Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нийслэлийн өдөр биш, Улаанбаатарын өдөр гэж нэрлэе

Монгол Улсын Нийслэлийн өдөр буюу аравдугаар сарын 29-нд бүх нийтээр амардаггүй боловч нижгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг яагаад Монгол Улсын нийслэлийн өдөр гэж оноож нэрлэж, олж тэмдэглэх болов, монголчуудын нийслэлийн түүх хэр урт вэ.  
 
Улаанбаатар хотын 93 жил 
1924 онд болсон Улсын анхдугаар их хурлын аравдугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Нийслэл Хүрээний нэрийг Улаанбаатар хот хэмээн өөрчилсөн гэдгийг бүгд мэднэ. Энэ огноог баримтлан Нийслэлийн өдрийг тэмдэглэх шийдвэрийг 1990-ээд оны дундуур гаргажээ. 
Коминтерний төлөөлөгч Рыскулов улаан туг, улаан хувьсгал дэлхийг бүрхэж байна гэдэг бэлгэдлээр Улаанбаатар хот болгоё гэсэн санал гаргасныг олонхи нь дэмжин баталсан түүхтэй. Энэ нь тухайн үедээ Нийслэл Хүрээг Ар Бээжин гэж нэрлэе гэсэн саналаас хамаагүй дээр байсан нь мэдээж. Тэгэхээр энэ жилийн аравдугаар сарын 29-нд Нийслэл Хүрээ “Ялсан хувьсгаалын баатар хот” Улаанбаатар нэрийг авсны 93 жилийн ой тохиож байгаа юм. 
 
Нийслэл Хүрээний 105 жил
Манжийн захиргааны төлөөний газар байсан Их Хүрээг нийслэлээ болгон сэргээн байгуулсан зарлигийг Богд хаан 1912 оны хоёрдугаар сарын 09-нд гаргасан нь тусгаар тогтнолоо бүрэн дүүрэн тунхагласан хэрэг байжээ. 
Учир нь монголчууд Манж Чин улсад эзлэгдсэнээр төр засгийн бүх үйл хэрэг Бээжингээс хамаардаг болсон юм. Монгол ноёд Бээжинд очиж жасаалан, хэрэг заргаа шийдүүлж, өргөл барьц өгч, тэндээс цол хэргэм, цаг тооны бичгээ хүртэл авдаг байсан нь эцэс болж монголчууд төрийн бүх хэргээ Нийслэл Хүрээндээ өөрсдөө шийдэх болсныг зарлан тунхагласнаараа дээрх зарлиг түүхэн ач холбогдолтой. Тэгэхээр энэ өдрийг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойг тэмдэглэдгийн адилаар Нийслэлээ сэргээн тунхагласны баяр, орчин цагийн нийслэлийн ой болгон  тэмдэглэхэд болохгүй юмгүй.    
 
Өргөө хотын 378 жил
Өнөөдөр бидний Нийслэлийн өдөр гэж тэмдэглэдэг ой дээрх хоёр үйл явдалтай огт холбоогүй. Харин өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл суурь тавигдсан он цагийг урагш хөөн товлон тооцоолсон хэрэг юм. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг таван настайд нь Монголын шашны тэргүүнээр өргөмжлөн Шар бөсийн орд барьж суулгасныг Монгол Улсын нийслэлийн үүсэл гэж үзжээ. Өндөр гэгээнд анх барьж өгсөн Шар бөсийн орд өргөжин тэлсээр тэр үеийн цаг төрийн өнгө аясыг даган Орхон, Туулын сав газраар нийт 29 удаа буурь сэлгэн нүүдэллэж Өргөө, Номын Хүрээ, Богдын Хүрээ, Их Хүрээ, Да Хүрээ гэх мэтээр нэрлэгдэн явсаар 1778 онд Хан Богдын ар, Хатан Туулын хөвөөнд суурьшсан нь өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл байв. Харин үүнийг монголчуудын нийслэлийн үүсэл гэж болохгүй. Дөрвөн уулын дунд Алтан тэвшийн хөндийд Хутагтын өргөө бууриа засахаас өмнө энд суурин газар үүсч, сүм хийд байгуулагдсан байсан гэдэг. Өргөө, Их Хүрээ түүхийнхээ нэлээд хугацаанд нийслэлийн статусгүйгээр зөвхөн Хутагтын номын хүрээ, шашны төв байсан юм. 
 
Түүхийн ухааны доктор Л.Дүгэрсүрэн:
-1688 онд Өндөр гэгээн Өвөрмонголын Долнуурт очсоноор Өргөөний хувь заяа тодорхойгүй болсон. Өндөр гэгээн 1706 онд эргэн ирээд Цэцэрлэгийн Эрдэнэтолгой гэдэг газар монголчуудын Батцагаан гэж нэрлэсэн Рибогэжиганданшадублин хийдийг байгуулж Их Хүрээг шинээр үүсгэжээ. 
“Улаанбаатар хотын түүхээс” ном. 1956 он.
 
Хархорум нийслэлийн 797 жил
Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ойг 2015 онд Ерөнхийлөгчийн ивээл дор тэмдэглэсэн. Учир нь Монголчууд бид дэлхийн хэмжээний нийслэлийг байгуулсан улс. Их Монголын эзэнт гүрний үед Евразийг холбосон их гүрний бүх асуудлыг Хархоринд шийддэг байв. Мөн будда христ, лал гээд бүх шашны сүм, уран дархны газрууд тэнд төвлөрч байжээ. Нүүдэлчдийн ёсоо баримтлаад их хаан энд тэнд нүүдэллэж явдаг ч гол орд өргөө нь Хархорумд байв. XIII-XIV  зууны үед бүх зам Монгол руу, Хархорум хот руу чиглэж байлаа. Энэ үүднээс үзвэл манай нийслэлийн түүх 378 биш 800 жилийн өмнөөс эхлэх учиртай. 
 
Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар: 
-Манай анхны нийслэл бол Хархорум. Монгол Улсын нийслэлийн түүх Хархорум байгуулагдсанаас л эхлэх ёстой. Хархориноо Монгол Улсын анхны нийслэл байсан гэж үзэх юм бол нийслэлийн түүх ч тэр, Монголын түүх ч урагшилна. Гадаадын судлаачид надтай санал нэг байдаг. 
 
“Ардын эрх” сонин. 2017 он.
Монголчуудын анхны нийслэл Хархорум 1220-405 он хүртэл 185 жил оршин тогтножээ. Түүнээс хойш 1691 онд хүртэл төвлөрсөн суурин газар бус хаадын өргөө л төр захиргааны төв болж байв. Манжийн эрхшээлд байсан 220 жилд монголчууд албан ёсны нийслэлгүй байсан гэдэгтэй санал нийлнэ. 
 
Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар: 
1636 онд Өвөрмонгол, 1691 онд Халх Монгол, 1755 онд Баруун Монгол Манжийн мэдэлд орсон. Ингэснээр монголчуудын төвлөрсөн улс байхгүй болж Манжид дагаар орсноор нийслэл байхгүй болсон. 
“Ардын эрх” сонин
 
Үүгээр үзвэл 1912 онд буюу Хархорум хот оршин тогтнохоо больсноос хойш 507 жилийн дараа монголчууд тусгаар тогтносон улсынхаа нийслэлийг сэргээн тунхаглажээ. Өөрөөр хэлбэл 273 жилийн түүхтэй шашин номын төв Их Хүрээг Богд хаант Монгол Улсын Нийслэл Хүрээ болгосон байна. Өргөө, Их Хүрээ, Нийслэл Хүрээний түүх залгамжлан явсаар өнөөгийн Улаанбаатар хотын нэн шинэ түүхийг бүтээжээ.
 
Тэгэхээр бид жил бүрийн аравдугаар сарын 29-нд бид Нийслэлийн өдрийг тэмдэглээд байна уу, Улаанбаатарын өдрийг үү? Энэ өдрийг тэмдэглэх ёстой бол Нийслэлийн өдөр биш Улаанбаатарын өдөр гэж нэрлэвэл зохистой санагдана. Учир нь энэ өдөр бол нийслэл хот үүсэн байгуулагдсантай, эсвэл нийслэлээ сэргээн тунхагласантай ямар ч  холбоогүй, нэрийг нь л сольсон өдөр. Тусгаар тогтнол, бүрэн эрх байдлын баталгаа болсон нийслэл хотын ой, нийслэлийн өдөр гэвэл бид Эзэнт гүрний төдийгүй дэлхийн нийслэл байсан Хархорум хот байгуулагдсан он цагийг онцлох учиртай.  
 
Сэтгүүлч Г.Сонинбаяр
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)