Үүний тод жишээ нь Хан-Уул дүүрэгт хэрэгжиж буй “Нарлаг Буянт- Ухаа” хороолол. Тус хэсэгт оршин оршин суудаг 271 айл нэгдэн өөрсдийн хашааны газраа шинэчлэн зохион байгуулж, 1711 айлын орон сууц болон таун бүхий “Нарлаг Буянт-Ухаа”хороолол барих зураг төсөл боловсруулжээ. Улмаар хаалттай хувьцаат компани байгуулан өөрсдөө орох орон сууцнаасаа бусад байрнуудаа борлуулж, ашигаа хуваах болжээ. Төсөл хэрэгжүүлэх компанийг өөрсдөө сонгож, төсвийг нь Нийслэлээс зээлэх аж. Ингээд байр борлуулсан хөрөнгөөсөө зээлээ төлөх юм байна. Энэ мэтчилэн гэр хорооллын айлууд өөрсдөө төсөл санаачлах бүрэн боломжтой гэдгийг Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн нэгжийн дарга А.Лхагвадорж мэдээлэв.
 
Ч.Ариунболд
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)