Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Антибиотикийг буруу хэрэглэвэл өвчин архагшдаг

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” долоо хоногийг зарласантай холбогдуулан антибиотикийн талаарх зайлшгүй мэдэх шаардлагатай зарим зүйлсийг зөвлөж байна.

 

АНТИБИОТИК ГЭЖ ЮУ ВЭ?

 

Төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг нян устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл. Харин вирусаар үүсгэгдсэн жирийн ханиад томуу болон суулгалтыг эдгээдэггүй. Антибиотикийг эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэх ёстой.

 

Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол:

 

Эмч таны өвчинд тохирох антибиотикийг сонгож өгнө. Ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэхийг зааж өгнө. Эмчийн зааврын дагуу хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэрэх болно. Эмийг эмчийн заавраар, жороор хэрэглэж хэвшье!

 

Антибиотикийг буруу хэрэглэвэл:

 

Өвчний шинж тэмдгийг бүдгэрүүлж, оношлоход төвөгтэй болгоно. Өвчин архагшина.

 

Тунг хэтрүүлэн хэрэглэвэл:

 

Зөвхөн өвчин үүсгэх нянг устгаад зогсохгүй, хүний биед ашигтай бусад нянгуудыг устгаж мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетэнг үржих боломжийг бүрдүүлдэг.

 

Заасан хугацааны турш гүйцэт хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол:

 

Эмчилгээ дутуу хийгдэнэ. Өвчин үүсгэх нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог.

 

АНТИБИОТИКИЙН ДАСАН ЗОХИЦОЛ ГЭЖ ЮУ ВЭ

 

Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисоноос антибиотикийн дасал үүсдэг. Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь түүнд дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол тэр антибиотик төдийгүй түүнтэй адил бүлгийн бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.

 

Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:

 

Антибиотикийн мэдрэг чанарыг үзүүлж, өөрт тохирох антибиотикийг хэрэглэх. Зөвхөн нянгаар үүсгэгдсэн халдварт өвчний үед эмчийн зөвлөсөн антибиотикийг хэрэглэх Антибиотикийг эмчийн заасан тунгаар зөвлөсөн хугацааны турш гүйцэд эдгэртлээ хэрэглэх Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмийн заавраас харж зөв хэрэглэх

 

Антибиотикийг хэрэглэхэд анхаарах зүйлс:

 

Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ завал хэлээрэй. Тухайн антибиотикийг уух боломжтой үед хэзээ ч тариагаар бүү хэрэглээрэй. Зөвхөн шаардлагатай үед л тариагаар хэрэглэх Антибиотикийг ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд маш болгоомжтой хэрэглээрэй.

 

Тухайлбал:Тетрациклин, Левомицетин зэрэг антибиотик нь хүхэд болон урагт хортой нөлөө үзүүлдэг. Хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч та эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй. Хэрвээ антибиотик хэрэглэмэгц арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдээрэй. Мөн дахин хэзээ ч энэ антибиотикийг хэрэглэж болохгүй. Хүүхдийн гар хүрэхээргүй газарт, эмийн хайрцаг дээр заасан нөхцөлд хадгалаарай. Хугацаа дууссан бол бүү хэрэглээрэй.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)