Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Монгол бөхөн 50 гаруй жилийн дараа уугуул нутагтаа эргэн ирлээ

Дэлхийд хоёр төрлийн бөхөн байдаг. Нэг нь соргог, нөгөөх нь монгол бөхөн. Соргог бөхөн Дундад Ази, Казахстан, Халимагийн нутагт бий. Харин монгол бөхөн бол зөвхөн Монголд байдаг, өөр хаана ч байхгүй нэн ховор амьтан. Хэдийгээр агнахыг хуулиар хориглосон ч 1970-аад он гэхэд тоо толгой нь эрс цөөрч уугуул нутаг буюу одоогийн Увс аймгийн Завхан сум, Ховд аймгийн Дөргөн сумын нутагт оршдог Сангийн далай нуурын хотгорт бэлчихээ больжээ. 1980-аад оны үед зөвхөн Шаргын говьд л цөөн бөхөн үлдсэн түүхтэй. Харин 1994 оноос Ховдын Хар-Ус нуур, Дөргөн нуурын орчим, Хүйсийн говьд амьдрах болсон юм.

Тэгвэл Монгол орны зэрлэг амьтдын төлөө сэтгэл зүрхээ зориулсан гадаадын хандивлагчдын тусламжтайгаар хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд, байгаль хамгаалах байгууллагууд, нутгийн иргэдийн оролцоотой хийсэн ажлын ачаар энэ нэн ховор амьтныг хамгаалах ажил үр дүнд хүрч, тоо толгой нь өсч, амьдрах таатай орчин бүрдэж байгааг нотолсон үйл явдал саяхан боллоо. Увс аймгийн Завхан сумын нутагт хэдхэн жилийн өмнөөс бөхөн үзэгдэх болсон талаар нутгийн малчид ярих болсон юм. Үүнийг бататгах үүднээс байгаль хамгаалах байгууллагуудын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, Увс аймгийн Байгаль орчны газартай хамтран монгол бөхөнгийн тоо толгой, байршлыг тогтоох ажил зохион байгуулав. Судлаачдын ярьснаар, Сангийн далай нуурын  зүүн өмнөд хэсэгт 41 монгол бөхөн байнга бэлчиж  байгааг баттай тогтоожээ.  Монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирсэнд нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан бөгөөд энэ амьтныг хамгаалах ажилд сайн дурын үндсэн дээр оролцох хүсэлт гаргасан хүн ч цөөнгүй байсныг судлаачид хэлж байв.    

Увс аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Ганболдоос энэ талаар тодруулахад,

“Манай аймгийн Завхан сумын нутгийн захаар орж өвөлжөөд буцдаг байсан бол өнгөрсөн жилээс нутгийн гүн рүү Баян-Овоо, Татаалын Хэв, Нарийн, Аргалант, Сангийн далай зэрэг газруудад  тодорхой тооны монгол бөхөн байнга  амьдрах боллоо. Одоо хамгааллын асуудалд анхаарал хандуулах шаардлага гарч байна. Монгол бөхөнгийн байршил газрууд нь намар, өвлийн улиралд  малын бэлчээртэй давхацдаг  бөгөөд Завхан сумын төвөөс 40-60 км орчим зайтай байна. Цаашид дээрх газар нутгуудад монгол бөхөнгийн ажиглалт мониторинг хийх, идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулах,  судалгааны байгууллагуудтай хамтран бөхөнгийн судалгаа, тооллого хийх  ажил төлөвлөөд байна” гэв.

Албаны хүн ингэж ярилаа. Судлаачдын ярьснаар бөхөнгийн тоо толгойг байгалийн жамаар өөрөө оршин тогтнох чадвартай болох хэмжээнд хүргэхэд сэргээн нутагшуулалт зайлшгүй чухал байдаг ажээ. Энэ бүс нутагт монгол бөхөнг сэргээн нутагшуулахад экологийн хувьд тохиромжтой гэдгийг судлаачид онцлон тэмдэглэж байна.

Аливаа ховор амьтан хуучин тархац нутагтаа эргэн ирнэ гэдэг амьтан хамгаалагчдын хувьд баяртай мэдээ. Нөгөө талаар тухайн амьтныг хамгаалах ажил үр дүнд хүрч тоо толгой өсч байгаагийн нотолгоо болдог. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар бөхөн хамгаалах цогц ажлыг сүүлийн жилүүдэд орон нутгийн удирдлага, иргэдтэй хамтран хийсний ачаар  тоо толгой нь өсч 13800 болоод байна. 2002 оны өвөл тохиосон зуднаас болж монгол бөхөн 750 болтлоо цөөрч байсан удаатай билээ.

Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ

Бөхийж явдаг болохоор нь  энэ амьтныг бөхөн гэж нэрлэжээ. Их сонин хамартай. Сайн ажвал балар эртний амьтан харж байгаа мэт санагдана. Өөлбөл их “муухай” амьтан. Энэ нь ч аргагүй юм байна. Судлаачдын хэлж байгаагаар бол бөхөн маш эртний эрмэл амьтан аж. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Дүр төрх нь яг л тэр үед байснаараа.Тиймдээ ч “муухай” харагдаж байгаа байх. Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олон мянган бөхөн ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг. Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ "ханхлуулан" нутагтаа идээшилж явна. Монгол бөхөн нутгийнхаа “амьтан найз” нараасаа ялгарах нэг том онцлогтой.

Тэр бол дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын уугуул амьтан юм. Монголчууд унаган адуу гэдэг дээ, яг л түүнтэй адил. 250 мянган жилийн өмнө Монголд л амьдарч байсан, одоо ч эндээ бэлчиж байна. Азтай, бас азгүй амьтан. Тийм олон жил болоход мөхөлгүй төрөлх нутагтаа өдийг хүртэл амьдарсаар ирж, бидэнд амьд “үзүүлэн” болж байгаа азтай. Харин ийм ховор амьтан гэдгээ “ойлгуулж” чадаагүй азгүй амьтан. Яагаад гэхээр, монголчуудын олонхи нь бөхөнгийнхөө үнэ цэнийг мэддэггүй, ийм нэг амьтан явж л байдаг гэж ханддаг, зарим нь бүр мэдэхгүй. Үнэ цэнэ гэдгийг мөнгөн утгаар нь биш, харин маш ховор, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэдгээр нь онцолж байгаа юм. Монголд олон мянган амьтан бий, харин бөхөн шиг эртний, унаган нутагтаа “насаараа” амьдарч байгаа нь байхгүй.

Ямар ч улс оронд бахархах зүйл гэж байдаг. Тэр нь юу ч байж болно. Алдартай хүн, гайхамшигтай байгаль, бас ан амьтан. Тэр бүгдийгээ хэр тордож, хэр хамгаалж, хэр сурталчилж байгаагаас тухайн орны нэр хүнд гардаг. Жишээ нь, хятадууд Цагаан хэрмээ нэрийн хуудас болгодог. Амьтдаас панда буюу хулсны баавгайгаа туг болгож авч явдаг. Энэ амьтнаа их хайрлаж хамгаална. Амьдардаг газар нь тусгай хамгаалалттай. Эргэн тойронд нь хүн амьдардаггүй. Амьтны жинхэнэ диваажин.Ховор амьтан гэхээр дэлхий даяар пандагаар төлөөлүүлж ойлгодог. Одоо өсч үржээд 2000 гаруй пандатай болчихож. Гэсэн ч ховор, чухал амьтан гэж бүгд ярьсаар байгаа. Яагаад гэвэл, энэ амьтнаа хятадууд жинхэнэ утгаар нь хамгаалж чадаж байна. Иргэд нь ч пандатай  газар нутаг булаацалдаж  малаа тэнд  бэлчээдэггүй. Үүний ачаар пандаг ч хамгаалж чадаж байна, бас бахархаж чадаж байна. Хамгийн гол нь ховор амьтдаа чин сэтгэлээсээ хамгаалдаг гэсэн ойлголт дэлхийд түгэж Хятад Улсын нэр хүнд өссөөр. Тэгвэл монголчууд бид ховор амьтдаа хамгаалж, бахархаж чадаж байна уу. Харамсалтай нь үгүй. Бид ан амьтаддаа өөриймсөг ханддаггүй. Харь нутгийн амьтан шиг л ад үздэг.  Уг нь бидний бахархал болж Монголын маань нэртэй хамт явах учиртай нэг ховор амьтан бий. Түүнийг монгол бөхөн гэдгийг бид ойлгох учиртай.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт зэрлэг амьтдын амьдралд сөргөөр нөлөөлж байна. Дээр нь хууль бус агнуур, бэлчээрийн зохисгүй ашиглалт нэрмээс болсоор. Үүнд хамгийн их өртөж байгаа нь монгол бөхөн. Нэг баяртай мэдээ нь  2014 оны судалгааны дүнгээр монгол бөхөнгийн тоо өсч 13800 болсон  нь тогтоогджээ. Гэхдээ энэ бол баярлаж, сүйд болоод байхаар тоо биш. Яагаад гэвэл, энэ амьтны тоо толгойн өсөлт зөвхөн өөрсдөөс нь шалтгаалахгүй. Хатуухан хэлэхэд хувь заяа нь бусдын гарт байдаг. Зуд болоход л нэг дор олон мянгаараа хорогдох эрсдэлтэй. 2002 онд болсон их зуднаар бөхөн их хорогдож 750 болтлоо цөөрч байсан түүхтэй. Ядаж байхад малчид малаа бөхөнгийн нутагт бэлчээж бэлчээр булаацалддаг. Ган, зуд болсон хэцүү үед энэ нь бөхөнд их халгаатай. Дээр нь халдварт өвчин багагүй жин дарна. Ийм эрсдэл жил бүр хаалга тогшсоор байх нь ойлгомжтой. Казахстан улс гэхэд соргог бөхөнгийнхөө тоог 200 мянгад хүргэсний дараа л эврийн экспортын талаар ярьж болохоо мэдэгдсэн нь саяхан. Казахстан 180 мянган соргог бөхөнтэй байсан. Гэтэл Монгол 13 мянган бөхөнтэй.  Их зөрүүтэй байгаа биз. Гэтэл өнгөрсөн жил Казахстанд өвчний улмаас 148 мянган соргог бөхөн нэг дор хорогдож байсан билээ. 10 биш, 148 мянга шүү.

Ийм эрсдэл их байдаг болохоор ховор амьтны тоо толгой бага зэрэг өсөхөд мэргэжилтнүүд ач холбогдол өгдөггүй, харин ч хамгааллын ажлаа улам эрчимжүүлдэг билээ. Монголд бол бүр ч их анхаарах хэрэгтэй. Учир нь, Монголын байгаль, экологи өөрөө эмзэг, зарим талаараа ховор амьтдад халтай эрс тэс уур амьсгалтай. Үүнээс гадна хулгайн ан асуудалтай хэвээр байна. Бөхөн агнасан хэрэг байнга л гарах юм. Гурван жилийн өмнө цагдаа нар бөхөнгийн 74 ширхэг эвэр машиндаа нууж явсан бүлэг этгээдийг илрүүлэн саатуулж байсан билээ. Хэдэн жилийн өмнө 54 бөхөн агнасан хэрэг гарч олны анхаарлыг татаж байв. Үүнээс хойш хоёр, гурваар нь ангуучилсан хэрэг гарсаар байгаа юм. Гэмт этгээдүүд зохих ял шийтгэлээ хүлээж байгаа ч хууль бус агнуур буурахгүй байгаа нь монголчууд бид бүхэнтэй холбоотой. Учир нь, бид монгол бөхөнгөөрөө бахархаж, хайрлаж, бас гайхуулж чадахгүй байна.

Тэгвэл бүгдээрээ монгол бөхөнгөөрөө гайхуулцгаая л даа. Хятадуудаас дутах юм бидэнд байхгүй. Их түүх байна, ховор амьтад байна. Тэдгээрээс монгол бөхөнгөө онцолж дэлхийд сурталчилъя, бас бахархая. Аливаа зөв ойлголтыг дагаад тухайн амьтны үнэ цэнэ нь өсдөг. Үнэ цэнийг хайрлах сэтгэл дагана. Хайрлаж чадвал бахархах сэтгэл өөрөө аяндаа төрнө. Тэр цагт монгол бөхөн дэлхийн амьтны ертөнцийн брэнд болж чадна.  

Н.Энхбаяр

Эх сурвалж: TIME.MN

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)