Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

”Дорнодын сайн сайхантай Монголын сайн сайхан уялдах ёстой”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод ажилласан байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслолд оролцон шагналыг биечлэн гардуулж өгсөн юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ ёслолын үеэр хэлсэн үгэндээ:
 
“Эрхэм хүндэт Дорнодчууд аа,
 
Энд хүрэлцэн ирсэн нийт ард иргэд ээ,
 
Монгол түмээн,
 
Өнөөдөр бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улсын дорнын их талд нэгэн мартагдашгүй, олон жил дурсагдах сайхан үйл явдал болж байна. Дорнодчуудад гайхамшигтай сайхан баяр тохиож байна. Дорнодчуудын үе үеийн хичээл зүтгэл, хөдөлмөр зүтгэл, улс, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн тэр их зүтгэл, дорнодчуудын улс эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө, сайн сайхны төлөө зүтгэж байгаа тэр их зүтгэл, эрх чөлөө, бүрэн эрхт байдлаа улам хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө зүтгэж байгаа тэр их зүтгэлд Монголын ард түмэн, Монголын төр өнөөдөр дээд хүндэтгэлээ үзүүлж байна.
 
Энэ дээд хүндэтгэлийг ард түмнээ төлөөлөн, төрөө төлөөлөн үзүүлж байгаадаа би туйлын их баяртай байна. Монголын ард түмний нэрийн өмнөөс, төрийнхөө нэрийн өмнөөс Монгол төрийн дээд хүндэтгэл Сүхбаатарын одонг хүлээн авсан та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж баяр хүргэе.
 
Энэ бол наран ургах зүгт байдаг манай дорнодчуудын олон жилийн, олон үеийнхний хөдөлмөрийг үнэлж байгаа үнэлгээ болж байна. Азай буурал ахмадуудын маань хөдөлмөр зүтгэл, хичээл тэмцлийг үнэлж байгаа үнэлгээ болж байна.
 
Бид бүхний гайхамшигтай ахмад үе Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөт байдал, сайн сайхны төлөө амь биеэ зориулан зүтгэж ирсэн. Тэдний дараагийн үеийнхэн Монголд их бүтээн байгуулалт хийхийн төлөө, улс орноо хөгжил, дэвшилд хүргэхийн төлөө зүтгэж ирсэн. Дорнодын өнөөгийн үеийнхэн мөн улс орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулж, өөрсдийн амьдрал, гэр бүл, өөрсдийн нийгэм, энд байгаа бүхнээ сайн сайхнаар авч явахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа.
 
Хувийн хэвшлийг хөгжүүлэх, газар тариалан, мал аж ахуйгаа хөгжүүлэх, эрхэлж байгаа ажил бүхэн дээрээ амжилт гаргахын төлөө Дорнодынхон зүтгэж байгаа.
 
Дорнодоос сүүлийн үед үргэлж сайхан мэдээ сонсогдож байгаа. Энэ бүхнийг үнэлж өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа юм. Мөн ирээдүй үеийнхнээ зоригжуулж, үе үед хийж явсан сайхан үйл хэргийг ирээдүй үе маань цааш үргэлжлүүлэн авч явна. Та бүхнийг Монголын төр, Монголын ард түмэн урамшуулж, хөдөлмөр, зүтгэлийг үнэлж байх болно гэдгийг өнөөдөр хэлье.
 
Та бүхэнд дахин баяр хүргэе.
 
Олон жилийн дараа төрийн энэ хүндэтгэл, дээд шагналаар Дорнодынхон шагнагдлаа. Тэртээ 1943 онд Дорнод аймгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан одонгоор шагнасан байдаг. Тэр цаг мөчөөс хойш 74 жил өнгөрчээ. Энэ 74 жил явж ирсэн хичээл зүтгэлийг Монголын төр шагнаж байна.
 
Дорнодынхны гаргаж байгаа амжилт бүтээл улс орныг маань, Монголын ард түмнийг үргэлж зоригжуулж байдгийг энд давтан хэлье. Зөвхөн 2016 оны дүнгээр авч үзэхэд Дорнод аймгийн ДНБ 9,6 хувиар өссөн. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн нийт өсөлт тааруу, нэг хувь орчимд байгаа. Дорнод аймгийн эдийн засаг 2015 онтой харьцуулахад 2016 онд 54 тэрбум төгрөгөөр өссөн дүн гарч байна. Баяр хүргэе. Та бүхэн сайн ажилласан шүү.
 
Нийгэм, эдийн засгийн өсөлтийг дурдахад хүнийхээ хөгжлийг ярих ёстой. Монгол Улсын 21 аймаг дээр өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргаж үзэхэд Дорнод аймаг хүний хөгжлийн өсөлтөөрөө улсад эхний 5 дугаар байрт орж байгаа. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт. Энэ бол дорнодчуудын, Дорнодод байгаа аав ээжүүдийн, нийгэм, соёл, боловсрол, төрийн байгууллагынхны сайхан ажлын нэг үзүүлэлт юм. Энэ үзүүлэлтийг дүгнэхэд иргэдийн хадгаламж яаж өсч байна вэ гэдгийг үздэг. Иргэдийн хуримтлал нэмэгдсэн байх нь Монгол Улсын нэг зорилго. Дорнод аймгийн иргэдийн хуримтлал сүүлийн 5 жилд үргэлж нэмэгдэж байгаа. Энэ бол бас Дорнодынхны хөдөлмөр, бүтээлийг үнэлж байгаа, тэдний ашиг орлогыг үнэлж байгаа нэг гол үзүүлэлт гэж хэлж болно. Сүүлийн 4 жил дараалан Дорнод аймгийн мал сүрэг өссөн. Энэ бол сайхан үзүүлэлт. Хамгийн гол баярлуулж байгаа нь малчин өрхийн тоо, ялангуяа залуу малчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ бол сайн үзүүлэлт. Үүнийгээ цаашаа үргэлжлүүлж авч явах ёстой.
 
Дорнод аймаг газар тариалангаараа алдартай. Ноднин жил урьд өмнө үзэгдээгүй ган улс даяар болсон. Үүнээс болж Дорнод аймагт тариалан алдсан тал бий. Гэхдээ Дорнод аймагт гарч ирсэн нэг сайхан үзүүлэлт бол тэжээлийн ургамлын тариалалт 75 дахин нэмэгдсэн. Үүгээрээ Монгол Улсад тэргүүлэх байр суурь эзэлж байгаа.
 
Дорнод аймагт бүтээн байгуулалт, ялангуяа барилга угсралт сайн явж байгаа. Бусад аймагтай харьцуулахад Дорнод аймагт барилга угсралт, их засвар, бизнесийн ажил их өөдрөг байна. Ихэнх аймагт энэ зогсонги байдалтай байхад Дорнод аймагт энэ урагштай явж байгаа.
 
Дорнодчууддаа нэг зүйлд баяр хүргэе. Дорнод аймаг өөрөө хөгжлийн хөтөлбөрөө гаргасан. Ийм цөөхөн аймгийн нэг. Дорнод аймаг бүс нутагтаа ямар байх юм. Бүс нутаг гэдэг нь зөвхөн Монгол Улсын зүүн бүсийг хэлж байгаа биш. Зүүн хойд Азийн хэмжээнд, тэнд өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн том хөгжилд дорнодчууд ямар хувь нэмэртэй оролцох юм. Энэ интеграцид хэрхэн хувь нэмрээ оруулж оролцох вэ гэдгийг гаргасан. Дорнодчууд зүүн бүс дотроо яаж ажиллах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасан. Газрын зургаа гаргасан. Дорнод аймаг ямар зүйлийг улсынхаа хэмжээнд зорилгоо болгож урагшлах вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргасан. Ард түмнээрээ хэлэлцүүлсэн. Эрдэмтэн судлаачдыг оролцуулсан. Гадаадын эрдэмтэн судлаачид хүртэл оролцсон гэж сонссон. Одоо энэ зорилгынхоо төлөө тууштай явах хэрэгтэй.
 
Аль ч Засаг даргын үед, аль ч ИТХ-ын үед энэ хөтөлбөр хэрэгжих ёстой. Үргэлжлэн цаашаа явах ёстой. Амжилт нь ахиж байх ёстой гэдгийг цохон тэмдэглэе.
 
Хүн зорилготой байвал урагшаа явдаг. Бид хүүхдүүддээ хүртэл хэлдэг. Зорилготой байхын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө сайн ажиллах, хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг. Энэ бол аймгийн ард иргэдийн хувьд ч адилхан. Эдийн засгийн хүрээний энэ цөөхөн амжилтаас харвал дорнодчуудын хийж бүтээж байгаа эдгээр зүйл сэтгэл татам, үнэхээр улсын хэмжээнд ч урам өгөхөөр сайхан үйл ажиллагаа болсон байна.
 
Бүтээж байгаа, юм хийж, санаачилж байгаа хүмүүсийг дэмжинэ гэдэг бол тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж байна гэж бодох ёстой. Монголын эрх чөлөөт, бие даасан байдлын төлөө зүтгэж байна гэж бодох хэрэгтэй. Монголын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулж байна гэж үнэлж байх хэрэгтэй. Тийм хүмүүсийг урамшуулж байх хэрэгтэй. Тийм айл өрхийг урамшуулж байх хэрэгтэй. Тийм иргэдээ дэмжиж байх хэрэгтэй. Жижиг, дунд бизнес, өрхийн бизнес эрхэлдэг, худалдаа наймаа хийдэг бүх хүмүүст энэ хамаатай.
 
Миний барьдаг гол бодлого бол бүтээгчдээ, ажил хийдэг хүмүүсээ цаашдаа дэмжиж явах ёстой гэсэн зүйлийг л би барьж явдаг. Юм бүтээнэ, өөрөөсөө илүү гарсан орлого олж байна гэдэг бол улс орныхоо сайн сайханд тусалж байна гэсэн үг. Ард иргэдийнхээ сайн сайханд тусалж байна гэсэн үг.
 
Өнөөдөр Дорнод аймагт анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагаагаа танилцуулж байна. Ерөнхийлөгчийн зөвлөхүүд үйл ажиллагаагаа ярьсан. Хийж байгаа ажлаа ярьдаг, танилцуулдаг байх хэрэгтэй. Би явах гэж байгаа гээд чимээгүй суугаад байж болохгүй. Зарим хэвлэл, мэдээллийн байгууллага хамтраад орон даяар танилцуулж байгаа. Үүнийг би зөв зүйл гэж бодож байгаа. Энэ ажлыг аймгийн Засаг дарга ч, УИХ-ын гишүүд ч хийж байх ёстой. Хийж байгаа ажил, үр дүнгээ ард иргэддээ танилцуулж дүнгээ тавиулна гэдэг бол бахархалтай зүйл шүү дээ. Хийсэн юмтай хүний, эргээд иргэдтэйгээ уулзах нүүртэй хүний хийдэг ажил. Энэ бүхнийг та бүхэн халуун дотноор хүлээн авч байгаад би туйлын баяртай байна.
 
Монголчууд үйлдвэрлэгчид, бүтээгчдээ дэмжихийг Төрийн тэргүүн ч дэмжиж явах ёстой гэж би хувьдаа боддог. Анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд үйлдвэрлэлийг дэмжих зарлиг гаргаж байсан. Аж үйлдвэрийн яам байгуулж ажиллуулж байсан. Энэ бүхэнд цаашаа анхаарах ёстой.
 
Монголчууд юм үйлдвэрлэж, нэмүү өртөг хийж чадах юм бол Монголын хөгжил урагшилна. Монголд баялаг байна. Боломж байна. Одоо үүнийгээ хүнд хэрэгтэй юм болгох хэрэгтэй. Энэ бүхэнд цаашаа онцгой анхаарч явах ёстой. Монголчуудад ийм боломж бий.
 
Үндэсний бүтээн байгуулалтын шагнал бий болгосон. Жил жилд үндэсний бүтээн байгуулалтын хамгийн тэргүүний бүтээн байгуулалтад энэ шагналыг олгодог болсон. Бид бие биеийнхээ сайныг харж байх хэрэгтэй. Хүний хийсэн, бүтээснийг үнэлдэг байх хэрэгтэй. Баяр хүргэдэг байх хэрэгтэй. Бие биеэ дэмжиж, урамшуулж, хүн амьдрахад урамтай газар нутаг, улс орон болох ёстой. Ийм зорилгыг тавих хэрэгтэй. Дэндүү их хагаралдаж, хар буруу мэдээ түгээх нь бидний сайн сайханд тус болохгүй байна. Үүнтэй та бүхэн санал нэг байгаа байх аа.
 
Өнөөдөр Дорнодын сайн сайхныг дэмжиж Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа юм.
 
Монгол хүн гаднаас шороо атгаад ирсэн ч дэмжиж л байх хэрэгтэй. Монгол хүн медаль аваад ирэхэд дэмжиж байх хэрэгтэй. Монгол хүн гаднаас бизнес оруулаад ирэхэд дэмжиж байх хэрэгтэй. Энэ их чухал зүйл.
 
Намайг их баярлуулж байгаа нэг зүйл бол Дорнод аймагт Монголын өв соёл, уламжлал, сайхан зан заншлыг ирээдүй үедээ уламжлуулах тал дээр их ажиллаж байгаа юм. Дорнод аймгийн төв номын сан их санаачилгатай ажиллаж байгаа. Өнөөдөр анх удаа Дорнод аймгийн шинэ театрт орж ирж байна. Ингээд харахад үнэхээр аймгууд дотроо урдаа барих, тэргүүнд нь, толгойд нь явах сайхан соёлын байгууламжтай, ийм сайхан соёлын байртай болсон байна.
 
Дорнод аймгийн театр нэг зүйлээрээ ялгарч байгаа. Энэ уламжлалаа авч явах ёстой. Бүх аймаг дотроос Дорнод аймгийн театр ганцаараа симфони оркестртой. Энэ симфони оркестр, уран бүтээлчдээ дэмжиж байх хэрэгтэй. Хийж байгаа уран бүтээлийг нь дорнодчууд энэ танхимд багтаж ядан ирж үзэж байх хэрэгтэй. Төрийн байгууллага үүнийг дэмжиж байх хэрэгтэй.
 
Монгол өв соёл, монгол бичгийг уламжлуулахын төлөө Дорнод аймгийн сургуулиуд маш их ажил хийдэг юм байна лээ. “Хэрлэнгийн баръяа” гэдэг сайхан уртын дууг уламжлуулахын төлөө хүүхдүүддээ заадаг юм байна лээ. Улаанбаатараас хүн урьж 1080 уртын дууч бэлтгэх сургалт явуулж, энэ дуугаа заагаад сууж байна гэж сонсоод би баярлаж байсан.
 
Монгол хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Монгол уламжлалаараа бахархдаг хүнийг хэлдэг. Монгол аав ээжээрээ бахархдаг, Монгол түүх, соёлоороо бахархдаг, Монголын бүтээж байгаа сайн сайхнаар бахархдаг, Монгол эх орноороо бахархдаг, ололтоороо бахархдаг хүнийг Монгол хүн гэдэг. Энэ ойлголтыг багаас нь Монгол хүнд суулгаж өгөх ёстой.
 
Би Ерөнхийлөгч болоод л монголчуудын түүх соёл, өв соёл, байгальтайгаа харилцдаг, ахмадуудтайгаа харилцдаг уламжлалыг дунд сургуульд заадаг болъё гээд Монголын алдартай эрдэмтэд, соёлын хүмүүсийг урьж ирүүлээд тусад нь ном, сурах бичиг хийлгээд, Иргэний хичээлийг нэгдүгээр ангиас заадаг болсон. Одоо бүх бага, дунд ангид үзээд явж байгаа. Хүүхэд төрөхөд эхлээд хүүхдээ монгол хүн болгох хэрэгтэй. Монгол хэлээрээ сайхан ярьдаг, монголоор харилцдаг, Монгол эх орноо хайрладаг, Монголынхоо түүх, уламжлалд хайртай, дуртай, түүнийгээ дэлхий дээр хамгийн сайхан зүйл гэж итгэдэг монгол хүнийг багаас нь бий болгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монгол Улсыг монгол хүмүүс хамгаална. Монголын өв соёлын төлөө явна. Энэ чиглэлийн ажлууд Дорнод аймагт их сайн явж байгаад би туйлын баяртай байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч болоод миний хийсэн, үр дүн гарсан ажлуудыг жагсаахад бараг 30 гаруй нь Монголын өв соёлтой, Монголын түүхтэй, гайхамшигтай уламжлалтай холбоотой ажлууд, санаачилгууд байдаг. Дэлхийн олон улсын хэмжээнд, ЮНЕСКО-гийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн олон ажил бидэнд байгаа. Үүнийг хэн санаачилсан нь чухал биш, соёл болоод үлдэх хэрэгтэй. Уламжлал болоод үлдэх ёстой. Тэгж чадвал энэ монголчууддаа өгөөжөө өгнө. Та бүхний санал санаачилгаар үүнийг хийсэн нь гайхамшигтай байсан.
 
Монгол гайхамшигтай. Бидний газар нутаг өөрөө гайхамшигтай. Дэлхийд байдаг бүх газар нутгийн бүх онцлогийг цуглуулж авчраад тавьчихсан юм шиг, талтай бол талтай, уул бол уултай, хангай бол хангайтай, ус бол устай, нуур бол нууртай, говь бол говьтой. Монгол юугаар дутах юм бэ? Ийм гайхамшигтай. Энэ дээр амьдарч байгаа улсууд нь дэлхийн сор болсон хүмүүсийг цуглуулж ирсэн юм шиг ухаантай, соёлтой, эрэмгий, зоригтой, хийморьтой хүмүүс байгаа.
 
Тийм учраас миний эх орныг жижиг улс гэж хэлдэггүй юм. Миний эх орныг Монгол Улс гэж хэлдэг юм. Эрх чөлөөт, тусгаар тогтнолтой Монгол Улс гэж дэлхийд хүндэтгэдэг. Энэ бүхнийг бий болгоход дорнодчуудын оруулж байгаа хувь нэмэр гайхамшигтай юм шүү гэдгийг хэлье.
 
Дорнодчууд бол монголчуудад эх оронч хүмүүжил олгоход маш их хувь нэмэр оруулж байгаа. Эх орноо яаж хамгаалдгийг дорнодчууд харуулсан. Монголчууд харуулсан. Эх орноо хамгаалж байгаа хүмүүсээ яаж дэмжиж ар тал болж ажилладгийг дорнодчууд харуулсан. Үзүүлсэн. Тэр хүмүүсийн хөшөө дурсгал, алдар түүхийг байнга дурсч, залуучууддаа байнга үзүүлж байх хэрэгтэй. Тэнд ямар нийгэм, ямар анги байсан нь хамаагүй. Бидний өмнөх үе, бидний гайхамшигтай ахмад үе энд амьдарч, тэр хүмүүс амьдралынхаа зорилгыг болгож явсан юм гэдгийг л ойлгуулах хэрэгтэй. Энд бидний амьдралын утга учир байдаг юм.
 
Тийм учраас Дорнод бол эх оронч хүмүүжлийн талбар болох ёстой. Үүгээрээ Дорнодын сургуулиуд, дорнодынхон үүгээрээ ялгарч байх ёстой. Улаанбаатарт, бусад аймагт яваад очиход дорнодынхон түүхээ мэддэгээрээ, аймгаа, уламжлалаа мэддэгээрээ ялгарч байх ёстой. Тийм учраас “Монгол соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн хөгжүүлэхэд манлайлан ажиллаж байгаа” гэж зарлигт бичсэн. Та бүхэн үүнийг сая сонссон.
 
Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Дорнодын хүн ам сүүлийн 5 жилд байнга өсч байгаа. Хүн ам 77 700 болж байна. Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Монголын 3 сая дахь иргэн төрсөн. 1962 онд Монгол Улс нэг сая иргэнтэй болж байсан. Намайг сургууль төгсч байхад 1988 онд хоёр сая иргэнтэй болж байсан. 2015 онд 3 дахь сая дахь иргэн төрсөн. Энэ үйл явц үргэлжилж байгаа. Дорнодод Улаанбаатараас, төв суурин газраас олон хүн эргэж ирж байна гэж би сонссон. Энэ бол их сайн зүйл. Дорнодчууд ойрын 4 жилдээ 80 мянга хүрэхийн төлөө явах хэрэгтэй. Хүн нэмж татдаг байх хэрэгтэй. Улаанбаатарын утаанд байгаа хүмүүсийг “Дорноддоо хүрээд ир ээ. Агаарын сайхан, усны цэнгэг нь байна. Ажил хөдөлмөр хийхэд боломж байна. Дорноддоо ирж хөрөнгө оруул. Сурч мэдсэнээ Дорноддоо ирж хэрэгжүүл” гэж хэлдэг, ярьдаг байх хэрэгтэй.
 
Амьдарч байгаа газар нутаг бүхэндээ сайхан амьдрах нь бидний зорилго. Дорнодын иргэд эндээ сайхан л амьдрах хэрэгтэй. Залуу гэр бүлийн тоо, эргэн ирж байгаа залуучуудын тоо нэмэгдэж байна гэдэг бол их чухал. Сүүлийн 3 жилд Улаанбаатараас 36,5 мянган хүн орон нутаг руу явсан. Аймаг, сум руугаа явж байгаа. Энэ бол бидний хамтын ажиллагааны нэг сайн үр дүн юм.
 
Орон нутгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй. Орон нутаг төсвөө мэдэхгүй бол ямар эрх мэдэл байгаа юм бэ? Орон нутаг хүнээ мэдэхгүй бол ямар эрх мэдэл байгаа юм бэ? Бүгдийг Улаанбаатараас шийдээд байх юм бол ямар эрх чөлөө, ямар бие даасан байдал байгаа юм бэ? Үүнийг шийдэж, энэ боломжийг орон нутагт олгох хэрэгтэй гэж би олон жил ярьсан. Олон жил зүтгүүлсэн.
 
Ингэж байж Төсвийн хуульд Орон нутгийн хөгжлийн сан байгуулах заалт оруулсан. Энэ үнэхээр гайхамшигтай ололт болсон юм шүү. Тэр үед сумын хөрөнгө оруулалт гэж бараг байгаагүй. Аймагт дээд тал нь 2 тэрбум төгрөг ирдэг байсан уу, үгүй юү. Бараг ирдэггүй байсан байх. Тэгэхэд 2013-2016 онд Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж нийт 600 тэрбум төгрөг орон нутаг руу явуулсан. Дорнод аймагт дээд тал нь жилдээ 13 тэрбум төгрөг ирж байсан.
 
Би нэг зүйлд жаахан сэтгэл дундуур явдаг. Ямар ч УИХ, ямар ч Засгийн газар, ямар ч Сангийн сайд гарсан, энэ мөнгийг хасаад байх юм. Дорнодод 2017 онд Орон нутгийн хөгжлийн санд 2 тэрбум төгрөг л тавьсан. Хэтэрхий байгаа юм шүү. Гурав, дөрөвхөн жилд 11 тэрбум төгрөгөөр багассан. Өнгөрсөн жил 2,7 тэрбум төгрөг тавьсан. Ажил хийлгээд мөнгийг нь өгдөггүй. Аймгийн удирдлага, энд байгаа хүмүүсийг шар махтай нь хатаадаг. Ийм байж болохгүй. Та бүхэнд би нэг зүйлийг хэлье. УИХ-ын гишүүдээсээ, сонгогдох Ерөнхийлөгчөөс байнга нэг зүйлийг шаардаж байх хэрэгтэй. Орлого байдаг бол орон нутаг руу явуул гэж.
 
Тамсагаас газрын тос гарсан. Эндээс доод тал нь жилдээ 100 тэрбум, хамгийн дээд талд хүрч байсан нь 280 тэрбум төгрөгийн орлогыг улс авч байсан. Тэр 280 тэрбум төгрөгөөс яагаад Дорнодод ноогдохгүй байна вэ? Үүнийг хуульчилж ноогдуулдаг болох ёстой. Ингэх юм бол Дорнодынхон ажилтай болно. Хөдөлмөр нь дэвжиж дээшилнэ. Ийм тодорхой зүйлүүдийн төлөө шаардлага тавьж явах ёстой.
 
Орон нутгийн хөгжлийн сангаар дамжаад суманд 200 сая төгрөг, 300 сая төгрөг очиж байлаа. Сумаас ирсэн хүмүүс мэднэ. Танай сум сүүлийн 3 жилд нүүрээ угаасан юм шиг болсон биз дээ. Гэрэлтүүлгээ наад зах нь шийдлээ. Явган хүний замаа шийдлээ. Мод, цэцэрлэг бий болголоо. Ус, худаг гаргалаа. Эмнэлэг, цэцэрлэгээ заслаа. Орон нутгийн хүмүүс ажилтай боллоо. Ажлын байр бий боллоо. Энэ бол маш чухал санаачилга. Би өмнөх УИХ-д хууль өргөн бариад, шаардаад, 2-3 жил яваад хийж өгөөгүй. Миний санаачилсан хууль одоо энэ УИХ дээр байж байгаа.
 
Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулж болохгүй гэсэн заалт би оруулж өгсөн. Мөн Улаанбаатараас алсрах тусам арай илүү мөнгө очих ёстой гэсэн заалт байгаа. Хүн амыг нь мөн тооцдог байх ёстой. Ингэвэл Дорнодынхны амьдрал улам сайхан болох юм. Энэ чиглэлд бүгдээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ их чухал сэдэв шүү. Суманд ажилтай, бизнестэй болохоор, бизнес нь хөгжөөд ирэхээр айлын хашаа, байшин хүртэл үнэд орж байгаа. Аймагт байгаа хашаа, байшин хүртэл үнэд ордог гэж байгаа. Эд хөрөнгө нь үнэтэй болдог. Үүний төлөө бид чөлөөт эдийн засаг, чөлөөт нийгмийг байгуулсан. Хүн болох заяандаа эзэн болоод яваарай гэдэг ийм л эрхийг та бүхэнд өгсөн. Энэ эрхийг та бүхэнд өгсөн бол өгсөн шиг өгөх ёстой гэж би хувьдаа боддог.
 
Сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээ иргэддээ маш их ойртож байгаа. Саяхан бид шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийн тухай ярьсан. Шүүх, хуулийн байгууллагаар орсон хүн л шүүх, хуулийн байгууллагын ажлыг мэддэг. Өмнө нь айгаад шүүхийн хаалгаар орж чаддаггүй байсан бол одоо ороход тосоод авч байна. Зааж зөвлөөд өгч байна.
 
Өмнө нь нэг асуудлаар маргалдаад ороход нэг нь шоронд яваад, нэг нь үлддэг байсан бол одоо шүүхээр орж байгаа нийт хэргийн 20 хувь нь эвлэрүүлэн зуучлахаар дамжиж байгаа. Одоо хэн нэгийг нь хорих биш, маргаанаа зохицуулаад, “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” гаргаж байна. Энэ бол ард түмэндээ зориулсан шинэчлэл. Энэ үйлчилгээгээр сүүлийн нэг жилд 16 мянган хүн үйлчлүүлсэн. Энэ бол гайхамшигтай зүйл шүү.
 
Шүүхийн шийдвэр урьд нь хаалттай байсан. Одоо шийдвэр гарлаа, шууд веб сайт дээр тавигдаад, товхимол болж хэвлэгддэг боллоо. Өмнө нь шүүхийн веб сайт гэж байгаагүй. www.Shuukh.mn гэдэг веб сайтад 2012 онд 60 мянган хүн хандаж байсан. Одоо жилдээ 3 сая хүн ордог боллоо. Жилдээ 150 мянган шүүхийн шийдвэрийг иргэд татаж авч танилцсан байгаа. Энэ тохиолдолд шүүгч хариуцлагатай болдог. Ямар хуулийг үндэслэх вэ. Хүн хэлмэгдүүлж, хууль буруу хэрэглэхгүй гэдэг нь эргээд Монголын ард түмэнд хэрэгтэй. Ийм өөрчлөлтийг сүүлийн 4 жилд хийсэн. Ажиллаж зүтгэсэн. Тодорхой үр дүн гарч байна.
 
Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага шүүх эрх мэдлийн шударга байдлын бүрэн шинжилгээг Монголд явуулсан. Тэндээс гаргасан дүгнэлтээр Монгол Улсын шүүх үнэхээр шударга түвшинд сайн ажилладаг юм байна гэж 64 хувьтай гарсан. Энэ бол гуравны хоёроос дээшээ, сайн гэсэн үнэлгээ авсан. Бүс нутагтаа дээд зэргийн үнэлгээ авсан шүү. Энэ бол том үнэлгээ. Ард иргэдийн үнэлэмж ч дээшилж байгаа. Дутагдалтай хүмүүс байж болно. Гэхдээ ерөнхий хандлага, ерөнхий ололт сайн байгаа.
 
Дорнодод нэг сайн ажил явж байгаа. Энэ нь Шилэн дансны хууль. Шилэн дансны хуулийг би батлуулах гэж УИХ дээр гурван жил зүтгүүлж, 4 удаа буцаалгаж байж тэр хууль батлагдсан. Дорнодод 146 байгууллага дээр Шилэн дансны хууль хэрэгжиж байгаа. Төсвийн байгууллага 130, орон нутгийн үйлдвэрийн 13 газар, төсвөөс татаас авдаг хувийн 3 байгууллага шилэн данс хөтөлж байна. Зуун хувь Шилэн дансны хууль хэрэгжүүлж байгаа газрын нэгд, ийм аймгийн тоонд Дорнод орж байна. Дорнодын сумд орж байна.
 
Муу хэрүүл мөнгөнөөс болж гардаг. Ард иргэд даргын ярьж байгаад анхаардаг биш, ард иргэдийн төлсөн мөнгийг яаж зарцуулж байгаад илүү анхаардаг. Эргээд гүйцэтгэлээ тайлагнадаг бол муу яриа, авлига, албан тушаалын гэмт хэрэг алга болно. Энэ дээр Дорнодын ард иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага анхаарч, хяналт тавих хэрэгтэй.
 
Энэ хуулийг зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцохыг шаардаж байх хэрэгтэй. Энэ бол та бүхний ололт юм шүү. Үүнийг сайн хэрэгжүүлж яваарай.
 
Дорнодод Иргэний танхим бас сайн хэрэгжиж байгаа. Би Ерөнхийлөгч болоод өмнөх бүх Ерөнхийлөгч сууж байсан өрөөндөө орсон. Тэр өрөө ордонд засвар хийгдээд цаашаа хэд хэдэн давхар тасалгаатай болсон байсан. Тэгээд тэр өрөөгөө Иргэний танхим болгохоор шийдсэн. Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд би шилжиж орсон. Тэнд 8 жил ажиллаж байна. Олон давхар өрөөгөө иргэддээ өгсөн. Яг энэ үлгэр жишээгээр аймаг, сум болгон, Улаанбаатарын дүүрэг, хороо бүр Иргэний танхимтай болсон. Иргэнээ сонсдог болсон. Үүнийг иргэний нийгэм гэж байгаа шүү дээ.
 
Дарга гэдэг цолтой, юмаа ганцаараа шийддэг байх юм бол тэр чинь хувийн нийгэм болно. Тэр албыг хувьчилж авсан болно шүү дээ. Энэ үлгэр жишээг ажлын эхний өдрөөсөө би үзүүлэхийн төлөө явсан. Энэ өнөөдөр Монголд соёл болоод тогтлоо. Үүнийг хэн ч эргүүлж чадахгүй. Цаашаа бид үүнийг Иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Бусад хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Иргэд нийлээд хууль санаачилдаг эрхтэй болох ёстой. Энэ эрхийг иргэдэд өгөх ёстой. Төлөөлсөн хүмүүс нь муу ажиллаж байгаа бол иргэд нийлээд буцаагаад татдаг эрхтэй болох ёстой. Энэ хариуцлага, энэ боломжийг бид иргэддээ өгөх ёстой. Үүнийг би төрөөс шаардаж байгаа. Энэ хуулиудыг өнөөдрийн УИХ баталж өгөх байх гэж би найдаж байна.
 
Төрийн албаны тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Хариуцлага тооцох тухай хуулийг өнөөдрийн УИХ баталж өгөх байх гэж би найдаж байгаа.
 
Дорнод аймагт батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар, хилийн цэргийн салбар төвлөрч нэлээд сайн ажилладаг. Дорнод аймагт хилийн цэргийн 4 отряд ажилладаг. Хамгийн олон отрядтай аймаг шүү дээ. Зэвсэгт хүчний анги байгууллагууд энд ажилладаг. Энд ажиллаж байгаа зэвсэгт хүчний албан хаагчдаас 500 гаруй хүн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон. Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод хүрч ирсэн залуучуудаас энэ сайхан театрт яриа хийлгэх хэрэгтэй. Бүх сургууль дээр яриа хийлгэх хэрэгтэй. Тэр хүмүүсийн амнаас “Монгол гэдэг чинь ямар сайхан юм бэ. Бид ямар гайхамшигтай эх оронд төрсөн юм бэ. Монгол Улсын төр, засаг, тогтсон нийгэм ямар зөв юм бэ. Монгол ямар зөв замаар явж байгаа юм бэ” гэсэн яриа гардаг. Гарч ирээд л овог аймгаараа талцаад бие биеэ алж хядсан улс дотор тэд явж байгаад ирж байгаа. Бидний хоорондын хэрүүл юу ч биш шүү дээ. Монгол эх орныхоо сайхныг, гайхамшгийг гайхсан хүмүүс болж ирдэг юм шүү.
 
Дорнод аймаг өнгөрсөн жилээс бидний хамтарч санаачилсан “Оюутан цэрэг” хөтөлбөрт ордог болсон. Монголчууд Чингисийн үеэс, Хүннүгийн үеэс цэргийн хүн, эх орны төлөө явж байгаа хүмүүсээ хайрладаг, хүндэтгэдэг. Цэргээр явсан хүнийг хүндэтгэж үздэг. Армид алба хааж байгаад халагдсан хүнээс амьдралд хөл алдсан нь цөөхөн байдаг. Наад зах нь авч ирээд ажиллуулахад итгэлтэй байдаг. Цэргээс тэтгэвэртээ гарсан хүмүүсийг манаачаар ажиллуулъя гээд хойноос нь хөөцөлдөөд явж байдаг. Яагаад гэвэл итгэлтэй байдаг. Ийм итгэлтэй хүмүүсийг бид нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай залуу үе эрэгтэй хүн болж төрсөн л бол заавал цэргийн албаар дамжих ёстой гэж би боддог. Тийм учраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг санаачилсан. Их, дээд сургуульд сурч байгаа таны хүүхэд сурч байхдаа 6 сар энэ хөтөлбөрт хамрагдаад, дээд сургууль төгсөхдөө давхар цэргийн албаа хаагаад ирвэл ямар сайхан бэ. Энэ боломж бидэнд байгаа.
 
МСҮТ гэж байгаа. Дээр үеийн ТМС-үүд. Үүнийг бүгдийг хоёрдмол утга агуулгатай болгох ёстой. МСҮТ-д орсон бүх залуусаар цэргийн алба давхар хаалгах хэрэгтэй. МСҮТ-ийн захирлуудад цэрэгжлийн сургалт явуулаад, хоёр сар, гурван сар курст суулгаад, бэлтгэл цол өгөөд явуулах хэрэгтэй. МСҮТ-ийн хүүхдүүдэд 6 сар цэрэгжлийн хичээл заагаад гаргах хэрэгтэй.
 
Энд ажиллаж байгаа зэвсэгт хүчний анги, байгууллагууд бүрэн нээлттэй болох хэрэгтэй. Дорнодынхон яваад ороход чөлөөтэй байх хэрэгтэй. Анги дотор ороод гүйдэг талбайтай, анги дотор биеийн тамир хийдэг. Фитнесс төвүүдийг анги, байгууллагуудад байгуулах хэрэгтэй. Тирүүд байгуулах хэрэгтэй. Биеийн тамирын байгууллагуудыг байгуулах хэрэгтэй. Иргэд өглөө орж гүйчхээд, мөнгөө төлж цайгаа уучхаад гараад явдаг болох хэрэгтэй. Цэргийг 1000 өдөр тэжээж нэг өдөр хэрэглэнэ гэдэг. Энэ буруу болсон. Цэргийн анги, байгууллагууд ард түмэндээ 1000 өдөр хэрэгтэй байх хэрэгтэй. /Алга ташив/
 
Хүмүүс ямар баяртай хүлээж авч байгааг сонсож байгаа байх. Тийм учраас цэргийн анги, байгууллагуудыг бид иргэдэд эх оронч хүмүүжил олгодог болгох хэрэгтэй.
 
Цэрэгт нэг жил яваад ирсэн хүүхэд ээж аавынхаа сайн сайхныг мэдрээд ирдэг. Нэг жил байтугай нэг сар, долоо хоноод ирэхэд үнэ цэнийг нь мэдэрдэг. Хайртай хүмүүсээсээ жаахан холдохоороо үнэ цэнийг нь мэдэрдэг. Газар нутгийнхаа үнэ цэнийг нь мэдэрдэг. Үүгээр дамжуулж эх орноо хайрладаг, эх орны үнэ цэнийг мэдрүүлдэг боловсролыг олгодог. Ийм утга цэргийн албаны цаана байгаа юм. Тийм учраас бүх МСҮТ-ийг энэ чиглэл рүү явуулах хэрэгтэй.
 
Дэлхийд өндөр хөгжилтэй Сингапур, БНСУ-д ямар ч албан тушаал, ямар ч мэргэжилтэй бай, бүх эрчүүд бүгд цэргийн албаар дамждаг. Ийм сургалтаар орж байгаа. Би саяхан Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр гишүүнтэй уулзаж энэ ажлыг энэ Засгийн газрын үед хэрэгжүүл гэж ярьж байсан. Ийм үр дүн гаргах хэрэгтэй. Монголчууддаа, хүнд хэрэгтэй боловсрол, хатуужлыг олгох хэрэгтэй.
 
Бидний үр хүүхэд хүнтэй зөв харилцаад сурчихвал ямар сайхан бэ. Бие бялдар нь хөгжчихсөн, ийм болгох хэрэгтэй. Хар бор тамхинд дурласан байж болохгүй. Залуу нас тэгж явах нас биш. Хүний амьдралын цаг хугацаа ямар хурдтай өнгөрдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. Миний цэргийн чиглэлд явуулж байгаа бодлогын гол цөм нь энэ. Энэ бодлогыг дараагийн Ерөнхийлөгч, дараагийн УИХ, Засгийн газар авч явах ёстой.
 
Дорнодынхны ирээдүй надад сайхан харагдаж байгаа. Дорнод аймгийн цахилгаан станц 36 мигаВатт гаргадаг. Одоо дээр нь 50 мигаВаттыг нэмэхээр УИХ, Засгийн газар шийдвэрлэж байгаа. Энэ бол их том шийдвэр шүү. Дорнод аймгийн цахилгаан станцыг хоёр дахинаас илүү өргөтгөх нь байна шүү дээ. 36 мигаВатт дээр дахиад 50 мигаВаттыг нэмэхээр боллоо. Энэ юуг хэлэх гэж байна гэвэл Дорнодод ирж амьдарвал, ажиллавал лав л цахилгаанаар дутагдахгүй. Үнэхээр зүүн бүсийн төв юм бол ийм хэмжээнд ярих ёстой.
 
Арван жилийн өмнө бүх аймгаа засмал замаар холбоно гэхэд мөрөөдөл байлаа. Одоо тэгвэл энэ ажил хурдтай явж 20-иод км л үлдээд байна. Замынхаа арчилгааг маш сайн болгох хэрэгтэй. Хурдаа тохируулж явдаг болох хэрэгтэй. Аюул ослыг багасгах хэрэгтэй. Энэ чинь төрийн ажил шүү дээ. Холбох замаа холбочих хэрэгтэй. Бусад бүсүүдтэйгээ замаар холбогдох хэрэгтэй.
 
Дорнод аймгийн давуу тал бол төмөр замтай. Алслагдсан аймгуудаас төмөр замтай нь бараг л Дорнод. Эрээнцавын төмөр замыг Чойбалсангаар дайруулаад, Хөөт, Бичигтээр гардаг төмөр замыг хамгийн түрүүнд барих хэрэгтэй. Би Ерөнхий сайд, УИХ-ын удирдлагад хэлдэг. Зүүн бүсийн төмөр замыг хамгийн түрүүнд барих хэрэгтэй гэж хэлдэг. Мөнгө олдвол тэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
 
Монгол хоёр хөрштэйгөө зөвхөн төвөөрөө нэг төмөр замд холбогдсон биш, зүүн бүсээрээ нэг, баруун талаараа нэг холбогдох хэрэгтэй. Ингэж бид ганцаардахгүй. Ингэж бид бүс нутагтаа хаягдахгүй. Төмөр замын холбоос гэдэг бол бусадтай, бусдын эдийн засгийн боломжтой холбож өгдөг. Үүнд онцгой анхаарч, энэ УИХ, Засгийн газрын үед зарчмын шийдлүүд нь гараасай гэж бодож байна. Гарах байх гэж найдаж байна. Эхлэл тавигдаасай гэж бодож байна.
 
Ингэвэл Дорнодод хүн татагдана. Дорнодын хөгжил өөр болно. “Нэг бүс, нэг зам” гээд Си Зиньпин даргын ярьдаг, Монголын “Талын зам” гэж ярьдаг, Оросуудын ярьдаг Алс Дорнодын хөгжил, дэд бүтцийн зураг зэрэг дээр үүнийг ярьж байгаа юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа хоёр хөршийн Ерөнхийлөгчтэй нэг ширээний ард суугаад юм ярьдаг болсон. Ийм уулзалт санаачилъя гэж анх хэлэхэд хүмүүс надад итгэхгүй л байсан. Монгол Улс дэлхий дээр ганцаараа, бүтнээрээ энэ хоёр их гүрний дунд оршдог. Бидэнд хоёр талаараа, заримдаа гурван талаараа, ярих юм байна. Дамжин өнгөрөх тээврийн тухай, тарифын тухай, төмөр замын тухай, авто замын тухай, хийн хоолойн тухай яримаар байна. Би энэ хүсэлтийг хоёр хөршийн удирдагчид ярьсаар байгаад зөвшөөрүүлээд, гурван удаа гурван Ерөнхийлөгч суугаад уулзлаа. Гэрээ, хэлцэл байгууллаа шүү дээ. Энэ бол том амжилт. /Алга ташив/
 
Үүний хаялга Дорнод аймагт тусах ёстой. Энэ чиглэлийн ажлууд яваасай гэж би бодож байна. Хамгийн сүүлд Ташкентад уулзсан уулзалтаар бид эдийн засгийн коридорыг Монголоор дамжуулж байгуулна гэж ярьсан. Харамсалтай нь олон юм Монголыг тойрч өнгөрөх гээд байгаа шүү. Манжуураар яваад өгдөг. Казахстанаар дамжаад төв Азийн орнууд Европ руу холбогддог. Ийм болох гээд байгаа. Монгол энд өнчин үлдэж болохгүй. Хаягдаж болохгүй. Хоёр хөрштэйгөө дээд түвшиндээ хүртэл үг хэлээ ололцдог байх хэрэгтэй.
 
Юм хүний харилцаанаас шалтгаалдаг. Хүний санаачилгаас шалтгаалдаг. Санаачилгатай удирдагч, санаачилгатай, харилцаа сайтай байх юм бол бид хүнтэй хэл амаа олоод явж чадна. Монголчууд дэлхийн хэмжээнд хөгжихөд нь Монгол Улсын төр, засаг тусалж чадна гэж би хувьдаа боддог.
 
Энэ бүхний хаялга Дорнодод ирэх ёстой. Энд гарч байгаа бизнес, энд олдож байгаа ашиг, орлого орон нутагтаа наалддаг байх тухай би түрүүн хэлсэн шүү. Аймагтаа, сумандаа наалддаг байх хэрэгтэй.
 
Улаанбаатарт байгаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд монголчуудаас, биднээс, та бүхнээс юугаараа ялгаатай юм. Тийм онцгой хүмүүс юм уу. Тийм биш. Дорнодод ноогдох мөнгийг Дорнодод л өг л дөө. Дорнодод бий болж байгаа орлогоос Дорнодод орхи л доо. Тэгэх юм бол эндээ бие даагаад хөгжих боломж байна. Ийм маягаар бид цаашаа явах ёстой.
 
Хүний хөгжил гэж би ярьсан. Дорнодынхон бас нэг сайхан мэдээгээр намайг баярлуулж байгаа. ЕБС төгсөөд элсэлтийн шалгалт өгч байгаа Дорнодын хүүхдүүдийн эзэлж байгаа байр улсдаа тэргүүлж байгаа. 2015 онд монгол хэл бичгээрээ, 2016 онд гадаад хэл, байгалийн шинжлэх ухаанаар Дорнодын хүүхдүүдийн өгсөн шалгалтын дүн Монгол Улсын 21 аймаг дотор толгой цохисон. Нэгдүгээр байр эзэлсэн. Энэ сайхан шүү. Дорнодын багш нар маш сайн ажиллаж байна. Та бүхэн, эцэг эхчүүд сайн ажиллаж байна. Шаардлагаа улам нэмэх хэрэгтэй.
 
Дорнодын хүүхдүүд толгойд нь явах ёстой. Ийм боломж бий. Ийм чадвар Дорнодынхонд бий. Ийм ирээдүй үе байх юм бол Дорнодын ирээдүй сайхан явна.
 
Өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа шагнал бол Монголын төр та бүхэнд, Дорнодын бүх үеийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа юм. Монголын ард түмэн та бүхний хийж бүтээснээр бахархаж байгаа юм. Энэ бахархлын дээд, төрийн хамгийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа юм. Намайг 8 жил ажиллахад тийм олон аймаг Сүхбаатарын одонгоор шагнуулаагүй. Тэр аймгууд дотроос би өөрөө очиж нэг ч одон гардуулж өгөөгүй. Манай Тамгын газрын дарга, төлөөний хүмүүс очдог. Дорнодод би өөрөө энэ одонг туган дээр нь хатгаж өглөө.
 
Манай Дорнодынхныг 74 жилийн дараа Монголын төр үнслээ. 74 жилийн хөдөлмөр, зүтгэлийг бид үнэлэх хэрэгтэй. Монголд Дорнодоос нар эхэлж манддаг. Дорнодоос Монголын өглөө эхэлдэг. Тийм учраас Дорнодоос Монголын сайн сайхан эхэлж байх ёстой. Дорнодын сайн сайхантай Монголын сайн сайхан уялдаж байх ёстой. Учир нь манай Дорнодынхон хөдөлмөрч, учир нь манай Дорнодынхон бүтээлч сэтгэхүйтэй, учир нь манай Дорнодынхон хийморьтой. Учир нь Дорнодын ард иргэд маш их хөдөлмөрч, олон ястны, олон аймгаас ирсэн улсууд хамтарч эв найртай ажилладаг. Үүгээрээ манай Дорнодынхон гайхуулж явах хэрэгтэй.
 
Ингээд Дорнод аймагтаа Монголын төрийг төлөөлж, Монголын ард түмнийг төлөөлж өндөр шагнал гардуулсандаа би үнэхээр их баяртай байна.
Та бүхнийхээ ажил үйлсэд дахин дахин их амжилт хүсье. Та бүхний маань буян заяа үргэлж дээшилж, хийморь нь үргэлж босоо, ажил үйлс нь Монголдоо, бүс нутагтаа толгой цохиж явахын өлзийтэй ерөөлийг өргөн өргөн дэвшүүлье. Баяр хүргэе, та бүхэнд” гэлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)