Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Армийн генерал С.Шойгутай уулзав

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ энэ сарын 11-13 ны өдрүүдэд ОХУ-д ажиллаж 7-р сарын 29-өөс энэ сарын 12-ны хооронд ОХУ, БНХАУ, Казахстан Улс, Беларусь, Азербайжан улсуудын нутагт үргэлжилсэн 28 төрлийн тэмцээн бүхий 'Олон улсын цэргийн наадам-2017'-ийн хаалтын ажиллагаанд оролцоод ирлээ. Энэ үеэр тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай уулзалт хийж хоёр улсын цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
 
Олон улсын цэргийн наадмын 'Танкийн биатлон', 'Мэргэн бууч', 'Хээрийн гал тогоо' тэмцээнд Монголын Зэвсэгт хүчнээс 47 цэргийн албан хаагч бүхий гурван баг оролцсон юм. Наадмын гол тэмцээн болох Танкийн биатлонд 19 орны 57 экипаж нэг бүрчлэн тусгай маршрутын дагуу саадуудыг туулан, буудлагын дасгал гүйцэтгэн уралдаж нийлбэр дүнгээр хамгийн бага хугацаанд барианд орсон 12 орны баг хагас шигшээ тоглолтод шалгаран үлдсэн юм. Манай цэргийн баг 8-р байранд шалгарсан байна.
 
Мөн энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Москва дахь Ялалтын музейд зочилсон юм. Тус музейн удирдлага Батлан хамгаалахын сайдад хүндэтгэл үзүүлэн уулзах үеэрээ 'Эх орны дайны хүнд бэрхийг хамт үүрэлцсэн Монгол Улс, түүний ард түмний аугаа их ялалтад оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн үргэлж дурсан хүндэтгэж байдаг' гэдгийг тэмдэглээд Монгол цэргийн музейтэй хамтран ажиллах, Монголын тухай үзмэрүүдээр сан хөмрөгөө баяжуулах саналтай буйгаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)