Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

АНУ Хойд Солонгост сүр хүчээ үзүүлж байна

АНУ-ын армийн байлдааны хөлөг онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлөг онгоц Солонгосын хойгийн эрэг рүү дөхөж байгаа нь Хойд Солонгосыг довтлох АНУ-ын төлөвлөгөө нухацтай, түгшүүртэй шатандаа орсныг илтгэж байна хэмээн Пхеньяны Гадаад хэргийн яамны төлөөлөгч төрийн мэдлийн мэдээллийн агентлагаар дамжуулан мэдэгдлээ.
 
Цэрэг, дайны хүчин чадлаа нэмэгдүүлж, цөмийн зэвсгийн үйлдвэрлэл, боловсруулалт дээр ажиллах Хойд Солонгосын бодлого зөв гэдгийг Вашингтоны үйлдэл дахин нотлон харууллаа хэмээн уг мэдэгдэлд онцолжээ.
 
“Карл Винсон” тээвэрлэгч хөлөг онгоцоор удирдуулсан АНУ-ын тэнгисийн цэргийн флотын довтолгооны хэсэг дөрөвдүгээр сарын 9-нд Номхон далайн баруун бие рүү хөдлөх тушаал авсан юм. Энэхүү флот Австрали орохоор Сингапур орчимд явж байсан ч гэнэт чиглэлээ өөрчлөх тушаал авч Солонгосын хойг руу хөдөлсөн байна. Довтолгооны хэсгийн бүрэлдэхүүнд тээгч хөлөг онгоцноос гадна байлдааны хөлөг онгоц нэг, их буутай хөлөг онгоц хоёр, мөн удирдлагатай пуужингаар тоноглогдсон нэг хөлөг байгаа аж.
 
“Карл Винсон” хөлөг Солонгосын хойг руу хөдөлж байгаа нь байнгын байлдааны бэлэн байдлыг харуулж байгаа хэрэг хэмээн АНУ-ын Номхон далайн флотын командлагч Дэвид Бенхам мэдэгдлээ. Хойд Солонгос нь бодлогогүй, хариуцлагагуй, тогтвортой байдлыг эвдэгч пуужингийн хөтөлбөр болон цөмийн зэвсэг бүтээх оролдлогоороо бүс нутгийн хамгийн том заналхийлэл болж байна хэмээн тэрээр онцоллоо. Хойд Солонгосын тал АНУ-ын газар нутагт хүрэх пуужинтай болохыг зөвшөөрч болохгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм.
 
Пхеньяны эрх баригчид НҮБ-ын шаардлага, хориг арга хэмжээг үл хайхран цомийн пуужингийн туршилтыг зогсолтгүй хийсээр байна. Гуравдугаар сард болсон ээлжит пуужингийн туршилтын дараа Хойд Солонгосын Засгийи газар “Япон дахь Америкийн цэргийн баазад цохилт өгөх сургуулилт хийлээ” хэмээн мэдэгджээ. АНУ, Өмнөд Солонгосын арми Солонгосын хойгт цэргийн хамтарсан сургууль хийсээр байгаа нь Пхеньяны эгдүүцлийг төрүүлсээр байна. Хойд Солонгос энэхүү хээрийн сургуулийг “Манай улсад халдан довтолсонтой ялгаагүй заналхийлэл” хэмээн үзэж байгаа юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)