Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Ард түмнээсээ тэтгэврийг нь булаасан ардын засаг

Хөдөлмөрийн насыг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас ярьж хэрэгжүүлэх алхмаа хийгээд эхэлсэн. Монгол хүний хөдөлмөр чадвар 65 нас хүртэл болох юм. Энэ нас зооглотол төрдөө зүтгэж түмэн олныхоо төлөө ажиллах шаардлагатай тун удахгүй учран золгоно, монголын ард иргэд. Тэгвэл 50 наснаас дээш ажиллах хүсэлтэй хүмүүсийг авдаг албан байгууллага өнөөдөр хэд билээ. Мөн ажилд авахдаа нас хүйс заачихдаг байгууллагад “Би ажилд ормоор байна” гээд 45 настай хүн очиход уучлаарай хаалгаа цаанаас нь хаачих гэсэн хариултыг хэлдэг. Бодит байдал ийм байхад Ж.Эрдэнбатын Засгийн газар, Хөдөлмөрийн сайд Н.Номтойбаяр нар хөдөлмөрийн насыг 65 болгоно гэж ярьж байгаа нь сэрүүн зүүдэлж байгаа хэрэг биш үү. Ямар тооцоо судалгаанд суурилж ийм зүйл хийх гэж байгаа нь тодорхойгүй. Ямартай ч нэг ийм ажил хийхээр төлөвлөж, түүнийгээ хэрэгжүүлэхээр зорьж байгаа нь үнэн.

Дэлхий нийтийн жишгээр хөдөлмөрийн насыг тогтоохдоо тухайн улс орны хүмүүсийн дундаж наслалтыг тооцсоны үндсэн дээр хөдөлмөрлөх насыг тогтоодог байна. Тэгвэл монголчуудын хувьд хэрхэн тооцсон нь сонирхол татна. Яаж яваад 65 болгоно гэчихэв. Үүнийг сонирхоход, одоогийн байдлаар тэтгэвэрт гарсан иргэдийн хувьд эмэгтэйчүүд 17-18, эрэгтэй нь 15 жил тэтгэвэр аваад сул чөлөөтэй явж байна гэсэн судалгааг хийжээ. Тиймээс төрд зүтгэж байгаа хүмүүсийн гавьяаны амралтанд гарах хугацааг сунгах хэрэгтэй гэсэн байр суурийг Засгийн газрынхан гаргасан гэнэ. Ерөнхийдөө 20 жил төрдөө хүч хөдөлмөрөө өгөх нь бага гэж үзэн, гавьяаны амралтаа бас удаан эдэлж эрлэгтэй уулзлаа хэмээн тооцсон хэрэг. Иймээс л 65 нас хүртэл нь ажиллуулахаар зорьж эхэллээ.

Гэтэл өнөөдөр монголчуудын наслалт тийм өндөр байгаа билүү гэсэн асуулт тавигдах. Эдийн засаг хямарч, амьдрал, амьжиргаа сульдаж байгаа үед ажил эрхлэх нь таатай ч өндөр насны босго алхсан хүн хөдөлмөрлөх чадвар хэр байх бол. Үүнээс гадна ажилгүй, хотын гудам хэрэн хэсүүчлэн өдөр хоногийг өнгөрөөж яваа залуусаа ажлын байртай болгоогүй төр яаж өндөр настнуудыг ажиллуулах гэж сэтгэв. Өмнөх хэд хэдэн засгийн үеэс л ажлын байраар хангах асуудлыг өндөрт тавьж байсан ч ажилгүйдлийн тоо буурсангүй. Харин ч дээд боловсролтой ажилгүйчүүдийн эгнээ тэлсээр. Нөхцөл байдал ийм байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газар арай л дэндүү тэнгэрт дүүлж байх шиг.

Монголчуудын дундаж наслалт 67 гэсэн тоо гарч. МАН-ын засаглалын оруулж, өргөн мэдүүлж, хууль болон гаргах асуудлыг дэмжин баталсан тохиолдолд 65-тай тэтгэвэрт суугаад хоёр жилийн дараа бурхны орондоо морилох нь. За тэд нэг ийм л зүйлийг хүсч байна. Мөн Нийгмийн даатгалын сангаас гаргаж байгаа тэтгэвэрийнхэнд зориулагдах хөрөнгө багасч ашигтай байдал үүснэ гэх тооцог ч хийсэн  байх. Ийм тооцоо хийснийг сөрөг хүчнийхэн гайхаж, тооцоо судалгаа дутуу дулимаг, боломжит нөхцөл байдлыг хараагүй харалган байна гэсэн шүүмжлэлийг хэлсээр.  Гэвч парламентад 65 суудалтай МАН олон кнопныхоо хүчээр асуудлыг шийдэх биз ээ. Төсвийн тодотголыг ч ийм маягаар шийдсэн. Тиймээс сурсан занг нь сураар боож, оосорлож дөнгөхгүй хойно 65 хүртэл ажиллуулах асуудал батлагдах байх.

Ямартай ч дундаж наслалт 67 учир 65 хүртлээ татвар төлснийхөө хүчээр хоёр жил төрийнхөө хайр хишгийг хүртээд алс холын аяндаа мордоно гэсэн үг. Арай эрт морилчихвол төрөөс хишиг хүртэхгүй. Үүний цаана ямар логик, юу харагдаж байгааг эрхэм уншигч та бүхэн тунгаана биз ээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [66.181.179.48] 2017/04/23
MAN songoson bi amaa barij baina. Arai l hulhiduullaa
Зочин [150.129.141.126] 2017/04/19
ЭРГҮҮ ТЭНЭГ ХҮМҮҮСИЙГ СОНГОСОН БИД Л БУРУУТАЙ НОМТОЙБАЯР.ЭРДЭНЭБАТ .ЧОЙЖИЛСҮРЭН НАР 100 НАСЛАНА ГЭЖ ГОРЬДОЖ БАЙХ ШИГ БАЙНАДАА.ГУЦВАА ТЭД 60 Ч ХҮРЭХГҮЙ ОЛНЫ ХАРААЛААР