Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Итгэл сэргэвэл ирц босоод л ирнэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилан дүн гарлаа. Сонгогчид 66 гаруй хувийн ирцтэйгээр саналаа өгчээ. Подхийсэн ирц гэмээр. Зарим хүний дүгнэж байгаагаар хэтэрхий хар бараан давамгайлсан сонгуулийн сурталчилгааны дараа ийм ирцтэй сонгууль бол боломжийн юм шиг л санагдаж байна. Гэхдээ мэдээж хэрэг илүү өндөр ирцтэйгээр саналаа өгвөл хэн хэндээ хар сэргүй, сэтгэл ханамжтай байх нь ойлгомжтой. Хүмүүсийг ирж саналаа өгсөнгүй, залхуу хойрго гэж зандрахаас илүүтэй сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц яагаад тогтмол буураад байгааг зөв оношлох нь чухал мэт.
 
Саяын санал хураалтын дараа хоёрдугаар шатны санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Ерөнхийлөгчийн сонгууль угаасаа 2 шаттай байна гээд олон жилийн өмнө хуульчилсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Учир нь өмнөх сонгуулиудад нэр дэвшигчид 50+1 хувийн санал шууд авчихдаг байсан болохоор анх удаа л 2-р шатны санал хураалт болох гэж байна. Энэ санал хураалт шинэ түүх болж байгаа шиг улс төрийн намууд сонгогчдын олонхийн дэмжлэг авах улстөрчийг, даацтай бодлого, мөрийн хөтөлбөр дэвшүүлж чадаагүй нь бас нэгэн шинэ түүх, рекорд болж байна. 
 
Сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50+1 хувийн санал буюу итгэл авах хэмжээнд биш байгааг сонгуулийн дүн харууллаа. Эндээс харахад улс төрийн намууд олон нийтийн хэлдгээр зөв хүнээ нэр дэвшүүлэх, улс орны хөгжлийг хурдасгах мөрийн хөтөлбөр, бодлого дэвшүүлэх тал дээр илүү сайн ажилла гэдэг гэрийн даалгаврыг сонгогчид өглөө. Олон жил дарга хийснээр, бөх сайн барилддагаар, популизмын галыг илүү өрдсөнөөр улс төрд ялдаггүй, олонхийн дэмжлэг авдаггүй, ийм PR олон нийтэд таалагддаггүй юм байна.
 
Улстөрчид нь, улс төр нь цэвэр байвал олон түмний төрд итгэх итгэл сэргэнэ. Итгэл сэргэвэл ирц өндийгөөд л ирнэ. Хамгийн чухал нэг зүйл бол сонгууль болгоны өмнө нэр дэвшихээр горилж байгаа хүмүүст зориулж хуулиа өөрчилдөг хорт муу зуршлаа орхимоор байна. Сонгуулийн тогтолцоо, санал өгөх журам зэрэг нь тогтворгүй, байнга өөрчлөгддөгөөс сонгогчид шууд залхдаг, ойлгомжгүй байдал үүсдэг. Ийм тогтворгүй орчинд сонгогчдын боловсрол дээшлэх боломжгүй. Улс төрийн намууд, аль ч сонгуульд нэр дэвшсэн хүмүүс хараал хэрүүлээр уралцаж биш хөгжлийн бодлогоор уралдаж сонгогчдоор барианы зурхайд дүн тавиулдаг соёлыг төлөвшүүлье.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)