Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Нийгмийн даатгал гэж юу вэ

Манай сайтаас уншигчиддаа  нийгмийн даатгалын ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Та бүхэнд нийгмийн ажил үйлчилгээг эрхлэн зохион байгуулах, тэтгэвэр тэтгэмж болон нийгмийн даатгалын шимтгэлийн тухай зэрэг өргөн цар хүрээний мэдлэгт тань бидний бэлдсэн цуврал мэдээллүүд бага атугай тус хүргэх байх гэж найдаж байна.

 

Даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох аливаа эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг нийгмийн даатгал  гэнэ.

 

Даатгал гэдэг нь эрсдэлийг хаах гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Нийгмийн даатгал бол нийгэм, эдийн засгийн өргөн хүрээтэй ойлголт бөгөөд хүний амьдрах хугацаанд дараах эрсдлүүд бий болсон тохиолдолд нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай болдог.

 

Даатгуулагч, иргэний амьдралд тохиолдох эрсдлүүд:

 

• Даатгуулагч, иргэн өндөр наслах (эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрэх),

 

Ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар (ажиллаж байх хугацаандаа) алдах,

 

• Эрхэлж байгаа ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар чөлөөлөгдөж ажилгүй болох,

 

• Асран хамгаалагч (даатгуулагч, иргэн) нь нас барахад түүний асрамжинд байгаа гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн амьдралын баталгаа алдагдах,

 

• Даатгуулагч, иргэн нь ямар нэгэн аж ахуйн нэгж, байгууллагад болон ажил хөдөлмөр эрхэлж байхдаа олж байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй тэнцэх орлогоо дээрх аль нэг шалтгааны улмаас алдаж байнгын орлогын эх үүсвэргүй болох зэрэг юм.

 

Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.

 

Иргэд нийгмийн даатгалд дараах хоёр хэлбэрээр хамрагдаж даатгуулна:

 

1. Заавал даатгуулах - Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон төрийн албан хаагч нийгмийн даатгалд заавал даатгуулна.

 

2. Сайн дураар даатгуулах - Нийгмийн даатгалд заавал даатгуулснаас бусад иргэн хувиараа үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхэлж байгаа бол  хуульд заасан болзол журмын дагуу нийгмийн даатгалд сайн дуруур даатгуулах бөгөөд түүний ямар төрлийг сонгохоо өөрөө шийдвэрлэнэ.

 

Нийгмийн даатгал нь таван төрөлтэй:

 

Тэтгэврийн даатгал

Тэтгэмжийн даатгал

Эрүүл мэндийн даатгал

Үйлдвэрлэлийн ослын даатгал

Ажилгүйдлийн даатгал

 

Нийгмийн даатгалын сангийн орлогын үндсэн  эх үүсвэр нь аж ахуйн нэгж байгууллага тэдгээрт ажиллаж буй даатгуулагчдаас төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс бүрдэнэ. Иргэн бүр ажил хөдөлмөр эрхэлсэн цагаас эхлэн нийгмийн даатгалд даатгуулж шимтгэл төлж байгаа бол нийгмийн даатгалын үйлчилгээг хүртэх эрхтэй.

 

Иймд иргэн хүн нийгмийн даатгалд хамрагдая гэвэл аж ахуйн нэгж, байгууллага, төрийн албан хаагчид нь заавал даатгуулагчид болох бөгөөд нийгмийн даатгалд аж ахуйн нэгж, байгууллага нь хариуцан хамруулна. Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд нь өөрөө хүсэлт гарган нийгмийн даатгалын байгууллагад хандсанаар сайн дурын даатгалд хамрагдах болно.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)