Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Засгийн толгойлогч "бацаанаа" огцруулах нь

Монголын хамгийн анхны гэгдэх улс төрийн хүчин буюу МАН-ынхан дотроо хагараантай, доороо сууриа олохгүй бужигналдаж эхэллээ. Яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай. Засгийн газраа түлхэн унагах хэмжээнд асуудал өрнүүлж байгаа бор шувууны жиргээ дуулдаж байна. Тодруулж, тохоон томилсон Ерөнхий сайдаа огцруулж, орны хүнийг залгах тухай чих дэлсэх болов. ийнхүү өөр хоорондоо "торчоолох", эв зүйгээ олохгүй маргах ганц л шалтгаан байсан гэнэ. Тэр нь, хувьсгалын ажлыг хувийнхтай холиогүйтэй холбоотой аж.
 
 
Өнгөрөгч даваа гарагт хуваарийн дагуу тус бүлэг хуралдах үеэр энэ талаарх маргаан өрнөж, Ж.Эрдэнбатыг бацаан, аймгийн Засаг даргын хэмжээний хүүхэд гэх хоч, цолыг хайрласан байна. Энэ үгнээс харвал нэг хүүхдээр засгийн гал тогоог бариулж, аймгийн хэмжээнээс илүү гарахгүй мэдлэгтэй нөхрөөр улс орны эдийн засгийг хэмжүүлж байгаа бололтой. Гэхдээ ингэж нэрийдэх асуудал юунаас үүдэв гэдэг сонирхол татах. Аливаа асуудлыг савнаас нь халиулдаггүй хайрцганд нь байлгадаг МАН томилсон ноёноо огцруулах, суудлаас нь ховх татах талаар яагаад хөндөв. Үүний цаад мөн чанарыг ухаж харвал чамгүй олон зүйл гарч ирэх нь тодорхой. Жижиг, шалдир, булдир зүйл бол лав биш байх нь гарцаагүй. Хувийнх нь ашиг сонирхлыг хувьсгалынхтай хольж хутган, ашиг орлого олох үүд хаалгыг хаасантай холбоотой гэдгийг төрийн ордонд үүрлэсэн бор шувууд уянгалаг яруугаар жиргэж, гал ассан хуралдааны талаар шулгалдаж байна. 
Ерөнхийдөө дайны галыг ноцоосон хүн нь Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар гэнэ. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хийж хэрэгжүүлэх цөөнгүй ажил төсвийн тодотголд тусгасан асуудлыг хөндөж, түүнээс нь хувь хүртэх боломжгүй болгож байгаад уурссан аж. Тиймээс ч засаг руугаа довтолж Ж.Эрдэнэбатын танхимынхан концессын гэрээний ажлаа хуйвалдан, хуваан идэх гэж байгааг журмын нөхөддөө дуулгачихсан нь гал дээр тос хийсэнтэй адил зүйл өрнүүлжээ. Хэлсэн хэдхэн үгнээс үүдсэн хэрүүл маргаан эцэстээ Засгийн газар толгойлсон "бацаанаа" зайлуулах арга хэмжээ рүү орох хүртэл тэмцэлд хөтөлж, байдлыг хурцатгажээ. Төсвийн тодотгол хэлэлцэх үед эргэн төлөгдөх нөхцөлтэй ажлууд ид шидийн маягаар гэнэтхэн орж ирсэн байдаг. Засгийн газрын сайд нар энэ асуудлыг нууж, хэнд ч дуулгалгүй сэмээрхэн хувааж авах гэж байсныг МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж, олноороо идсэнгүй гэж дургүйцсэнээр Ж.Эрдэнбатын суудал ийнхүү ганхаж эхэллээ. Чухамдаа концессын ямар гэрээнүүдийг хувааж идэх гэж байгаа нь нууц хэвээр байна. Бултаараа хуваасангүй гэж бухимдахыг бодоход аюулын том мөнгөний ажлууд байж таараа биз. 
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэзээнээсээ хорон үгтэй нэгэн. Тэрээр Засгийн газрын тэргүүнээ баахан баалж, бацаан, аймгийн Засаг дарга гэж хэлсэн талаарх мэдээллүүд хөвөрсөөр. Мөн Нямтайширын хүү Номтойбаярын “МАК" компанид концессын гэрээ өглөө гэж маш ихээр уурласан байх юм. Өмнө нь тус компани томоохон хэмжээний концессын гэрээ авч байсан түүхтэй. Тиймээс энэ удаад төрийн тэтгэлэгтэй ажилд оролцуулахгүй өнжүүлэх шаарлагатай гэж ч довтолсон байна. Засгаа донсолгох, дотроо хуваагдах болсон эхний шалтгаан нь дээрх асуудал. Харин удаах нь газрын хэвлий дэх баялагтай холбоотой болж таарав. Тодруулбал, нүүрсний наймаа юм. Энэ төрлийн бизнесийг үе үеийн төрийн эрх баригчид эрхэлж, өөрсдийн хармаа уутаа дүүргэдэг байсныг эргэн сануулах хэрэггүй биз. Ер нь, Эрдэнэтээс илүүтэй улс төрчдийн саалийн үнээ болж хувирсан бизнес гэхэд хилсдэхгүй. Өнөөгийн засагт тухлан суугаа сангийн сайд ч энэ төрлийн бизнестэй нэгэн. Нүүрс тээвэрлэдэг машин чамгүй олон байдаг талаарх мэдээлэл ч цацагдаж, асуудалтай зүйлүүд ч үүсч байсан нь саяхан мэт. 
Тэгвэл улс төрчдийн саалийн үнээ болсон нүүрсний наймааг өнөөх хүүхдийн сэтгэлгээтэй “бацаан” Ерөнхий сайд Ж.Эрхдэнэбат хаачихсан, орох гарах хаалгыг нь түгжчихсэн юм байх. Хоёр дахь том асуудал нь энэ. Өмнөх засаглал, төрийн дэглэмийн үед байсан мөнгө олох технологи болох хэдэн тонн нүүрс  зуучлаад хэтэвчээ түнтийлгэдэг нүүрс гэх бизнесийн сувагт гацаа үүсэхээр уурлан бухимдах нь гарцаагүй байж таараа. Учир нь, хар алт хэмээгдэх нүүрсний үнэ суга өсч дэлхийн зах зээл дээр тонн тутамдаа 300 ам.долларт хүрлээ. Ингэж өсч байхад хармаанд орох мөнгөний урсгал тасрах хаалт тавихаар галзуурахад ганц хуруу дутах нь арга ч үгүй дээ хөөрхийс. Тиймээс л хаалтыг эвдэж, цоожтой хаалгыг нээх, бөглөрсөн сувгаа сэтгэх асуудлыг Ерөнхий сайдад тулгасан гэнэ шүү. Гэвч дайралт нэг их амжилт үзүүлээгүй, загнаж зандраад тусыг эс олон, барахгүйдээ тулах тэр цагт суудлыг ганхуулж, түлхэж унагах арга хэрэглэхээр шийджээ. 
Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өөр хоорондоо үзэж таран, засгаа оролдох болов уу. Эсвэл сонгуулийн маргаашнаас компанит хөдөлгөөн өрнүүлж, үгэнд ордоггүй, намынхаа бизнесмэнүүдийг дэмжин хуваан иддэггүй "бацаанаа нухчин дарах уу гэсэн асуулт тэнүүчилж явна. Үүнийг цаг хугацаа харуулах биз ээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [66.181.185.54] 2017/04/23
Hurgan dargiig negmoson zahirah darga uguilegdej bn