Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 1 дүгээр сарын 25-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Шийдвэрүүдийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.
 
Киноны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Киноны тухай хуулийн төслийг хэлэлцээд, хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
Кино үйлдвэрлэлийг дэмжих, кино үзвэрийн сүлжээг үндэсний хэмжээнд сэргээх, кино урлагт эдийн засаг санхүүжилтийн орчин бий болгох, гадаадын кино уран бүтээлчид Монгол Улсын нутаг дэвсгэрт кино үйлдвэрлэл явуулахад гааль, татвар болон эрх зүйн орчин бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
 
Түүх, соёл, байгаль, ахуй амьдрал, үндэсний зан заншил, өв уламжлалыг дэлхий дахинд сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх шинэ гарц бий болгох боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсад кино үйлдвэрлэж байгаа гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад оруулсан хөрөнгийнх нь 40 хүртэлх хувийн урамшууллыг  Киног дэмжих санд хуримтлагдсан хөрөнгөөс буцаан олгох, кино урлагт хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүс, хөрөнгө оруулагчдад эдийн засаг, татварын урамшууллын оновчтой механизмыг нэвтрүүлэх зэрэг зохицуулалтыг хуульд тусгажээ.
 
Киноны тухай хууль батлагдан гарснаар Төрөөс кино урлагийн талаар баримтлах бодлого чиглэл тодорхой болж, кино урлагийн салбарт эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчнийг гадаадын хөгжингүй орнуудад сургах, мэргэшүүлэх, үндэсний кино дэлхийд өрсөлдөх боломж нээгдэнэ. Мөн Монгол Улсаа дэлхийд таниулснаар аялал жуулчлал болон бусад салбарт хөрөнгө оруулалт татахаас гадна киноны салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
 
 
 
Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо
 
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
Банк, санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо өндөр шаардлага тавьдаг, олон төрлийн баримт бичиг шаарддаг, зээлийн судалгаанд хугацаа их зарцуулдаг зэрэг нь иргэдэд хүндрэлтэй байдгаас зах зээлд ломбард буюу барьцаалан зээлдэх газрын эрэлт, хэрэгцээ байсаар байна. Гэвч энэ үйл ажиллагааг эрхлэгчдэд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоогоогүй, барьцаалан зээлдүүлэгчийн хөрөнгө, олгож буй нийт зээлийн хэмжээ тодорхойгүй, уг үйл ажиллагааг бүртгэх, хяналт тавих эрх зүйн зохицуулалт байхгүй байгаа нь ажиллагаа эрхлэгчид татвар төлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
 
Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны талаар иргэдээс Хүний эрхийн комисс болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ломбардууд иргэдийн хөрөнгийг бага үнээр барьцаанд авдаг, барьцаалсан эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал хангалтгүй, хүү болон хугацааг дураараа тогтоодог, барьцааны хугацаа дуусахад барьцаалсан эд хөрөнгийг борлуулахдаа эзэнд нь мэдэгддэггүй зэрэг гомдлыг гаргажээ. Иймд ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад байна.
 
Хуулийн төслүүдэд Санхүүгийн зохицуулах хороо нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллага эрхлэх журмыг батлахаар тусгажээ.
 
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
 
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
 
1999 онд батлагдсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсын иргэний бүртгэл болон түүнийг эрхлэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулж байна. Хууль батлагдсанаас хойш 10 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр давхардсан тоогоор 100 гаруй зүйл, заалтад өөрчлөлт орсон хэдий ч хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо муу, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, зохицуулалт нь хуучирсан, зарим шаардлагатай зохицуулалт тусгагдаагүй байна.
 
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, шуурхай үзүүлэх, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бодитой болгох, улсын бүртгэгчийн ажлын ачааллыг багасгах ач холбогдолтой гэж тооцоолжээ.
 
Тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа
 
Монгол Улсын баруун, зүүн бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, худалдааг хөнгөвчлөх, мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ургамлын үр, үслэг, суулгац, амьтан, түүний үр хөврөл, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа. Түүхий мах, дайвар бүтээгдэхүүн экспортлох боомтуудад Говь-Алтай аймгийн Бургастай, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтыг тус тус нэмэхээр шийдвэрлэлээ.
 
ТОВЧ МЭДЭЭ:
 
- С.Эрдэнийг Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томиллоо.
 
- Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын санхүүжилтийн талаар хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
 
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
 
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэний харъяаллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд, зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.
 
- Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах , хууль тогтоомжийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлалуудыг тус тус баталлаа.
 
- УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарын санаачлан боловсруулсан “Газар хөдлөлтийн гамшгаас Урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжлээ.
 
- УИХ-ын гишүүн А.Бакейн санаачлан боловсруулсан УИХ-ын чуулганы Худалдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.
 
- Монгол Улс болон Унгар Улсын хооронд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжиж, уг протоколд гарын үсэг зурахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд зөвшөөрлөө.
 
- “Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” тогтоолын хавсралтад өөрчлөлт орууллаа.
 
- “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нийтийн тээврийн авто буудлыг шинэчлэн байгуулах төсөл”-ийн концессын гэрээг байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгав.
 
- “Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа дуусаагүй төрөх эмнэлгийн барилга” төслийн концессын төрлийг өөрчилж, “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” гэснийг “барих-шилжүүлэх” төсөл болгон, уралдаант шалгаруулалт явуулахаар шийдвэрлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)