Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

МАН засгаа огцруулж АН-ын алдааг давтах уу

Улс оронд ган нүүрлэж байгаа шиг улс төрд ч халуун нар шарж байна. АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтандаа дөрөөлж, шил шилээ дарсан дотоод сонгуулийн үеэр хэдэн тийшээ тарж бутарсан гишүүдийнхээ эв нэгдлийг сэргээхээр ажиллаж эхэлжээ. Намын даргын, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаа гээд АН хэд хэдэн тийш тарж бутрах хандлагатай болоод байв. Энэ намартаа багтаагаад АН бүсийн чуулганаа хийж, 2020 оны сонгуулийн бэлтгэлээ базаах чиглэлээр ажиллах төлөвлөгөө зуржээ. Ерөнхийлөгчийнхөөс бусад сонгуульд ялагдаж, ихэнх гишүүд нь гудамжинд лааз өшиглөж яваа АН-ын хувьд хагарсан намаа эмхэлж, гишүүдийнхээ эв нэгдлийг эргэн сэргээх нь зайлшгүй.
Улс төрийн ертцөнцөд ялагдсан нам эв нэгдлээ гагнах гэж оролдож байхад ялсан намд эв эе бүр ч их хэрэгтэй байдаг ажээ. Үнэмлэхүй ялалтынхаа буухиаг Ерөнхийлөгчийн сонгуулиар тасалдуулсан МАН шарталтаасаа одоо л гарч магадгүй боллоо. УИХ-д 65 суудал авсныхаа дараа гүн шарталтын байдалд нэлээд удаан тонгочсон МАН-ынхан одоо хөрсөн дээрээ буух цаг нь болсон. Намынхаа Их хурлыг 9-р сард хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал, бас бус зүйлсийн талаар дүгнэн ярилцахаар тов гаргасан байна. Гэхдээ МАН-ын энэ Их хурал алхаа гишгээндээ дүгнэлт хийх нэрээр халхавчлан 2-р ээлжийнхний хоолонд орох хуйвалдаан болчих вий гэсэн болгоомжлол өндөр байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын гол бурууг Засгийн газартаа тохож туг тахих санаатай хүмүүс МАН-д цөөн биш байгаа бололтой.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхим бүрдээд нэг жилийн хугацаа өнгөрч байна. Мөрийн хөтөлбөрөө биелүүлэх хугацааны ердөө дөрөвний нэгийг туулсан гэсэн үг. Гэтэл Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын зарим гишүүн гарын үсэг цуглуулаад эхэлсэн талаар хэвлэлүүд илчилж, улстөрчид ч өөр хоорондоо ярих боллоо. Засаг огцорбол улс төр, эдийн засаг автоматаар тогтворгүй болно. Энэхүү бужигнааны тоосонд дарагдаж, хамгийн их хохирох хүмүүс бол жирийн монголчууд. Эдийн засаг арайхийн тогтворжиж, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд хурдтай өсөж байгаа энэ цаг үед улс төрд тогтворгүй байдал нүүрлэвэл Монгол Улс урагшаа алхах биш хойшоо ухарна. Дөнгөж сэргэж байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл дахиад л алдарна. Энэ удаад эргэж харахгүйгээр цаашаа алхчихаж мэднэ. Яагаад гэвэл Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд, гадаададын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаад явж байгаа. 
Засгийн газар ганхах нь улс орны амьдралд ч, улс төрийн ертөнцөд ч сайн зүйл огт авчирдаггүй гэдгийг улирч одсон, бас саяхны олон жишээ бэлхнээ нотолдог. Хамгийн сүүлд гэхэд АН-ынхан засаглаж байхдаа 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг өөрсдөө санаачилж, МАН-тай хавсарч огцруулсан. Харин 2016 оны сонгуулиар УИХ-д арай гэж бүлэг байгуулах хэмжээний цөөн суудалтай үлдэж, навс ялагдсан. УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн гээд 3 шатны сонгуульд ялалт авчирсан Н.Алтанхугийгаа өшиглөлөө гэсэн чинь АН-аа, олон нийтийн итгэлийг тэр чигт нь өшиглөчихсөн гэдгээ сонгуулийн маргааш л АН-ынхан ухаарсан байх. Яг энэ алдааг өнөөгийн эрх баригч МАН-ынхан давтаж магадгүй нөхцөл байдал үүсчихээд байна. Хоорондоо хөлөө жийлцвэл эрх баригчид 2020 онд хог дээр үсрэхийн л цондон. Үүнийг хэн нэгэн зөн билэгтэн зөгнөөгүй. Монголын улс төрийн өнгөрсөн 25 жилийн сургамж нотлоод байгаа хэрэг. 
Тэгэхээр Монголын улс төр дэх энэхүү хэт халалт сэргэж ядан байгаа эдийн засгийг наранд цохиулах том эрсдэлтэй. Хэрэв элгээрээ хэвчихсэн байгаа эдийн засгийг одоо л тогтоож авахгүй бол АН, МАН хоёр нийлж зүтгээд ч ойрын 10 жилдээ босгож дөнгөхгүй. Улс орны хувь заяа том уу, хэсэг улстөрчийн албан тушаалд очих ашиг сонирхол чухал уу гэдгийг эрэмбэлэх л учиртай. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)