Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Нарантуулаар овоглогдох шинэхэн нам төрөн гарах уу

Улс төрийн шинэ нам байгуулах үйл явц өрнөөд эхэлсэн бололтой. Улсдаа анхдагч МАН, удаах АН, парламентад ганц хоёрхон суудлаар хэмжигддэг байсан ИЗНН болон жижиг гэж жийгдсэн, элдэв хийрхэл автсан намууд моодноос гарч байх шиг. Тиймээс ч шинэхэн нам байгуулж, үнэний дуу хоолой болно гэж сүр дуулиантайгаар зарлах ашигтай болсон мэт. Яагаад гэвэл өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон намуудын нэр хүнд навс унаж, шалдаа буужээ. Дотоод дахь тэмцэл нь ч хурцдаж байна. Иймд намдаа гомдогсод нийлж ханилан явах боломжгүй гэж тооцоонд орж, тогоотой хоолноос хороолцох хугацаа нь дууссан хүмүүс нам байгуулах аян дайнд мордож байгаа юм уу даа. 
АН-ыг толгойлж, Засгийн газрын толгойлогчоор ажиллаж байсан Н.Алтанхуяг нам байгуулах тухай чих дэлсэв. Гэхдээ ямар нэртэй аль чиглэлийг барьсан байх нь тодорхойгүй аж. Олны яриа, ойр байх хүмүүсийн дундаас үүнийг жиргээд эхэлсэн. Магадгүй түүнийг нам байгуульал дагаж мордох нөхдүүд АН дотор цөөнгүй. Магадгүй ийм алхам хийх байгаа нь цаанаа учиртай биз. 
Мөн нэгэн цагт хуучнаар МАХН өдгөөгийн МАН-ын тугийн барьж дарцаглан явсан, Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуу нам байгуулах гэнэ шүү. Бүр нэр усыг нь ч бодоод олчихсон яваа юм байна. Нэр нь маш сүржин. Тодруулбал, "Үнэн ба худал" гэх. Энэ намаа байгуулаад шүүх байгууллага маягаар худал үнэнийг дэнслэх юм байх. Өнгөрөгч сонгуулиар С.Уянгын ТТЭНН-аас Завхан аймгийн тойрогт хүч үзсэн ч МАН-аас нэр дэвшсэн дүү Ш.Батсамбуудаа далаараа цэвэр тавиулж, цэвэр хожигдол хүлээсэн. Тэгвэл шинэ нам байгуулан ирэх сонгуульд оролцож даагаа нэхэх гэж байгаа бололтой. Түүний талаарх энэхүү яриа олны анхааралд байна. Мөн бас л нэг хүний нам байгуулагдах нь гэж ярих нь ч дуулдав. Энэ ч оргүй биш байх. Улс төр гэж олон жил харайлгасан Б.Жаргалсайхан өөрийн компанийнхаа намыг байгуулсан. Мөн эх орны хөрс шороог эргүүлж, хүн амьтан байхын аргагүй болтол нь талхалж алт олборлосон "Эрэл" нэрээр алдартай Б.Эрдэнэбатын нам ч байна. Гэхдээ энэ намууд нэг их амжилтанд хүрээгүй. Харин Ш.Сайхансамбуу намтай болвол хэр амжилт үзүүлэх бол. 
Нарантуулын гэж овоглогдох нам төрөн гарсны дараа энэ бүхэн тодхон харагдах биз ээ. 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.131.233.154] 2017/04/19
garchl baig