Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хөөрөгний талаар та юу мэдэх вэ

Хөөрөг хүн төрөлхтний хэрэглээ болоод хэдэн зуун жилийн нүүрийг үзэж байна. Хөөрөг хэрэглэж ирсэн ирсэн монгол заншилд өөрийн гэсэн олон онцлог байдаг. Энэ нь Монгол хөөрөг гэсэн бие даасан ухагдахууныг бий болгож байгаа юм. Хөөрөг бол урлаг, ёс заншил, өв соёл, үнэт эдлэл гэсэн олон ойлголтуудын нэгдэл билээ. Хөөргийг нэг талаас нь чулуугаар хийсэн урлагийн бүтээлийн оргил гэж хэлж болно. Учир нь хөөрөг хийхэд бөх бат, гоё ганган хээ хуар бүхий чулууг эрж хайж сонгодог. Тийм ч учраас хөөрөгний үнэ цэнэ нь чулуу сонголт, нарийн хийцээс хамаарч өөр хоорондоо үлэмж ялгаа үүсдэг. Монголчууд шүр, хаш, мана, чүнчигноров, пийсүү, гартаам, оюу, номин, болор зэрэг олон чулуугаар эртнээс хөөрөг хийж ирсэн билээ. Бидний хэрэглэж ирсэн монгол хөөрөгний хийцийн тухайд Монгол, Манж, Хятад, Төвд гэсэн дөрвөн хийц голлодог. Тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох нь хэн хүний хийж чадах зүйл биш. Энэ нь маш сайн мэргэшсэн судлаач, цуглуулагчдын ажил юм. 
 
Монголчууд хэзээнээс нааш хөөрөгний толгой, нуух, халбаганд өндөр ач холбогдол өгч ирсэн. Хөөрөгний толгойг шүрээр хийх бөгөөд шүр нь хэдий чинээ улаанхүрэн байна төдий чинээ сайн гэж гэж үздэг. Энэ нь дэлхий дахинд шүрийг үнэлэх үнэлгээтэй таарч байдаг. Сүүлийн үед хөөрөгний толгойг аль болох өндөр, ойролцоогоор амны диаметртэй тэнцүү хэмжээтэй байхыг сайн гэж үздэг болоод байгаа. Гэтэл 18, 19 дүгээр зууны үеэр хийгдсэн хөөрөгний толгой ихэвчлэн хөөрөгний амны диаметрийн талтай тэнцэхүйц өндөртэй байжээ. 20, 21 дүгээр зууны хөөрөгний толгойг өндөр байлгах хийц нь давамгайлсан байна. 
 
Хөөрөгний хийцийн тухайд 18, 19 дүгээр зуунд оргил үедээ байсан бөгөөд тийм ч учраас энэ үеийн хөөрөгний үнэ дэлхийн болон Монголын зах зээл дээр давамгайлж байна. Энэ цаг үед дотортой хөөрөг цөөнгүй хийгдэж байжээ. Дотортой хөөрөг гэдэг нь хөөрөгний дотор талын өнгөлгөө яг гадна талтайгаа адилхан өөгүй гөлгөр байхыг хэлдэг. Хөөргийг ийнхүү доторлож байсан нууц одоогийн дархчуудад өвлөгдөж үлдээгүй юм. Мөн хөөрөгний дотрыг яг ижил хэмтэй нимгэн ухдаг. Ямар ч багаж хүрэх боломжгүй хэсэгт ч адилхан ухдаг чулууны хийцийн урлаг харамсалтай нь мөн өнөөгийн дархчуудад өвлөгдөж ирээгүй юм. 
 
Хөөрөг цуглуулагчдын тоогоор Хятад, Тайвань, АНУ-ын цуглуулагчид давамгайлж байна. Гадаадын цуглуулагчид төдийлөн хөөрөгний толгойд анхаарал тавьдаггүй. Тэдний хувьд хөөрөгний толгой ямар байх нь ихэнхдээ хөөрөгний үнэд нөлөөлдөггүй. Тэд хөөргийг цуглуулахдаа юуны өмнө хөөрөгний нарийн хийц, чулууны өнгөний зохицол, хоёр буюу түүнээс дээш өнгийг гаргасан байгалийн тогтоц, мөн түүнийг ашиглаж хийсэн сийлбэр, хөөргөн дээр үлдээсэн бичээс, тамга, тэмдэг зэргийг илүүтэй анхаарч ирсэн юм. Хөөрөгний үнэд нөлөөлөх нэг хүчин зүйл бол чулууны өнгө байдаг. Тухайлбал, хар, цагаан хаш, шүр, пийсүү хөөрөгнүүд өнгөнөөсөө хамаарч үнэ нь 10-20 сая төгрөгт хэлбэлзэх тохиолдол элбэг тохиолддог. Олон улсын зах зээл дээр пийсүү хөөрөг үлэмж үнэд хүрдэг. Гэхдээ пийсүү нь ногоон, цагаан, шар өнгөтэй байдаг. Ногоон пийсүү нь 12 өнгөтэй байдаг. Өөрөөр хэлбэл, 12 өнгийн ногоон байх бөгөөд түүнээс зөвхөн нэг ногоон өнгө нь асар их үнэ хүрдэг. Олон улсын дуудлага худалдаан дээр өнгөний бүх шаардлага, чулууны шаардлага хангасан ногоон пийсүү хөөрөг 150 мянган ам.долларын үнэ хүрч байсан удаатай. 
 
Монголчуудын тухайд хөөрөг нь мэндлэх, хүндлэх ёсны хэрэглэгдэхүүн болж ирсэн. Хөөрөг зөрүүлэх тогтсон олон ёс заншил байдгийг бид бүгд бэлхнээ мэдэх билээ. Мөн хөөрөг бол ихэнхдээ өв залгамжлан үлддэг эд хогшил, энэ утгаараа өрх гэрийн нэрийн хуудас болж явсан удаатай. Хөөргөөр нь тэдний хүүхэд байна гэх, хөөргөөр нь тэр ноёны элч болохыг таних тохиолдол байсан билээ. Хөөрөгний энэ мэт олон заншлаас улбаалж монголчуудад хөөрөгний хэрэглээ сүүлийн жилүүдэд улам сэргэж, улмаар үнэ цэнэтэй хөөрөг хэрэглэх, хийлгэх явдал түгээмэл болсон байна.
 
Хөөргөөр дамжуулж соёл иргэншил, зан заншил, урлаг, чулууны үнэ цэнэ, байгалийн бүтээлийн хосгүй шинж, уран дархны тайлагдашгүй ур чадвар зэрэг олон зүйлийг ойлгож мэдэх боломжтой. 
 
Хөөрөг авахад юуг анхаарах вэ
 
Хөөрөгний толгойн өндөр: Хөөрөгний толгойн өндрийг хэмжихдээ хаанаас эхлээд, хаана дуусаж байна тэр хүртэл нь см-ээр хэмжинэ.
 
НУУХ БОЛОН ХҮЗҮҮ: Толгойн өндрийн хэмжээг бөгстэй тааруулах зорилгоор нуух буюу өндөрлөгөөг хийдэг. Харин хүзүү нь янз янзийн хэлбэртэй байна. Хөөрөгний хүзүү доргионоос болж амархан эмтрэх тохиолдол гардаг. Эмтэрхийг үрж, засаж янзалж болох ч үрсэн хэсэг нь бүрсийж гялалзсан өнгө алга болдог. 
 
ХАЛБАГА: Халбагыг алт, мөнгө, зэс, яс зэргээр хийж болно. Гэхдээ хамгийн гол нь хугарсан, хөдөлгөөн орсон эсэхийг сайтар шалгаж үзээрэй. 
 
МӨР: Хөөргийг мөрөөр нь их, бага, дунд гарын гэж гурав ангилдаг. Дөрвөн мөртэй нь бага гарын, зургаан мөртэй нь дунд гарын, найман мөртэй нь их гарын хөөрөг болдог. Мөр нь хээтэй байх бөгөөд хээ нь олон янз байна. Сонирхуулахад том хэмжээтэй хөөрөг мөртэй байвал илүү үнэд хүрдэг.     
 
УХАЛТ: Хөөрөгний дотор хэсгийг хэлдэг ба ухалт сайтай хөөрөгний дотор тал гэрэлд сайн харагддаг. Мөн ухалт хэр сайн болсныг жингээр нь мэдэж болно. Учир нь ухалт сайтай хөөрөг хөнгөн байдаг аж. 
 
Хөөрөгний хэлбэр ба хэмжээ
 
Орчин цагийн хөөрөг нь ихэвчлэн өндөр суурьтай байдаг аж. Хөөргийг суурьтай, суургүй, мөлгөр, өөрөөсөө суурьтай гэж ангилж болно. Мөн хэмжээгээр нь их, бага, дунд гарын гэж ангилж болно. Хэлбэрээр нь банзан, банзандуу, цүндгэр, шувтан, бандгар гэж ангилдаг. Хөөрөгний хэлбэрийн хэмжээг хажуу тал буюу мөрний хэсгээс харвал илүү сайн мэдэгддэг. 
 
Гартаам хөөрөг
 
Эрээн судалтай нэгэн зүйлийн гоёмсог чулуун хөөргийг гартаам /гартамэн/ гэнэ. Гартаам хөөргийг урьд зөвхөн хаан, хатан хүмүүс барьдаг байжээ. Хэмжээгээр том, дунд, жижиг гарын гэж байдаг. Том гарын гартаам хөөрөг нь атганд дөнгөж багтахуйц, мөрөндөө 8, 6, 3 гэсэн үелсэн чанарын тэмдэгтэй байх нь бий. Эзэн Чингисийн үед гарсан гэх бөгөөд одоо хүртэл энэ тэмдэг нь уг хөөрөгний чанарын баталгаа болдог. Гартаам хөөргийг биедээ байнга авч явах ёстой аж. Энэхүү чулуу эрүүл мэндэд тустай, бэртгэл гэмтлээс хамгаалдаг, мөн саа өвчин туссан хүнд тус болох эрдэнэ аж. Бие махбодийг сэргээн төлжүүлж, үүсгэлийг дуудагч гартаам гэдэг. Хар хэл, хорлолоос хамгаална ч гэж үздэг. Монголчууд гартаамыг хүний дотоод энерги илчийг нэмэгдүүлдэг, хүний өөрөө өөртөө итгэх итгэлийг бадраадаг хэмээн үздэг. 
 
 
 
Хаш хөөрөг
 
Ихэнх томчуудын нүнжигийг илтгэдэг хаш хөөрөг хэр зэрэг цагаан өнгөтэйгөөс шалтгаалан үнэ ханш нь тодорхойлогдоно. Учир нь хаш хөөргүүд нь газрын өнгөн хөрсөн дээрх хашаар хийгдсэн байдаг болохоор агаар салхинд элэгдсэндээ ч тэр үү, төдийлөн тод цагаан байдаггүй. Хэдий чинээ газрын гүнд байх тусмаа хашийн өнгө улам цагаан байх тул өнгөөр нь хөөрөгний ханшийг тогтоодог нь зүйн хэрэг аж. Гэвч хаш хөөрөг нь удах, элэгдэх тусмаа улам өнгөтэй гөлгөр болдог байна. Хаш хөөргийг бэртсэн ясыг бороолоход сай, амь насанд тустай, энх тунх, амгалан тайван байлгахад зориулагдсан ч гэдэг. Хаш хөөрөгтэй хүн эрхэм дээдэст үнэнч байдаг гэнэ. Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч байх ариун журмыг сахихад хаш хөөргийг тустай гэлцдэг. 
 
 
 
 
Манан хөөрөг
 
 
Найрлагандаа элдэв язгуур махбодийн баг зэргийн хольцтой. Далд талст болорыг мана гэнэ. Мана нь ихэвчлэн галт уулын суурилаг чулуунд анх бүрэлдэн тогтжээ. Оросоор хальцедон гэдэг. Гэрэл тусахад нэвт гэрэлтэх бөгөөд томруулагч дурангаар ажвал цахиурын нэн нарийн ширхэгт талстлагаас тогтсон нь мэдрэгддэг. Мана нь гэр бүлийн аз жаргалыг хамгаална. Дээдсийн уур хилэн намжаана. Шар мана солиорлоос хамгаалдаг. Хар мана тэргүүлэгчдийг тэтгэнэ. Мөн хүний хүслийг бүтээнэ. Ногоон манын найрлагад бага зэрэг дицийн хольц орсноор маргад ногоон өнгөтэй болжээ. Хуучн эмийн сударт мана, ялангуяа алаг маныг саа, үе мөч, татах өвчнийг анагаахад тустай хэмээн үздэг. Найрлага дахь хольцоос хамаарч олон төрлийн мана бий болсон ба 36 төрлийн мана байдаг аж.   
 
 
Хөөрөгний даалин
 
Олон зууныг дамжин ирсэн ч оёдолт урлалын охь манлай нь байсаар байгаа нэгэн үнэт урлал бол хөөрөгний даалин урлах үйл юм. Хөөрөгний даалинг урлахдаа үндэсний хээ угалзыг  зүү ороох, загасан нуруу гэх мэтийн олон хатгаасаар дүрсэлж  өнгө хээний төгс зохицлыг бий болгодог. Даалинг бөс даавуу торго, хоргой, булгиар, савхи зэргээр хийж түүн дээр янз бүрийн хээ угалз шаглан урладаг. Даалин нь эхнэр хүнийг хэр уран шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр уран гартайг шалгадаг шалгуур юм. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.9.43.230] 2018/11/13
го