Олон жилийн зурхайн өнгөөс харахад, Тахиа жил Бар жилтнүүдэд тийм ч таатай ханддаггүй. Ихэнх зурхайчид үүнийг “амьдрал дээр ч нийцгүй байдал нь ийн нөлөөлдөг” гэж үздэг. 2017 онд тохиож буй Гал Тахиа нь Бар жилтнүүдэд аливаа асуудалд голчийг барихыг зөвлөж байна. Учир нь Тахиа Бар жилтнүүдэд илүү зүйл амлаж чадахгүй. Алдаа онооны аль алиныг нь тэнцүүхэн хүртээхээр “төлөвлөжээ”. Ажил хэрэг, хайр дурлалын асуудалд харин өгөөмөр гараа сунгах нь. Эрүүл мэнд, мөнгө санхүүгээ та өөрөө зохицуулж, ёстой л сэтгэлийн дуудлагаараа шийдэхэд болох ажээ. Уналт, сэргэн мандалтыг амсуулахдаа ч таныг ажил мэргэжилдээ шударга хандаж, гэр бүлдээ сэтгэл, цагаа зориулах нь аливааг шийдэх гэж ганцаараа махран зүтгэхээс илүү ашигтайг Тахиа ойлгуулах болно.
Ээлтэй зүг: Өмнөд, Баруун хойд
Хориглох зүг: Зүүн өмнөд, Баруун өмнөд
Ивээл өнгө: Хар, хөх, ногоон
Зайлсхийх өнгө: Цагаан, саарал
Азтай тоо: 3, 9
Хайр дурлалд ээлтэй зүг: Зүүн
Эд баялагт ээлтэй зүг: Зүүн хойд
Эрдэм номонд ээлтэй зүг: Хойд
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Баруун
МӨНГӨ САНХҮҮ
Орлого олдог, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болсон аливаа ажил мэргэжлээ солих гээд яарах хэрэггүй. Тансаг эдлэл, үнэт зүйлс худалдан авахыг Тахиа жилдээ хойшлуул. Бусдын ятгалга, зөвлөгөөгөөр үнэт зүйл болон тооцоогүй бизнест хөрөнгө оруулахаас зайлсхий. Жилийн турш энэ зарчмаа алдахгүй дагавал эрсдэлгүй, алтан дунджаар Тахиа жилийг аядуухан үднэ, үгүй бол эхэлсэн эрсдэл дараа жилд үргэлжилж болзошгүйг анхаар.
АЖИЛ АЛБА
Албан тушаал ахих, эс бөгөөс ажлын байраа хадгалж үлдэх бололтой. Та хамт олон, найз нөхөдтэйгээ эв зүйтэй харьцаж, тэдний ажилд тусласны хариуд тэд таныг өмгөөлөн, таны арыг бат даана. Ажлын болоод бизнесийн талбар дээрх өөрийн өрсөлдөгчийг зөв үнэлж, басамжлахгүй байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө дутуу үнэлснээс өөрөө эвгүй байдалд орж, алдагдал хүлээдэг гэдгийг мартаж болохгүй. Жилийн сүүлийн хагаст таны ажилд ахиц гарна. Тэрхүү ахиц дэвшлийг хүлээн авах төлөвлөгөө зорилгоо бэлэн байдалд байлгахыг зөвлөе. Энэ үед хөрөнгө оруулалт хийхээр бол хянуур байгаарай.
ХАЙР СЭТГЭЛ
Хайр дурлалын “аялал”-ыг Тахиа ивээж байна. Гэр бүлтэй Барнууд аз жаргалаар дүүрэн байх бөгөөд хүүхэдтэй болоход нэн тохиромжтой жил. Аливаад ул суурьтай ханддаг, өөрийг чинь бусдаас илүү халамжилж, анхаардаг нэгнийг сонгох хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Хайр дурлалтайгаа хэдийнэ учирч хараахан гэрлэж амжаагүй хосуудын харилцаа холбоо улам гүнзгийрч, нэгнээ бусдаас илүү ойлгодог болно. Тэдний гэрлэх цаг ирснийг сануулж буй хэрэг. Олонхи нь хайртай хүнтэйгээ зөрчилдөх ба энэ нь та хоёрын харилцааны үнэнч эсэхийг шалгаж байгаа шалгуур төдий зүйл.
ЭРҮҮЛ МЭНД
Ноцтой элдэв өвчин тусах, хүндээр өвдөх нь бага. Харин болгоомжтой байхгүй бол гэнэтийн ослоос багахан гэмтэхийг үгүйсгэхгүй. Мод болон төмөр эдлэлээс хол бай. Тэдгээрээс бэртэх магадлалтай. Намар, сэрүү унах үеэр биеэ бодоорой. Үе мөч, шөрмөсний өвчин ээрч мэднэ. Ажлын ачаалал, уур амьсгалаас шалтгаалж сэтгэл санаа тань тогтворгүй болж дарамт шахалтад өртөж магад тул ажил амралтын цагийг баримталж, агаар салхинд гарч тархи толгойгоо амраан, оюун бодлоо цэгцэлж, сэргээж байхыг сануулж байна.
ГАЛ ТАХИА ЖИЛД БАР ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА
1926 оны гал бар жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Тархи толгойны өвчнөөс сэргийл.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиул. Алтангэрэлийн даллага авахуул. Нити, Цэдүв уншуул. Лус савдгийн хорлолоос сэрэмжил.
1938 оны шороон бар жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, Дарь-Эх, Цагаан шүхэрт, Сундуй уншуул. Зүрхний өвчин болон хийдэхээс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, Цагаан шүхэрт, Ширнэн, Ариун сан уншуул. Махны бузраас сэргийл.
1950 оны төмөр бар жилтэн
Эр: Огторгуйд суусан. Намсрай бурхан тахиулж, даллага авахуул. Алтангэрэл, Жамбалцанжод уншуул. Толгойн өвчнөөс сэргийл.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, даллага авахуул. Нити, Саянинбо уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.
1962 оны усан бар жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж буян хишгийн даллага авахуул. Дарь-Эх, Юм уншуул. Зүрхний өвчнөөс сэргийл.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Алтангэрэл, Ариун сан уншуул. Махны бузраас сэргийл.
1974 оны модон бар жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, Алтангэрэл, Намхайнянбо уншуул. Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, хишиг даллага авахуул. Нити, Ширнэн уншуул. Газар шороо хөндөхийг цээрлэ.
1986 оны гал бар жилтэн
Эр: Хийд суусан. Лхам бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Түй мандал, Жамбалцанжод, Цагаан шүхэрт уншуул.
Эм: Ууланд суусан. Гомбо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Түй мандал, Сундуй уншуул. Гэнэтийн ослоос сэрэмжил.
1998 оны шороон бар жилтэн
Эр: Огторгуйд суусан. Чойжоо бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. Өндөрт мацахыг цээрлэ.
Эм: Шороонд суусан. Жамсран бурхан тахиулж, буян хишгийн даллага авахуул. 1000 саци тавь. Газар шороо хөндөхийг цээрлэ.
2010 оны төмөр бар жилтэн
Эр: Хийд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Зүрхний өвчин болон хийдэхээс сэргийл.
Эм: Ууланд суусан. Загдзүсүм, Бумчин уншуул. Гэнэтийн ослоос болон улаан махны бузраас сэргийл.