Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Зарим жилд 8000 шахам идлэг шонхор хүчдэлд цохиулж хорогддог

Манай улс 2000 оны эхэн үеэс сум, суурин газруудыг найдвартай эрчим хүчээр хангахын тулд төмөр карказ бүхий бетонон тулгуур ашиглаж эхэлсэн. Уг бетонон тулгуур өмнө нь хэрэглэж байсан модон тулгууртай харьцуулахад эдийн засгийн хэмнэлттэй, удаан эдэлгээтэй боловч байгаль орчин, ялангуяа шувуудад сөрөг нөлөө үзүүлэх болсон. Иймээс БОАЖЯ, ЭХЯ, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, “Оюутолгой” компани хамтран  “Цахилгаан дамжуулах агаарын шугамд махчин шувуу хүчдэлд цохиулах эрсдэл, түүнийг бууруулах боломж” сэдэвт үндэсний анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөлгөөний зорилго нь одоо ашиглаж байгаа 35кВ хүртэлх агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох талаар төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор хэлэлцэн шийдэх юм. 
 
 
Судалгаагаар үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхор өндөр хүчдэлд цохиулж хорогдох нь хамгийн түгээмэл байгаа аж. Тодруулбал, тухайн жилийн мэрэгч амьтдын элбэгшлээс хамаарч  713-7950 идлэг шонхор зүй бусаар хорогдож байна. Хэрэв ийм хэмжээний шувууг Арабын орнууд руу гаргах эдийн засгийн үнэлгээгээр тооцвол олон сая ам.доллараар хэмжигдэх аж. Тэгэхээр цахилгаан дамжуулах агаарын шугамыг шувуудад аюулгүй болгох асуудлыг нэн даруй шийдвэрлэх, үүнд удирдлага, зохион байгуулалтын үр дүнтэй бүтэц, санхүү болон бүх талуудын оролцоо, нягт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг судлаачид хэлж байна. 
 
 
2013 онд 826 шувуу цахилгаанд цохиулж үхсэнээс 150 нь идлэг шонхор
 
2014 онд 1017 шувуу цахилгаанд цохиулж үхсэнээс 511 нь идлэг шонхор
 
2015 онд  464 шувуу цахилгаан цохиулж үхсэнээс 206  нь идлэг шонхор байсан. 
 
 
Идлэг шонхорын гол хоол болсон мэрэгчид эрчим хүчний шонтой ойр тархсантай холбоотойгоор шувуу зүй бусаар хорогдох нөхцөл болдог байна. Мөн хүчдэлийн шонгийн хадаасны тоо цөөн байгаа нь хүчдэлд амархан цохиулах нэг шалтгаан болдог талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр хэллээ. 
 
 
Сонирхуулахад, цахилгаанд цохиулж үхэж байгаа идлэг шонхорыг хүйсээр нь ангилж үзвэл 63 хувь нь эм, 37 хувь нь эр байжээ. Түүнчлэн насны ангиллаар авч үзэхэд 69 хувь нь ангаахай, 23 хувь нь 1 настай, 8 хувь нь нас бие гүйцсэн байдаг аж. Залуу шувуудын эм нь эрээсээ 2.1 дахин их хэмжээгээр хүчдэлд цохиулж үхэж байгаа гэсэн судалгаа гарсан байна.
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)