Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ЗТЯ-ны газрын дарга Б.Жаргал тендер будилаантуулсан уу?

Өнгөрсөн оны есдүгээр сард ЗТЯ-ны сайд М.Зоригт “ЗТЯ-нд төрөөс төрсөн тэрбумтнууд байдаг юм байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлж олны анхаарлыг татаж байсан цаг саяхан. Энэхүү төрөөс төрсөн тэрбумтан нь тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Занданбат байсан юм. Мэдээж салбарын сайд нь ажилтнаа ийнхүү төрөөс төрсөн тэрбумтан гэж нэрлэсэн нь яалт ч үгүй олны анхаарлыг татаж тус яамны баян нөхрийн эрэлд гарч байсан билээ. Тэгвэл тус яаманд Б.Занданбатаас гадна цөөнгүй тэрбумтнууд байдгийг, тэдний бий болгосон мөнгө олох арга зам юу болохыг бид хөндөн бичиж байсан билээ.

Тухайлбал, бидний эчнээ танил ЗТЯ- тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргаар ажиллаж буй Б.Жаргалын талаарх нэгэн хачирхалтай мэдээлэл чих дэлсэх болсон ч тэрбээр өөрийгөө буруугуй гэдгээ нотлохын тулд өчигдөр АТГ-т шалгуулахаар ханджээ. Ямартай ч түүний нэр холбогдоод буй нэгэн хэргийн талаар товчхон өгүүлье.

Тэрбээр 2012 онд тус яамнаас зарласан нэгэн тендерийг будилаантуулж замаас нь нэлээдгүй их хэмжээний мөнгө хумсалсан гэх. Болсон явдлыг сануулахад, 2012 оны долоодугаар сарын 17-ны өдрөөс 2012 оны наймдугаар сарын 16-ныг хүртэл “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендер зарлажээ. Гэтэл энэхүү тендерт гадаад, дотоодын олон компани оролцож эдгээрээс Болгарын улсын “Контракс Еад” компани шалгаран хамтран ажиллахаар болжээ. Ингээд тус компани 2012 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр45/А дугаартай ажлын гэрээгбайгуулж, үүндээ 2014 хоёрдугаар сарын 1-н гэхэд дээрх ажлыг хийж дуусгахаар тусгасан ба уг гэрээг Б.Жаргал дарга хариуцан ажиллахаар болжээ. Энэ үеэс л эхэлж тендерт ирүүлсэн үнийн санал болон бас бус зүйл дээр нөхдүүд ажилласнаас болж 2014 оны тавдугаар сард ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа 45/А дугаартай дээрх гэрээг цуцлах мэдэгдлийг Болгарын талд хүргүүлжээ. Гэрээг цуцлах болсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа ч эх сурвалжууд“Манай тал гэрээ хийсний дагуу Болгарын компанид жил бүр 456 сая төгрөгийг төлөхөөр хугацаагүй гэрээ хийчихсэн байсан. Өөрөөр хэлбэл, программ ашиглаж эхэлснээс хойш төлбөр төлөхөөр гэрээлсэн нь тэдний мөнгө идэх нэг арга нь байсан” хэмээн ярьж байгаа юм.

Бидний олж сонссоноор “Контракс Еад” компани тоног төхөөрөмж болон программаа манайд 300 саяар өгье гэхэд нь манай талын мэргэжилтнүүд 700 саяар худалдан авсан гэдэг. Тиймээс л үүний учрыг олох гэж дээрх тоот гэрээг цуцалсан байдаг юм. Хамгийн хачирхалтай нь хийсэн гэрээг нь цуцалсан байхад Болгарын тал манайд нэг ч гомдол гаргаагүй. Уг нь тэд яагаад энэхүү гэрээг цуцлах болов гэж асуудал үүсгэж 45 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг. “Гэтэл тэд нэг ч удаа гомдол гаргаагүй нь тун хачирхалтай. Ямартай ч манай яам энэхүү гэрээг байгуулснаасаа хойш Болгар руу дөрвөн тэрбум төгрөгийг шилжүүлж зургаан программаа авсан. Уг нь найман программ авах ёстой. Энэ бүх гэрээний санхүүгийн асуудлыг сайтар нягтлаад үзвэл ихээхэн хэмжээний мөнгөний тоо гарна. Ийм учраас л гэрээ болон мөнгөний учрыг олох ёстой” гэх эх сурвалж байгаа юм.

Ямартай ч 2012 онд “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендер зарласан. Гэтэл гэнэт л цуцлагдсан гэдгийг тус яамны учир мэдэх хүмүүс ярьж байна. Тэгэхээр дээр дурдсан учир битүүлэг тендерийн ажлаас хэн хэдий хэрийн ашиг олов, яагаад Б.Жаргал дарга өөрийгөө гэнэт шалгуулахаар АТГ-т хандах болов оо. Уг нь түүний нэрийг дагалдаж цөөнгүй хууль бус үйлдлүүдийн сураг сонсогддог ч тэрбээр өнгөрсөн хугацаанд нэг ч удаа өөрийгөө шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байгаагүй.
Тэгвэл Б.Жаргал дарга нэгэнт хууль хяналтын байгууллагад шалгуулах болсон юм чинь “Авто тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, ажил эрхлэх” тусгай зөвшөөрлийг ямар компаниудад, ямар шалгуураар өгснөө ч шалгуулах хэрэгтэй. Энэхүү тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол одоог хүртэл хэл ам таталсан хэвээр байгаа юм. Хэдийгээр тэрбээр АТГ-т сайн дураараа шалгуулахаар болсон ч гэлээ түүний ар талыг дааж байдаг нөлөө бүхий эрхэм тус газарт ажилладаг гэх мэдээлэл бий.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)