Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа УИХ-д нэр дэвшинэ.

УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй зэрэгцэн, улс төрийн амьдралд олон хөдөлгөөн, үйл явдал өрнөж буйн нэг нь өчигдөр болсон юм. Тодруулбал энэ нь УИХ-ын  2012 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар оны өмнөхөн ХҮН-д элссэн бол өчигдөр тус намын дарга болж, бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор зарласан явдал байлаа.
Тэгвэл түүнээс дутахгүй нэгэн яриа өчигдрөөс эхлэн улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн байна. Энэ нь  ХҮН-ын шинэхэн дарга, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүү С.Гантуяа УИХ-ын  2016 оны сонгуульд өрсөлдөхөөр шийдсэн явдал.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар С.Гантуяа Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшихээр шийдэн, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн байна. 
2013 онд "Оюу Толгой" компанид ажиллаж байгаад компаний гадаад, Монгол ажилчдын цалин хэт ялгаатай байгаа нь хууль бус гэж үзэн, шүүхэд өгч, 3 шатны шүүхээр ялалт байгуулж байсан дайчин бүсгүйг  ийнхүү УИХ-ын сонгуульд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсныг Баянзүрхэд нэр дэвшихээр төлөвлөж буй горилогчид тун эмзэг хүлээн авч буй бөгөөд, түүний эсрэг  мэдээллийн эсрэг кампанит ажил хүртэл хийлгэж эхэлсэн аж.
Хэдийгээр  С.Ганбаатарын төрсөн дүү ч ахаасаа харьцангуй хараат бус, бие даасан үзэл бодолтой, өндөр боловсролтой гэгддэг С.Гантуяа өнгөрсөн жил "Иргүн" нэртэй ном бичиж байжээ. Уг номонд хариуцлагатай иргэн хүн гэж ямар байх ёстой, түүний үүрэг, роль улс орны хөгжилд ямар эерэг үр дагавар авчирдаг тухай өгүүлдэг юм байна.
 
П.Энхмандах
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)