Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Маршал Х.Чойбалсаны мэндэлсэн өдөр тохиож байна

Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн.
 
1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Санбээсийн хүрээн дэх буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвд үг юм.
 
Чойбалсангийн намтар бол ХХ зууны эхний хагасын Монголын замнал, ялангуяа улс төрийн амьдралын тусгал юм. Энэ бол Монголын түүхэн дэх хамгийн ээдрээт үе. Ээдрээтэй түүхийг бүтээлцсэн, басхүү хувь хувьсгалын намтар нь түүнийхээ үндэс нахиа, үр дагавар болсон хүний цадиг шастирыг улстөр-нийгмийн амьдралаас тусгайлан өгүүлэх аргагүй. Бага насандаа Сан бэйс, Угтамын хийдэд шавилан сууж байгаад 1912 онд Нийслэл Хүрээн рүү оргон очиж ачаа бараа зөөх зэрэг ажил хийхийн хамт автономит Монголын анхны сургуульд орж суралцжээ.
 
1918 оны эцсээр Нийслэл хүрээнд байгуулсан Консулын дэнжийн нууц бүлгэмийн гишүүн, 1920 онд Зөвлөлт орос улс, Коминтернтэй холбоо тогтоохоор очиж нам байгуулж, ардын хувьсгалын ялалтыг хангахын төлөө тэмцэж явсан 7 хүний нэг, 1921-1928 онд бүх цэргийн дэд жанжин, цэргийн зөвлөлийн гишүүн, бүх цэргийн жанжин, 1928-1930 онд Гадаад явдлын яамны сайд, 1931-1935 онд мал тариалангийн яамны сайд, 1935 оноос Ардын СНЗ-ын орлогч сайд, нэгдүгээр орлогч сайд, Дотоод явдлын яамны сайд, Гадаад явдлын яамны сайдаар ажиллаж байсан. Тэрбээр 1939 онд Ардын СНЗ-ын Ерөнхий сайдаар томилогдсон. “Монгол ардын үндэсний хувьсгал анх үүсэж байгуулагдсан товч түүх” ном зохиогчдын нэг юм.
 
Х.Чойбалсан нь БНМАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хүч чармайлт гаргаж гавьяа байгуулсан боловч, түүний толгойлж байсан Дотоод яам Зөвлөлт Коментерны нөлөөгөөр хууль ёсыг завхруулж, хувьсгалын эсэргүү, гадаадын тагнуул гэдэг нэрээр олон хүний хилс хэрэгт хэлмэгдүүлэн, түүх соёлын үнэт дурсгалыг устгуулж ноцтой завхрал гаргасан. Гэвч түүнийг Монгол улсын тусгаар тогнолыг хамгаалахын төлөө тууштай тэмцсэн төрийн гарамгай зүтгэлтэн гж зүй ёсоор үнэлдэг. Тэрбээр Москвад эмчлүүлж байгаад 1952 онд тэндээ нас баржээ.
 
Маршал Чойбалсангийн Монгол улсын тусгаар тогтнолын төлөө төр засаг, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж, гэгээн дурсгалыг нь мөнхжүүлж, Дорнод аймгийн төв болон нэг сум түүний нэрээр нэрлэгдэн, МУИС, Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр сургууль, зэвсэгт хүчин, хилийн цэргийн олон анги, суманг түүний нэрмжит болгон хөшөө дурсгалыг нь босгожээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)