Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Европын соёл, эдийн засгийн төв Парис хот

Дэлхийн үлгэр жишээ хотуудын түүхээс хүргэж байна. Ногоон байгууламжид хэрхэн анхаарсан, хот төлөвлөлтийг хэрхэн хийсэн, авто замын түгжрэлийг яаж бууруулсан, мөн агаарын бохирдолтой тэмцэж байгаа түүхэн туршлагуудыг эндээс харж болно. 
 
Францын нийслэл Парис хот соёл урлаг, эдийн засгийн төвөөс гадна ЮНЕСКО-гийн төв штаб, Олон улсын худалдааны танхимын төв нь байрладаг. Хот Сена мөрний эрэг дээр далайн түвшнээс дээг 65 метрт оршдог. Дэлхийн бусад хотын адил хүн амын нягтаршил өндөртэй. Нэг хүнд 14.5 метр квадрат ногддог. 2002 оноос хог хаягдлыг ангилдаг болсноор нэлээн үр дүн өгсөн гэж үздэг. Мөн хотын агаарын хэмжилтийг 40 км-ийн радиуст харагдахуйц өндөрт өдөр бүхэн хөөрөгдөг агаарын бөмбөлгөөс хүн бүр харж болно. 
 
1988 онд хотын мээр болсон Жак Ширак таван жилийн дараа Сена мөрөнд усанд орж болно гэж мэдэгдэж байсан юм. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд тус мөрний ус олон үзүүлэлтэр мэдэгдэхүйц цэвэршиж 28 төрлийн засагтай болжээ. Хотын ногоон байгууламжид өндөр ач холбогдол өгч өнөөдөр Парис Европын ногоон хотын нэг болсон билээ. Парист 487 мянган мод ургадаг гэнэ. 
 
 
Мөрөөдлийн хот гэгдэх болсон Парисын түүх МЭӨ III зуунд Кельтийн лютец, парисын уугуул оршин суугчид Сита арал дээр суурьшсанаар эхэлдэг. Орчин үеийн нэр нь ч эндээс гаралтай. Хотыг эзэлсэн Ромын байлдан дагуулал 508 онд францчууд ирснээр төгсгөл болсон юм. 
 
II Августын үед бэхлэлт хийж 1190 онд Сена мөрний баруун талын дагуу, 1210 онд зүүн талын бэхлэлт хийж дуусгажээ. XI зуунаас эхлэн Парис нь Европын боловсролын, тэр дундаа шашны төв болж байсан бол өнөөдөр зөвхөн франц төдийгүй Европын эдийн засаг, соёл урлагийн төв болоод байна. Парисыг ойр орших хотуудынх нь хамт Гранд Парис ч гэж нэрлэдэг. 
 
Парис зөвхөн Ромтой эн зэрэгцэнэ. Ром ч гэсэн Паристай эн зэрэгцэнэ гэсэн эртний хэлц үгийн дагуу Парис, Ромтой ах дүү хотын барилдлагыг 1956 онд байгуулсан. Францын эдийн засгийн гол төв энэ хот ДНБ-ий 10 хувийг үйлдвэрлэдэг. Тус улсын үйлдвэрлэл эрхэлдэг бүх газрын дөрөвний нэг нь төв оффисоо Парист нээсэн байдаг. Парист 349 мянган үйлдвэр, аж ахуйн байгууллагад 1.64 сая хүн ажилладаг. 
 
Парис нь автозамын төдийгүй бүх төрлийн тээврийн хэрэгслийн гол уулзвар болдог. Олон улсын нисэх буудал Шарль де Голль, Иль-де-Франс нь 136 орны 529 хотыг холбодог бөгөөд энэ нь Европт хоёрдугаарт, дэлхийд тавдугаарт ордог. Хотын хамгийн таатай унаа Сена мөрний дундуур гардаг метро. 1900 оны долдугаар сард нээгдсэн энэ хурдан унаа 212.5 км урттай, 14 шугамтай, 300 буудалтай. Энэхүү сүлжээ хотыг газар доогуур бүрэн хэрсэн бөгөөд 500 метрээс холгүй хаанаас ч метронд хүрч болно. Автобус ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэдэг. 60 шугамтай автобуснаас гадна шөнийн шугам байдаг нь нийтийн тээврийн бүрэн утгад нийцдэг. 2007 оноос дугуйны 1450 цэг ажиллаж, 300 метр тутмаас дугуй прокатлах боломжтой. Энэ нь метроноос илүү нийтийн таашаалд нийцдэг.  
 
 
Францын нийслэлд дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиуд байрладаг. Парисын нэр хүндтэй Сорбон ядуу гэр бүлийн оюутнуудад зориулан байгуулжээ. Их сургууль Сорбон нэрээ XIV зуунд авсан юм. Хотын гадна төрх XIX зууны дунд үеэс эхлэн өнөөгийн төрхийг олсон юм. Барон Осман бүхэл бүтэн дүүргийг нураан тухайн үеийн оршин суугчдын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгаран өргөн чөлөө, шинэчилсэн хэлбэрийн хот байгуулж байв. Гэхдээ Наполеон III-ын баримталж байсан зарчмын дагуу байрнуудын өндөр, хэмжээ өөрчлөгдөөгүй өнөөг хүрч “хавтгай”-гаараа өнөөдрийг хүрсэн билээ. 
 
Парист 130 музей, 1800 гаруй түүхэн газар байдаг. Мэдээж энэ жагсаалтыг Эйфелийн цамхаг тэргүүлдэг. 1889 онд инженер Эйфелийн төслөөр тухайн үедээ олон улсын үзэсгэлэн худалдаа руу орох түр хаалгаар баригдсан боловч өнөөг хүртэл Парисын төгс бэлгэдэл болж байна. 
 
Эйфелийн цамхагаас хойд зүгт Монмартрын толгод дээр 1876-1914 онд П.Абадигийн төслөөр баригдсан католик сүм Христийн зүрх оршдог. Харин урд талд нь 1969-1972 онд баригдсан 57 давхар, 210 метр өндөр Монпарнасын цамхаг байдаг. Энэ нь “хавтгай” хотын цорын ганц өндөр барилга юм. 
 
 
Хотын түүхэн тэнхлэг төвөөсөө гадагшилдаг. Алдарт Луврын музейгээс Тюильригийн цэцэрлэгээр үргэлжилж Елисейн өргөн чөлөө, ёслолын хаалга хүрдэг. 
 
Парисын бас нэг бэлгэдэл 1793 онд байгуулагдсан алдарт Луврын музей найман хэсэгтэй, 60600 метр квадрат талбайтай. 35 мянган үзмэртэй. Чухамхүү энд хүн төрөлхтний хосгүй бүтээл Мона Лиза, Венера Милосская үзмэр нь болж хадгалагддаг. Парисын дуурь сонгодог урлагт онцгой хувь нэмэр оруулсан гэж мэргэжилтнүүд үздэг. Өнөөдөр тус улс Гранд Опера, Бастилийн Опера гэсэн хоёр том театртай. 
 
Гранд Опера буюу 1875 онд архитектор Опер Гарньегийн нэрээр нэрлэгдсэн театрт нь 11237 метр квадрат талбайтай, дэлхийн хамгийн том дуурийн театрын тоонд ордог. Харин Бастилийн театр 1989 оноос түүх нь эхэлдэг залуухан театрт ордог. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)