Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"60 тэрбумын" А.Ганбаатар анх удаа мэдээлэл хийлээ

-Иргэн  Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой-
 
"60 тэрбумын" А.Ганбаатар анх удаа мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд  "Би МАН-ын гишүүн.  Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байна. Жил гаруй хугацаанд АТГ, цагдаа гээд хууль хяналтын байгууллагаар шалгууллаа. Энэ хугацаанд яагаад хэвлэлд хандаагүй, энэ талаар тайлбар хэлээгүй гэхээр хуулийн байгууллагаас хэргийг шалгаж байхад ямар нэг байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тайлбар хийж болохгүй гэдгийг сануулсан. Нөгөө талаар иргэн хүний хувьд энэ асуудалд хандаж ирсэн.  
 
Иргэн Г.Доржзодов бол  өөрийнхөө хийсэн стратеги, санхүүгийн схем төлөвлөгөөгөө бидэнд санал болгож байсан. Бид ч энэ төлөвлөгөөтэй нь танилцаж байсан. Миний өөрийн компанийн “Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхрын өрөөнд уулзалт болсон. Энэ уулзалтаар Нийслэлийн МАН-ын төлөвлөгөөг Г.Доржзодовын төлөвлөгөөтэй хамтатган ярилцсан нь үнэн.  Энэ уулзалтад байсан хүмүүсийнх нь яриа байхгүй.  Харин уулзалтад байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлэгтээ оруулсан.  Энэ танилцуулга уулзалтад нийслэлийн МАН-ын 2016 оны сонгуульд хэрхэн бэлтгэх, үйл ажиллагааг нэмэгдүүлэх, олон нийт рүү хандсан үйл ажиллагааг сайжруулах талаар ярилцаж байхад иргэн Г.Доржзодов өөрийн гаргасан санхүүгийн схемээ танилцуулсан. Тэрхүү уулзалтад нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд М.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Амарбаясгалан,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Доржзодов болон миний бие байсан.  
Энэ уулзалтад 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал огт гараагүй гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар яагаад ярихгүй байгаа нь сонин байна.  Гэтэл иргэн Г.Доржзодов өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна.  Бид олон ч хүнтэй уулзалт хийж, тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Тэр уулзалтуудын бичлэгүүдээ эвлүүлж, тарааж байна.  Иргэн Г.Доржзодов манай компанид ажилд орохдоо өгсөн анкет нь ч надад байна. Энэ уулзалтаас 10 хоногийн дараа иргэн Г.Доржзодов бүр нарийвчилсан төлөвлөгөө танилцуулсан. Энэ үед тоглоом болгоод ярьсан зүйл бий. Тухайн өдөр Г.Доржзодов бид хоёр хоёулхнаа уулзсан.  Тухайн өдөр хоёулхнаа байхдаа ярьсан яриаг дунд нь эвлүүлж оруулсан байсан.
 
Хэрэв иргэн  Г.Доржзодовын танилцуулсан санхүүгийн схемийг сонссон хүн буруудаж байгаа бол тухайн өдөр хамт сонссон Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар ч гэсэн буруудах ёстой байх. Энэ хүмүүс намынх нь нэр хүндэд халдсан худал мэдээлэл гарч байхад яагаад дуугарахгүй байна вэ гэдгийг их гайхаж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Гэхдээ хуулийн байгууллагаар шалгаж байгаа учраас зарим асуудлыг ярих боломжгүй.  Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ" гэсэн юм. 
Хэвлэлийн бага хурлыг эхээр нь эндээс хүлээн авч үзээрэй. https://www.youtube.com/watch?v=zhIeWPIlY1I
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)