Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

С.Одонтуяа: Ардчиллынхан хийнэ л гэж амласан бол хийдэг

АН-ын сонгуулийн штаб:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга Улаанбаатар хотод ажиллаж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой “Улаанбаатар палас”-т уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.  Уулзалтад нэр дэвшигчээс гадна УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, Баянгол дүүргийн Засаг дарга, АН-ын дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 
 
Уулзалтыг нээж Баянгол дүүргийн Засаг дарга болоод АН-ын дарга С.Одонтуяа “Улаанбаатар палас”-ыг дүүргэсэн дүүргийнхээ сонгогч, иргэдэд хандаж үг хэлсэн.  Тэрбээр “Баянголчууд нэр дэвшигч Баттулгыг их л удаан хүлээлээ. Харин сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэгчлэн өнөөдөр бүтэн өдөр манай дүүрэгт ажиллаж, сонгогчдын энэ уулзалтаас гадна худалдаа үйлчилгээний газруудаар явж, биенес эрхлэгчидтэй уулзах юм байна. Баянголчууд бид нэр дэвшигчээ сайхан мэдээтэй угтаж байгаа. Бид баянголчуудтайгаа уулзаж, судалгаа явуулсан. Олон төрлийн асуултад хариулт авч, бодит судалгаа хийсэн. Баянгол дүүргийн иргэд нэр дэвшигч Баттулгыг бүгд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн гэдгийг дуулгахад таатай байна. 
 
Иргэд сонгогчдоосоо бид тусгайлан асуусан. Та яагаад Баттулга нэр дэвшигчийг дэмжиж байгаа юм бэ гэж. Хүмүүс маш олон шалтгаан хэлж байна билээ. Гэхдээ дөрвөн үндсэн шалтгааныг иргэд түлхүү хэлж байна. Монголчууд бидний итгэл үнэмшил маш чухлаар тавигдах ёстой. 1990 оноос хойш сэргэж эхэлсэн монголчуудын итгэл үнэмшил улам бүр унтарсаар байгаа. Өөрийн гэх бизнестэй болоод, өөрийнхөө хүчээр амьдарна гэж итгэж байсан иргэдийн итгэл алга болсон гэж хүмүүс хэлж байна. Мөн төрийн албыг наймаалцагсад сонгуулийн үр дүнг луйврын аргаар өөрсдийн талд эргүүлэхээр оролдож буйд иргэд маш их дургүйцэж байгаа. Баялгийн тэгш хуваарилалт гэж алга гэдгийг бас иргэд хэлж. Бидний үнэт зүйл болсон эх орон, тусгаар тогтнол, шударга ёсыг эрх баригчид нулимж байна гэж үзэх иргэд ч олон байна. Энэ бүхнийг өөрчлөх хүн нь Баттулга гэж Баянгол дүүргийн иргэд итгэж байгаа юм. 
 
Нөгөөтэйгүүр Баттулга нэр дэвшигч Монгол Улсаа эдийн засгийн хувьд тусгаар тогтносон, өрсөлдөх чадвартай болгоё хэмээн зорьж буй нь баянголчуудад туйлын их таалагдаж байгаа. Баттулга нэр дэвшигч бид хөгжинө, бид чадна гэсэн нийтийн итгэл үнэмшил өөрчлөлтийг авчрах хүч болж хувирдгийг мөрийн хөтөлбөртөө тод томруун бичсэн байна. Өнөөдөр монгол залуус эх оронч үзэлтэй, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг бие бялдартай, хариуцлагатай байх хэрэгтэй. Залуусыг ийм чадвартай болгохыг зорьж байгаагаа мөрийн хөтөлбөртөө багтааж өгсөн нь баянголчууд, ээжүүд биднийг Баттулга нэр дэвшигчид итгэх итгэлийг бий болгож байгаа юм. 
 
 
Баянголчууд Ардчиллыг дэмждэг. Яагаад гэвэл Баянгол дүүрэгт Ардчиллынхан ялаагүй бол энэ олон бүтээн байгуулалт хийгдэхгүй байсан. Баянгол дүүрэгт ардчилал ялаагүй, Эрдэнэ гэдэг улстөрчийн баг байгаагүй бол энэ олон сургууль, цэцэрлэг баригдах байсан уу гэдгийг манай иргэдээс асууж болно оо. Та бүхэн мэдэж байгаа. МАН-ынхан Улаанбаатар хотыг 20 гаруй жил удирдсан. Тэд Улаанбаатарыг хамгийн бохирдолтой хот болгосон. Тэд Улаанбаатарыг хамгийн төлөвлөлтгүй хот болгосон. Байгаа бүх газрыг нь зарсан. Баянгол дүүрэг гэхэд л ямар төлөвлөлттэй байгааг бид бүхэн мэднэ. Харин өнгөрсөн дөрвөн жилд Бат-Үүл дарга гарч ирж байж нийслэлд ямар сайхан бүтээн байгуулалт хийснийг баянголчууд мэднэ. 
 
Ардчиллынхан хийнэ, бүтээнэ л гэсэн бол хийдэг. Мөрийн хөтөлбөр нь зүгээр нэг цаасан дээр бичсэн амлалт биш байдаг. Бид хүүхдүүдээ эрүүл байлгана л гэж амласан. Усан бассейн, спортын төвүүдийг Баянгол дүүрэгт барьсан. Бид иргэдээ эрүүл байлгана гэж амласан, эмнэлгүүдээ барьсан. Бид гэр бүлээ дэмжинэ гэж амласан. Гэр бүл, ёслолын ордон,  Ахмадын хөгжлийн төв барьж, олон сайхан бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ бол АН-ынхан мөрийн хөтөлбөрт тусгасан бүхнээ биелүүлдэг, хийж бүтээдэг гэдгийг харуулж байгаа юм. Тиймдээ ч Баянгол дүүргийнхэн ардчиллын улстөрчийг дэмжсээр ирсэн. 
Аливаа улсын сэргэн мандалт, хөгжил цэцэглэлтийн  үндэс болдог зүйл нь үндэсний үзэл хэмээн судлаачид үзсэн байдаг. Тийм учраас ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй Халтмаагийн Баттулгыг дэмжицгээе хэмээн та бүхэндээ уриалж байна” хэмээн хэллээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)