Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Мэндчилгээ

Монгол Улсын нийт казах ахан дүүс ээ, 
Хатуу өвлийг үдэж, дулаан улиралтай золдгодог, үндэстэй бүхэн урган дэлгэрч, үртэй бүхэн өсөн үрждэг урин хаврын эхлэл болсон өдөр шөнө тэнцдэг тэгш сайхан өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг казах түмний уламжлалт цэнгүүн-Наурыз  баярыг тохиолдуулан эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэд Та бүхэндээ  чин сэтгэлийн халуун мэндийг хүргэж, үйлс заяа нь өдрөөс өдөрт дэвжин дээшилж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Манай казах иргэд энэхүү уламжлалт баяраа амжилт бүтээлээр угтан,  өтгөс буурал-аксакалуудаа хоймортоо хүндлэн залж, хүүхэд залуусдаа үнэт сургаалаа айлдаж, хотол даяараа ерөөл мэндээ мэдэлцэж,  өр зүрх сэтгэл оюунаа ариусган, ахан дүүстэйгээ сэтгэлийн сэвгүй золгодог сайхан уламжлалтай бөгөөд энэ нь үндэсний уугуул ёс заншил, үнэт соёлоо өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй чанар, агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, түүнийгээ унаган төрхөөр нь хадгалж ирсний  бодит илрэл юм.  
Өвөг дээдсийн удмыг залгаж, ухааны өвлөсөн ажилч хичээнгүй, авьяаслаг казах иргэдийн дундаас   эх орны хөгжил дэвшил, ирээдүйн сайн сайхны төлөө бүтээлч хөдөлмөр, авьяас чадвар, эрдэм мэдлэгээ харамгүй зориулсан хөдөлмөрийн сайчууд, гавьяатан, эрдэмтэн мэргэд, авьяас билэгтэн, төр нийгмийн зүтгэлтнүүд, соёл урлаг, боловсролын алдартнууд олноор төрж гарсныг Наурыз баярын энэ өдөр бахархан тэмдэглэж, баярлан хүндэлдгээ  хэлэхэд таатай байна. Казах түмэн цаашид ч  улс орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө ихийг бүтээж, үнэтэй хувь нэмэр оруулна  гэдэгт итгэлтэй байна.
    Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж буй урин улирлын эхэнд өнө эртний уламжлалт Наурыз баяраа ёс төртэй тэмдэглэж буй нийт казах иргэддээ гал бичин жилдээ түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн билэгтэй, түвшин жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье. Та бүхний ажил үйлс Алтай Таван богд уул шигээ сүндэрлэж, буян заяа тань зүйл бүрээр дэлгэрэх болтугай. 
 
МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч У.Хүрэлсүх
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)