Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Намынхаа гишүүнийг зодсон Б.Амарсанаад Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэв

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Амарсанаа Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөнд нь зодож, баруун нүдийг нь гэмтээсэн талаар эх сурвалж манай сайтад мэдээлэл өгсөн юм. Энэ хэрэг өнгөрсөн баасан гаригт болжээ.
С.Буджав: Б.Амарсанаад Эрүүгийн хэрэг үүсгэсэн учраас ярих боломжгүй
Бид хохирогч, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавтай утсаар холбогдож тодруулга авлаа.
-Таны бие гайгүй юу?
-Зүгээр дээ.
-Таныг намынхаа гишүүн Б.Амарсанаад зодуулсан гэдэг мэдээлэл ирсэн. Зодуулсан зургийг тань харахад хүнд гэмтсэн бололтой?
-Гурав, дөрөв хоногийн өмнө болсон асуудал. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын нууц задруулж, мэдээлэл өгөхгүй байх үүрэг хүлээсэн. Тийм учраас болсон явдлыг ярих боломжгүй байна. Мөрдөн байцаалт дуусахаар бүх зүйл тодорхой болно.
-Б.Амарсанаа Дундговь аймгаас УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж байгаа. Харин орон нутгийн МАН-аас дэмжихгүй гэснээс үүдэж маргаан болсон гэх юм. Үнэн үү?
-Одоо нарийн мэдээлэл өгөх цаг нь биш. Цагдаа, шүүх нь шалгаад дуусахаар ярих зүйлээ ярина гэв.
 
 
Б.Амарсанаа: Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана
 
Аймгийнхаа ИТХ-ын дарга, МАН-ын гишүүнээ зодсон гэх Б.Амарсанаа ийм тайлбар өглөө.
-Уучлаарай, та намынхаа гишүүнийг зодож, хүнд гэмтээсэн юм уу. Юунаас болж маргасан юм бэ?
-Энэ надад огтхон ч хамаагүй хэрэг. Тэр өдөр тэр хүнтэй таарсан нь үнэн. Түүнээс зодоон цохион болоогүй. Танай сайт яагаад ийм ор үндэсгүй мэдээлэл түгээснийг мэдэхгүй юм.
-Хохирогч таныг шалгуулж байгаагаа мэдээлсэн. Таны facebook, twitter хуудаст олон хүн энэ зодооны талаар бичиж дургүйцлээ илэрхийлсэн байна лээ.
-Тэр хүн Сүхбаатар гэдэг хүнтэй л муудалцсан. Тэр хоёрын дунд болсон явдлыг би ярихад зохимжгүй. Нарийн ширийнийг нь ч мэдэхгүй. Нөгөө талаар би тэдний хэрүүлийг яриад явах зохимжгүй. Ард Аюушийн “Хэрэгт холбогдсон биш гүтгэгдсэн Аюуш байна” гэдэг үг байдаг байх аа. Түүнийг л хэлье дээ. Би нэр төрөө сэргээлгэхээр С.Буджавыг хуулийн байгууллагад өгнө. Танай сайтын эсрэг ч гомдол гаргана гэв.
 
Б.АМАРСАНАА ГЭЖ ХЭН БЭ
Тэрбээр Дундговь аймгийн уугуул. Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, “Чагдаржав” сангийн тэргүүний сонгуульт ажилтай. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. УИХ-ын сонгуулиар намаасаа Дундговь аймагт нэр дэвшихээр горилж буй.
Хэдэн жилийн өмнө Т.Аятунгаа гэдэг бүсгүй гадаад нөхөртөө хүүхдээ алдсан талаар шуугиан дэгдэхэд Б.Амарсанаагийн нэр хавчуулагдаж байсан. Тодруулбал, Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эргэн гэгч НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаагийн хувийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэх мэдээлэл гарч байлаа. Тухайн үед Б.Амарсанаа энэ мэдээллийг үгүйсгэж хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан. Хуулийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэх тухай ярьж байсан ч дуулиан тэгсхийгээд намжсан.
-МАН-ЫН ЗАЛУУС ДУНД НЭГНИЙХЭЭ НҮД РҮҮ ЦОХЬДОГ МУУ ЖИШИГ ТОГТЛОО-
МАН-ын залуус байсхийгээд л зодоон, цохионы хэрэгт холбогддог. Ихэнхдээ албан тушаал, нам дахь байр суурианаасаа болж хоорондоо зодолддог жишиг бий. Тэгвэл энэ жил МАН-ын залуус нэгнийхээ нүд рүү цохьдог, сохлох шахдаг муу жишиг тогтлоо. Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын зургадугаар үүрийн дарга З.Оргилыг багийнх нь найз, намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдгүй болгох шахсан. З.Оргил саяхан гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн билээ. Энэ зодооны дараа МАН-аас ажлын хэсэг Дорнод аймагт очиж намын удирдлагуудыг сольсон юм.
Энэ удаад Дундговьд болсон зодооныг хэрхэн зохицуулах бол.
 
Эх сурвалж: medee.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [27.123.214.93] 2016/03/24
Ene ardiin namiin heden nus batsaanuud ddandaa asuudal uusgene sagasan yumnuud
Зочин [103.229.122.249] 2016/03/25