Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Очирваанийн хүүхдүүд Оюуны их наадамд

(Аян замын тэмдэглэл)
 
Хаврын адаг сарын шинийн 10-ны балжиннямтай билэгт сайн өдрөө Завхан аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайханы нэрэмжит математикийн олимпиадын 15 жилийн тэгш дүүрэн ойн зохион байгуулагчид  наран ургах зүгээс буюу Завхан аймгийн Цагаанчулуут сумаас, дорнын их тэнгэр уул Отгонтэнгэрийнхээ баруун талаас  гараагаа эхэлчихээд нар зөв  бүтэн тойрч, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд отголж, Завхан аймгийн Улиастай сумд хоёрын  даваагаа амжилттай хийгээд өндөрлөлөө. 
Урин цагийн салхин зөөлхөн исгэрсэн хавар цаг аль хэдийнэ айлчлан ирж, усны шувуудын дуу тэнгэрт хадах үеэр нутгийн зүг хараа бэлчээн санаашрахуйд, их хотод ирээд өвөлжөөд хавар болохоор нутагтаа яардаг ижий аавынхаа сэтгэлийг сая л ойлгох мэт. Тийм л хаврын дулаахан өдөр их хотоос нутгийн зүг яаран довтолсон ч Завхан нутагтаа ойртох бүрт цас лавлан орж, шуурга шуурч,  хавар атлаа өвөл мэт өнгөө гайхуулан угтах нь Очирваанийхаа зүг ойртсоныг илтгэх мэт ээ. 
ШУТИС-ийн багш миний бие Завхан нутгаасаа Улаанбаатар  хот руу яваад, 11 жилийн дараа 15 түүх, яруу найргийн номтой бууж,  номын баяраа аав, ээжийнхээ нутаг, өөрийнхөө төрсөн газартаа хийх гэж ирсэн үедээ “Оюуны наадам”-ын  зохион байгуулагчдын бүрэлдэхүүнд орох болсон минь завшаантай хэрэг болсон төдийгүй Завхан нутгийнхаа ирээдүйд өөрийн гэсэн мөрөө тодоос тод үлдээх гэсэн гэгээн хүсэл  минь биелэгдэж, нутгийнхаа түүхийн багш нарт түүхийн хичээлийн арга зүйн семинар өгөх гэсэн мөрөөдөлд минь сүү өргөж, цаг наргүй ажилдаа ханцуй шамлан зүтгэх эрхэм хүмүүстэй нэгэн баг болж ганзага нийлсэн минь урьд хожид анзаарч хараагүй олон зүйлийг харах боломжийг өгснийг хэлэх нь зүйн хэрэг ээ. 
Улаанбаатар хотоос 1040 км-ийн тэртээ байх аав,  ээжийнхээ нутагтаа жилдээ хэд, хэд очдог төдийгүй явах бүртээ зам муутай, хөгжил хоцрогдонгуй, алслагдмал байгаад халаглаж явдаг байсан бол харин өдгөө засмал зам Завхан аймгийн Тосонцэнгэлд аль хэдийнэ хүрч, Загастайн давааны энхэл донхол замууд засагдаж, Завхан нутаг хол биш ойрхон юм шиг санагдах,  басхүү хийсэн ажил нь нүдэн  дээр ил байхыг харж, Завхан аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайхан гэдэг эрхмээр бахархан, уугуул нутаг, унасан газар, угаасан усандаа  дөрөө мулталсан юм.
Даймаагийн  Батсайхан гэхээр Идэрийнхэн манай нутгийнх   хэмээн “өмчирхөх” байх гэж эмээх хэдий ч үнэндээ Завханы, Монголын  банк санхүүгийн салбарт өөрийн гэсэн мөрөө тодоос тод  гаргасан учир бид бахархах, хайрлах хүүтэй байгаа нь сайхан. 
МУИС-ийн Завхан дахь салбар сургуулиас ажлын гараагаа эхэлж, Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн даргаас, аймгийн Хас банкны захирал , улмаар Завхан аймгийн ХААН банкны захирлаас, Улаанбаатар хотноо ирж, ХААН банкны зээлийн газрын захирал, бизнес хариуцсан захирал, төв банкны дэд захирал, гүйцэтгэх захирлын орлогч, Төрийн банкны ерөнхий  захирал хүртэл явж, харин одоо Завхан аймгийнхаа Засаг даргын ажлыг нэр төртэйхэн гүйцэтгэж  явааг нь гэрчлэх хүмүүс бол Завхан нутгийн мянга, мянган бяцхан үрс юм байна гэдгийг,  Завхан аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайханы  нэрэмжит олимпиад хэмээн нээлт болон шагнал гардуулах ёслол бүр дээр зарлаж зогсохдоо он жил бүхэнд ажил амьдралтай нь зэрэгцэж явсан олимпиад нь одоо  эрийн цээндээ хүрснийг мэдэрлээ.  
 Хас банкны, ХААН банкны, Төрийн банкны Батсайхан, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч эрхэм гишүүдийн нэг, Завхан нутгийнхаа төлөө чамгүй ихийг хийж яваа гэдгийг сайн мэдэх хэрнээ хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ  гэсэн бодол тээж явсан нь олимпиадын зохион байгуулагчдын эгнээнд хамт явсныхаа хувьд таних нэгэн сэжүүр гарсныг нь тэмдэглэх нь зүй. 
Улаанбаатараас сэрүүхэн байсан бол Архангайгаас цас лавсан орж, цасан шуурга шуурч, Цагаанхайрхан суманд ганзага нийлж, Цагаанчулуут сум руу оройхон хирд гарч, 5 сарын 5-ны билэгт сайн өдөр  “Оюуны их наадам”-аа  эхлүүлэх гэж яаран давхиж, Улиастай, Дөрвөлжин, Нөмрөг, Баянхайрхан, Тосонцэнгэл гэсэн 6 бүсэд 24 сумын сургууль ба Увс аймгийн Зүүнхангай сумын бүрэн дунд сургуулийн 4-12-р ангийн сурагч, багш, эцэг эхчүүд цугларч, 2-р шатанд Завхан аймгийн бүс бүрээс шалгарч эхний 6 байр эзэлсэн манлайлагчид,  Хөвсгөл аймгийн багш сурагчдаас бүрдсэн нийт 3092 сурагч, 157 багш, 155 эцэг эх, математик сонирхогчид  оролцсон далайцтай, томоохон олимпиад “Оюуны наадам” болсныг хэлэхэд таатай байна.  
Уг наадмыг зохион байгуулах  комиссын бүрэлдэхүүнд “Оюуны наадам”-ыг санаачлагч, Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан, ерөнхий зохион байгуулагч Д.Ренчинсүрэн, Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж. Хүрэлбаатар, Боловсрол Соёл Урлагийн Газрын мэргэжилтэн Н.Мөнхбат, Ш.Баттулга, Б.Шаравдорж, “Оюуны наадам”-д хүүхэд насандаа оролцож байсан бол өдгөө шүүн тунгаагч, зохион байгуулагчаар оролцож буй математикийн багш Э. Жамъянхорол, Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлогын төлөвлөлт хэлтсийн мэргэжилтэн Х.Галбаяр, Шагнал хариуцсан мэргэжилтэн Н.Вансэмбэрүү, Зохион байгуулагч Б.Энхзаяа, Э.Өсөхбаяр, жолооч П.Бямбасүрэн, Д.Дарханбаатар  нар багтаж байлаа. 
Оройхон гарсан багийнхан шөнөдөө Цагаанчулуут сумд очихын зуурт Цагаанчулуут сумын дунд сургуулийн захирал М.Нямсүрэн хэмээх эрхэм,  Цагаанхайрхан сумын захирал Б.Алтанцэцэг, Отгон сумын захирал Д.Цэнд-Аюуш,  Шилүүстэй сумын дунд  сургуулийн менежер Ц. Хашчулуун нарын  хамт тосон авч, Цагаанхайрхан сумд багшилж байх үедээ бүсийн олимпиадаар хэдэнтээ таарч, яруу найрагч хэмээн цоллон дуудаж, тайзан дээр урьж байсан энгийн мөртлөө эгэлгүй хүмүүний мөн чанарыг харахын сацуу сүүтэй цай, өрөм, барьсан талх, амттай оройн зоогоо дээжлэн, монгол хүний юу байдгаа барьж байдаг зангийн илэрхийлэл болсон бүсгүй хүний ааш аягийг харсан төдийгүй бид хамгийн гоё газар нь Цагаанчулуут байсан гэж дахин, дахин дурссаныг хэлэх байна. 
Сэрүүвтэр байсан Цагаанчулуут сумын наран  дорноос мандаж, хүүхдүүд сургууль руугаа эртээ гэгч яарах нь, хажуу өрөөний ахын эртлэн босож хувцаслах  нь сонсдож,  5 сарын 5-ны балжиннямтай өдрийн өглөөг Очирваанийхаа ойрхоноос  эхэлсэн нь тэр бөлгөө. 
Улс орон даяар болдог олимпиад гэж жил бүр л багш, суралцагчид уралдаж, төсөв мөнгөндөө баригдаж, маргаан талцал гарч байдгийг сумын багш байхдаа мэдэхийн хэрээр, харин “Оюуны наадам”- ын  нээлтийн үйл ажиллагаа, шагнал гардуулах ёслолыг хөтөлж, олимпиадыг зохион байгуулалцаж, Завхан аймгийн Цагаанчулуут сумаас эхэлсэн нөр их ажлыг харахын зуурт ирээдүйн Монголынхоо, Завхан  нутгийнхаа нэрийг гаргах мундаг боловсон хүчнүүдийн суурь эндээс бэлтгэгдэж, хиргүй тунгалаг сэтгэлээрээ жил бүр хүлээж  байдаг их наадам аль  хэдийнэ болоод,  Даймаагийн Батсайхан гэж дуудах бүрт нижигнэсэн алга ташилтаар мялааж, хүүхдийн гэрэлтсэн нүднээс баяр баясгалан, аз жаргалыг  олж харж, чилийсэн 7 хоногийн завгүй их ажлыг үүрэлцсэнээ их хувь зохиол хэмээн бодсоноо нуух юун. 
 
 
Өглөө эртлэн босож, 08 цагт  нээлтээ хийчихээд, IV-XII ангийн суралчцагчдыг жагсааж, анги ангид нь оруулаад, мөн эцэг эхчүүд, математикийн болон математикаас бусад мэргэжлийн багш нараас олимпиад  авахын сацуу, зохион байгуулагч багш нар шүүн тунгаахын үед  шифрийг  задалж, байр эзлүүлсэн дүнгийн хуудасыг хадах, дүн гарч дуусахын алдад шагнал гардуулах  ёслолын арга хэмжээг  хийж,  наран жаргахаас урьтаж, эсвэл шөнө хагаслан, дараагийн сум руу давхиж, 100 аас 300 гаруй км нийт 1920 км замыг туулж, шаварт зоогдож, шөнөжин нойргүй давхиж, өглөөний ургах нарнаас амжиж дараагийн сумд 08 цагт бэлэн байх гэж, цаг нартай уралдан давхиж, ядарснаа ч үл анзааран энэ их ажлыг амжуулах гэж гэр бүлээрээ зүтгэж явааг хараад, бүхэл бүтэн 15 жил ингэж сэтгэл зүрхээ зориулсан хэмээн бодох бүрт хүндлэл  төрж байсан төдийгүй одоо ч бахархаж сууна. 
 
 
Монгол хүн л юм болохоороо улсын наадам, цагаан сараа сэтгэл догдлон хүлээдэг бол аймгийн засаг дарга Д.Батсайхан, гэргий Д.Ренчинсүрэн, охин Б.Энхзаяа нарын хүлээлт, сэтгэл догдлол, зүтгэл, цаг хугацаа нь “Оюуны их  наадам” юм байна гэдгийг харахын зуурт гэгээн гэрэлтэй, цовоо цолгиун, мөрөөдлөөр жигүүрлэсэн хүүхэд бүрийн нүднээс хайр, бахархал,  инээмсэглэл,  аз жаргалыг олж харахын төдийд хичнээн ачаалалтай 7 хоног өнгөрүүлсэн ч мянга, мянган хүүхдийн эерэг энергиэр ажил үйлс нь өөдрөг, өнгөтэй  явдгийг олж харсан юм. 
 
 
Завхан нутаг минь даанч сайхан нутаг. Дөрвөн улирал ээлжлэн солигдож, зарим газарт хавартай, бас өвөлтэй золгож, Цагаанчулуутаас гараад намар, Дөрвөлжин сумд зуныг харж амжихын хирээр нутгаараа бахархаж, ажил, амьдралынхаа гарааг төрсөн нутгаасаа эхэлж байсан дурсамж, он жилүүдийг өртөөлөн байж  хөврөн, цээж анирдан нулимс мэлмэрч байсан юм. 
Өрмөл шаргалыг хоргойлсон 
Өмнийн нарыг түнэлсэн 
Хадаг яндар Завхан гол 
 
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ гэсэн сэтгэлийн дуудлагтай Завхан голынхоо эрэг дээр наран мандахыг харж, Дөрвөлжин сумын сургуулийн хашаан доторх нов ногоон моддыг хараад хавар атлаа зун мэт  хэмээн догдолж, Ойгон хатан ижийн эрэг дээр түр зуур амсхийн хөөрөлдөн сууцгааж, Тэлмэн нуурын эрэг дээр нар жаргахтай уралдан ирж, зургаа авхуулчихаад, дараа дараагийн хүлээж суугаа мянга, мянган хүүхдүүд рүү яарах нь урьд хожид олж хараагүй сэтгэлийн их хөг эгшиглэж байсныг дурдъя. 
 
 
Завхан аймгийн  Идэр сумын  “Талын хонхор” хэмээх газар эхээс мэндэлж,  “Бөхөн шарын нуруу”-гаар адуугаа залан, морин дээл дээр дэрвэж,   “Идэрийн гол”, “Жаргалантын гол”, “Ямаатийн гол”-ын  эрэг дээр тоглож,  “Цагаан толгой”, “Мануустай”, “Улаан хад”-ны энгэр бэлээс хүн байхын утга учраа эхлүүлж, эх нутгаа хайрлах сэтгэлийн торгон утас нь тэндээс  хөглөгдсөн нь хожимоо аав л ээжийнхээ нутгаар уугуул хэмээн дуудуулах үндэс тавигдсан нь лавтай. 
 
 
 Сумын сургуулийнхаа зүг ирээдүйд томоос том  хүн болох юмсан гэсэн гэгээн мөрөөдөлтэй бяцхан хүү гүйж явсан бол өдгөө хэн бүхэн андахгүй мэдэх тийм л аугаа  мөрийг үлдээж чадсан төдийгүй илүү дутуу зангүй, элдэв янзын бодолгүй, хангай мэт ноён нуруутай, хэдхэн үгний дотор хичнээн их зүйлийг хэлэх атлаа, эгэл энгийн байж, бүхнийг ян тан болгож санаа амардаг, хамт явсан биднийгээ хөгжөөж,  аль хэдийн киноны дүрд оноож, тэр нь инээд цацруулам сайхан дурсамж үлдээж, замын туршид ядарсанаа үл анзааран давхиж явах атлаа, өглөө эртлэн босож, 08 цаг гэхэд бүх юм жин тан байхыг шаардахыг харахдаа, яагаад энэ хүртэл явааг, цаашдаа хаа хүртэл явахыг ч олж хараад,  түмний олон хүүхдийн төлөө сэтгэл зүрхээ зориулсаар ирсэн, зориулж ч яваа, цаашдаа ч зориулсаар байх  Завхан аймгийн Засаг дарга Даймаагийн Батсайханы хүрэх зам шулуун дардан басхүү холын хол харагдаж байгаа нь мянга мянган хүүхдүүдийн гэрэл цацруулсан инээмсэглэл, хиргүй нандин сэтгэлийн их хүч хэмээн итгэж байна. 
 
Түүхч, яруу найрагч, багш, 
түүхийн ухааны доктор (Ph.D) Мишкагийн Жавзансүрэн 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [27.123.214.104] 2018/01/16
Шөнийн зочин