Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Эрдэнэ Ерөнхий сайд болох уу?

Ардчилсан нам бужигнаантай байна. Алтангадас фракц ба бусад болчихжээ. Ийм шуугиан тус намынхан дунд хүчтэй өрнөж байна. Үүний илэрхийлэл нь саяхан болсон Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны чуулга уулзалт. 
 
Орон нутгаас ирсэн 800 орчим төлөөлөгч оролцсон уг чуулганы үед өрнөсөн даргын сонгууль нь тус намын фракц хоорондын сөргөлдөөн хэрхэн өрнөж байгааг тодхон харуулсан гэхэд болно. Алтан гадас фракцын төлөөлөл болж Б.Ургамалцэцэг, Харин шонхор фракцын төлөөлөл болж С.Одонтуяа нар өрсөлдсөн. Шонхор фракцыг дэмжиж МоАХ, МҮДН, Нэг ардчилал гэх мэт бүх фракц зогссон гэх яриа өрнөж байна. Өмнөх хэдэн жил Ардчилсан намыг Алтан гадас фракц даргалж ирсэн нь үнэн. Харин өнөөдөр тэднийг нэг мөр нухчин дарах санаархалд нөгөө фракцууд нь автчихсан хэрэг үү. Ийм асуултын тус намынхан ч хоорондоо тавих болжээ. С.Одонтуяа ганцхан хүний саналаар Ардчилсан эмэгтэйчүүдийн тэргүүн болчихсон. Нэг үгээр хэлбэл, Баянголынхон Ардчилсан намд “даам” гарч эхэлсэн гэдгийг тодхон харуулсан үйл явдал болов. 
 
Нэг шуугиан намжиж амжаагүй байтал дахиад л баянголын нэг төлөөлөл нь Ерөнхий сайд болно гэх бор шувуу нисч эхэллээ. Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулах гэсэн санаачлагыг 2015 онд гарсан. Энэхүү санаачлага нь бүтэхгүй явсаар 2016 онтой золгочихсон билээ. Нэгэнт сонгуулийн жил гарчихсан учир Засгийн газраар оролдох тэнэг үйлдлийг Ардчилсан нам хийхгүй гэж олон нийт итгэж байгаа. Харин итгэлийг нь хөсөрдүүлсэн алхам ил болчихлоо.
 
Шударга ёс эвслийн бүлгийн нэг гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах бичигт Ардчилсан нам, МАН-ын төлөөлөл багтаж 20 хүний гарын үсэг цуглачихсан гэнэ. Ийм нөхцөлд Ардчилсан намын дарга З.Энхболд чухам ямар нүүдлийг яах гэж хийгээд байгааг таахад бэрх болов. Тэр бүх эрх мэдэлд Шонхор фракцын төлөөллийг суулгах хүсэлд автчихсан уу? Эсвэл баянголынхон намынхаа бүх эрх мэдэлд өөрийн хүнээ суулгах гэж өнөөх даргыг шахаж эхлээд байна уу гэсэн яриа намынхан дунд гарчихжээ. 
 
Ямартай ч саарал ордонд нисч байгаа бор шувуугаар бол ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ дараагийн Ерөнхий сайд болно гэсэн шум дэгдэж байна. Баянголынхон гэж нэрлэж болох, фракцаар нь өгүүлвэл Шонхорынхон хуралдаа ирэхгүй ирц бүрдүүлэхгүй аргаараа өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан жишгээ давтаж өөрийн хүнээ дараагийн Ерөнхий сайд болно гэж улс орны эрх ашгийг хөсөр хаях нь гэх яриа гараад байна. Үнэн эсэхийг өнөө маргааш өрнөх улс төрөөс харж болно.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)