Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Эзэнт гүрний боолуудын шарх

Япон цэргүүд Хятадын Нанжин хотод секс боолуудын төв болгон ашиглаж байсан байшинг музей болгон хувиргажээ. Эмэгтэйчүүдийн эмзэг, нандин хэсгүүдийг нь шалгадаг сандал, үзлэг хий­дэг эмч нарын гэрэл зураг, бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг эм бэлд­мэл, зүү, тариур, дотор оношлуур, япон цэр­гүү­дийн хувцас зэргийг музейд тавьжээ. Сomfort woman буюу япон цэр­гүү­дийн секс боол болж яв­сан эмэгтэйчүүдийн зур­гийг томоор угаалгаж хананд өлгөжээ. Дээрх үз­мэрүүдийн заримыг Ли Жиюун хандивлажээ. Хятадын өмнөд хэсгийн Жиансу мужид япон цэр­гүү­дийн 40 орчим секс боолын төв байсны нэг нь энэ юм. “Чөлөөлөлтийн дараа ээж минь энэ түүхийг хэзээ ч ярьж байгаагүй. 2005 оны сүүлчээр хөр­шийн нэг хөгшин ээжийг минь comfort woman байсан гэдгийг хэлсэн юм. Сэтгэл хачин болж, итгэж чадахгүй байсан” хэмээн Ли Жиюуны өргөмөл хүү Тан Жиагуо өгүүлэв. Ли Жиюун энэ түүхээ хүүгээсээ нуусан төдийгүй, 1982 онд нас барсан нөхөртөө ч хэлээгүй аж. Жиагуо өргөмөл ээжээсээ тэр талаар асуухад тэрээр ихэд уурлаж, намайг доромжиллоо хэмээн юм ярихаас татгалзаж байв. Гэвч ятгаж, ярилцсаны эцэст хандлага нь өөрч­лөг­дөж, бүх секс боолуудын өмнөөс шударга ёсыг шаар­дахын тулд өнгөрсөн түүхээ дэлгэхийг зөвшөөр­чээ. Ли Жиюун 2007 онд 79 насандаа өөд болжээ.

Ли Жиюуныг 13 нас­тай байхад нэгэн янхны газрын эзэн цэвэр­лэ­гээний ажилтан хэрэгтэй байна гэж хэлж, ажилд авчээ. “Гэвч хэсэг хуга­цаа­ны дараа намайг ян­хан болохыг шаардсан” хэмээн тэрээр 2007 онд нас барахаасаа өмнө ярилцлага өгөхдөө дурдаж байв. “Намайг 5-6 охидын хамт өр­гөн орон дээр хэвтүүлээд цэр­гүүд ээлжлэн орж ир­дэг байсан. Татгалзах юм бол буугаараа зодож, цохьдог байсан. Охидын нэг нь зодуураас болж үхвэл бай­­шин­гийн эзэн нүх ухаад булчихдаг байсан. Эхэн­дээ бид 15-уулаа байсан ч зургаа нь үлдэж, бусад нь үхсэн” хэмээн хятад эмээ дурсаж байсан юм. Жиюун тэр газар хоёр жил болсны эцэст 1943 онд зугтаж чаджээ. 17 насан­даа гэрлэсэн ч янхны газарт өгдөг байсан эм бэлд­мэлийн улмаас хэзээ ч жирэм­сэн болж чадаагүй юм. “Ээж минь япон цэр­гүүдийг шүүхийн өмнө аваа­чихыг хүсч байсан ч чадалгүй нас барсан. Нас барахаасаа өмнө миний нэрийн өмнөөс тэм­цээрэй гэж захисан” хэ­мээн Тан Жиагуо өгүү­лэв. Япон цэргүүд 1931-1945 онд Хятадын газар нутаг дээр үйлдэж байсан яргалал, харгис үйлдлийг баримтжуулах ажлыг Бээжингийн эрх баригчид сүү­лийн хэдэн жилд идэвх­тэй хийж байгаа юм.

Япон улс дайны үед секс боол байсан Өмнөд Солонгосын эмэг­тэй­чүү­дэд нөхөн төлбөр олгох талаар тохиролцоонд хүр­сэн нь Хятадад маргаан да­гуулж, тэд ч бас өөрс­дийн эрхийг шаардаж бай­гаа аж. Японууд анх 1937 онд Нанжинд янх­ны газар байгуулж, хятад эмэгтэйчүүдийг хү­чээр аваачин секс боол бол­годог байжээ. Улмаар япон цэргүүдийн зугаа цэнгээний газар Шанхайд хүрээгээ тэлж Дайчи тан­хим гэсэн нэртэй болж байсан юм. 2014 онд Жилин мужийн архиваас Японы армийн баримт сэл­­тийг сэргээж авсны дараа япон цэргүүд хэдэн зуун зугаа цэнгээний газ­рыг байгуулж байсан нь ил болсон юм. Нанжинд гэхэд л 178 цэрэгт нэг comfort woman ногддог байжээ. Нан­жины ойролцоох Жэнжиан хот дахь секс боолуудын төвд арав хоногт л найман мянга 929 япон цэрэг зочилж байсан нь ар­хивын баримтаас ил болжээ.

“Орчин үеийн түүхэнд янхны газрын ийм том сүлжээг байгуулж байсан цорын ганц улс нь Япон” хэмээн Шанхайн их сур­гуулийн түүхч, судлаач Су Жилян өгүүлж байна. Япон, Хятад хоёр 1972 онд дипломат харилцаагаа сэргээсний дараа секс боолуудын асуудал сөхөг­дөж, олон эмэгтэй шүүхэд өргөдөл гомдол гаргасан ч олигтой үр дүнд хүрэхгүй бай­гаа юм. Тэд шүүх дээр олон удаа ялагдал хү­лээж байгаа ч бууж өгөх бодолгүй байна. Өмнөд Солонгосын арав гаруй эмэгтэй өнгөрсөн долоо хоногт улсынхаа шүүхэд Токиогийн эсрэг гомдол гаргаад байна. “Тэд нас барсан ч хүүхдүүд нь тэм­цэх нь болно. Бид­ний хувьд мөнгө тийм чухал биш. Шударга ёс, хариуц­лагыг тогтоохыг хүсч байна. Тэд уучлал гуйх ёс­той. Өмнөд Солонгостой тохиролцоонд хүрснийг мэдээд миний уур хүрсэн. Японууд Хятадад бас ийм гэмт хэрэг үйлдсэн. Зөвхөн солонгосуудын өмнө уучлал гуйх нь хангалтгүй” хэмээн Ли Жиюуны өргөмөл хүү Тан Жиагуо ярилаа.

 

Н.МӨНХЖИН


 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)