Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Гайхамшигт бүхнийг цогцлоосон Ром хот

Хүн бүр дэлхийн үүх түүхийн өлгий болсон гайхамшигт газар орноор аялахыг хүсдэг. Бид энэ удаад хүн төрөлхтний хамгийн их очихыг хүсдэг Ром хотын тухай цогц мэдээллийг хүргэж байна. Тус хотын гайхамшигт дурсгалууд, үүх түүхээс гадна аяллын төсөв зэрэг шаардлагатай бүх мэдээллийг багтаахыг зорилоо. Таныг тун удахгүй үүргэвчээ үүрээд гайхамшигт Ром хотоор аялахыг ерөөе.    
 
Гайхамшигт бүхнийг цогцлоосон Ром хот
 
Хүн төрөлхтний түүхэнд ойролцоогоор 2767 жил алдар нэрээ цуурайтуулсан мөнхийн хот, өрнө дахины хамгийн хүчирхэг гүрэн байсан Ромын эзэнт улсын нийслэл Ромыг үзсэн, үзээгүй гэж эртний хүмүүсийг хоёр ангилдаг байжээ. Ром хотоос аялал жуулчлал үүссэн гэж ярьдаг. Ром гэдэг нь эртус хэлний “rhome” буюу “хүч” гэсэн утгатай үг. Итали улсын нийслэл Ром хотын колизейг үзэх гэж жилд дөрвөн сая жуулчин, Ватиканы музейг үзэх гэж 4.2 сая жуулчин ирдэг. Ром дэлхийн хамгийн их жуулчин хүлээж авсан хотуудын жагсаалтын наймдугаар байранд бичигддэг. Тус хот нь 2.9 сая хүн амтай. Италийн хамгийн их хүн ам төвлөрсөн, том хот юм. 
 
Хотын үүсэлтэй холбоотой нэгэн сонирхолтой домог байдаг. Олон зуун жилийн өмнө РомулРем нэртэй хоёр хүүхэд Тибр голын эрэг дээр өсчээ. Тэднийг өлөгчин чоно өсгөж том болгосон гэдэг. Ромд өлөгчин чонын сүүг ууж байгаагаар дүрсэлсэн хөшөө баримал ч байдаг байна. Хүүхдүүд том болоод хоорондоо үл ойлголцох болж Ромул Ремийг хөнөөжээ. Ромул Ром хотыг байгуулан өөрийн хаанчлалыг тогтоон анхны хаан болсон аж. Ром хотыг долоон толгод дээр алслагдан байрлаж байсан суурингуудыг нэгтгэх замаар байгуулжээ. Түүхчид МЭӨ 753 оны дөрөвдүгээр сарын 21-нд Ром хот байгуулагдсан гэж үздэг. 
 
МЭӨ I зуунд Ром хөгжлийнхөө оргилд хүрч эдийн засаг, нийгэм, цэргийн хүч чадлын хувьд дэлхийд тэргүүлэх болжээ. Эртний Ромд ямар нэг баяр ёслол, зугаа цэнгээнийг мэсчид, зэрлэг амьтдын тулаан, морин тэргийн уралдаангүйгээр төсөөлөх аргагүй байжээ. Хүн амынх нь 40 хувийг боолууд эзэлж байв. Сайтар дасгалжуулсан мэсчид хоорондоо болон зэрлэг амьтадтай үхтлээ цус асгаруулан тулалдаж олон мянган ромчуудыг зугаацуулна. Энэ аймшигт байдал дээд цэгтээ хүрч тэсвэрлэхийн аргагүй болсонд МЭӨ 73 онд Спартакаар удирдуулсан мэсчин боолчид маш том бослого гаргажээ. Мэсчин боолууд эхэндээ ялалт байгуулж байсан боловч Спартак заль мэхэнд орсноос болж ялагдал хүлээсэн байна. Олзлогдсон 6000 боолыг цовдолж, бидний эсрэг босвол ийм зүйл болно гэсэн анхааруулга өгчээ. 
 
1798 онд Францийн цэргүүд Ром хотыг эзэлж Ромын бүгд найрамдах улсыг байгуулан 1811 онд Наполеон өөрийн дөнгөж төрсөн хүүгээ Ромын бүгд найрамдах улсын хаанаар зарласан аж. 1870 оны 9 дүгээр сарын 20-нд Италийн хаант улсын цэргүүд Ром хотыг эзэлж хаант улсынхаа нийслэл болгожээ. 1929 онд Латераны хэлэлцээрийн дүнд Ром хотын газар нутаг дээр Ватикан улс байгуулагдсан аж. Дэлхийн II дайны үед 1943-1944 оны хооронд Германы цэргүүдэд Ром хот эзлэгдэж байжээ. 
 
Нууцлаг, содон бүхнээр дүүрэн, баялаг түүх Ром 
 
Ром хотод ирсэн хүний хамгийн түрүүнд очиж үзэх газар бол Ариун Петрийн сүм юм. Энэ нь Католик шашинтангуудын хамгийн гол сүм бөгөөд Ватикан улсын газар нутаг дээр оршино. Сүмийн тахилгын ширээн дор Ромын хамгийн анхны пап Петрийн булш хадгалагдаж байдаг. Түүнээс хойш бүх папыг уг сүмийн дор оршуулсан байдаг. Сүмийн газар доорхи хонгилд дэлхийг орвонгоор нь эргүүлэх хүчтэй ховор баримт хадгалагдаж байдаг гэж ярьдаг. Сүмд ороход үнэгүй. Нэгдүгээр зууны хоёрдугаар хагаст Христийн 12 апостолийн нэг Петр уг сүм баригдахаас өмнө энэ газарт тамлагдан амиа алджээ. Исусийг цовдлогдсны дараа түүний 12 апостол нь христийн шашныг түгээхээр дэлхийгээр нэг таржээ. Исус Петрт диваажингийн түлхүүрийг өгсөн гэж ярьдаг. Тэгээд Петр Ромд иржээ. 
 
Нерон хааны үе буюу 64 онд Ромд маш аймшигтай түймэр болжээ. Петрийг дагаж христэд итгэх болсон хүмүүсийг уг гал түймрийн буруутнаар заажээ. Одоогийн Ватикан хот байгаа газар Нерон хааны зуслангийн газар байдаг байсан аж. Тэнд Петрийг цовдолж алжээ. Христэд итгэгч нар түүнд хүндэтгэл үзүүлж уг газар нь оршуулжээ. IV зууны үед Константин хаан түүний булшин дээр Ариун Петрийн сүмийг бариулсан аж. 
 
 
Ийшээ мөргөлчид, жуулчид ихээр ирдэг. БрамантеРафаэль, Микеланджело, Бернини зэрэг Италийн хамгийн чадвартай, авьяастай гэсэн хүмүүс хэдэн үеэрээ уг сүмийн бүтээн байгуулалтад оролцжээ. Энэ бол дэлхийн хамгийн алдартай сүмүүдийн нэг юм. Сүмд уран барилгын гайхамшгийг хүзүүгээ чилтэл үзэж болно. Энд буй бүх зүйл Ромын папуудын түүхийг харуулна. 
 
2013 онд Ромын пап 16 дугаар Бенедикт папын ширээнээс буусан. Тэрбээр сүүлийн 275 жилийн түүхэнд хамгийн өндөр настайдаа папын суудалд заларсан хүн болж байв. Харин түүний суудлыг Хорхе Марио Бергольо залгамжлан авсан билээ. Шинэ Ромын пап өөртөө Франциск I хэмээх нэрийг авсан байна. Сикстиний сүмийн яндангаас цагаан утаа суунагласны дараахан хонхны дуу дараалан дуугарч, 76 настай итали гаралтай Аргентиний иргэн Хорхе Марио Белгольог Ромын папаар өргөмжилсөн юм. Дан Брауны “Да Винчигийн код”, “Сахиусан тэнгэрүүд ба чөтгөрүүд” ном болон уг зохиолоос сэдэвлэсэн кино бүтээлд Ватиканы лалын ширээнд залрах ёслолыг, тэдний эсрэг зогсдог иллюмитануудын талаар харуулсан байдаг. Иллюминат нь 1776 онд Баварын Ингольштадын их сургуулийн профессор Адам Вейсгауптын байгуулсан нууц нийгэмлэг. Зарим хүн Ромын папын суудлыг дээрх христийн загалмайг буруу харуулан дүрсэлснийг чөтгөрийн тэмдэг хэмээн шүүмжлэх нь бий. Микеланжелогийн бүтээсэн хөшөө нь хүний сонирхлыг ихээр татна. Зөвхөн үүнийг үзэх гэж ирдэг хүмүүс ч байдаг. 
 
Итгэгчдийн өгсөн хандив, аялал жуулчлалаар төсвөө бүрдүүлдэг Ватикан 
 
Ром хотын сувд болсон Ватикан бол дэлхийн хамгийн жижиг газар нутагтай улс юм. 
 
Ватикан улсыг Ариун Петрийн сүмийн орой дээрээс харахад эхлээд 7 евро төлж гараад дараа нь 320 шаттай нарийн хонгилоор дээш өгсөнө.  Эндээс 1656-1667 онд Джованни Лоренцо Бернинигийн барьсан түлхүүр хэлбэртэй том талбай болон түүнийг хүрээлэх баганат барилга харагдана. Түүнчлэн Ватикан улсыг бүхлээр нь харж болно. 0,44 км квадрат талбайтай хэдий ч дотроо төмөр зам, радио, шуудан, сонин хэвлэл, тагнуулын алба гэх мэт байгууллагатай. Ватикан улсын орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал, итгэгчдийн өргөсөн хандив байдаг. Жилд аялал жуулчлалаас 100 гаруй сая долларын ашиг олдог. 
 
 
Ромын папыг хамгаалагч цэргийн дүрэмт хувцас нь олон янзын өнгийн даавуунуудыг нийлүүлээд оёсон өвөрмөц харагддаг. Гэхдээ уг загварыг Микеланжело зохион бүтээсэн гэдэг. Ойролцоогоор 100 гаруй ийм цэрэг байдаг. Тэд Швейцарт бэлтгэгдээд Ватиканд ирж ажилладаг байна. Ватиканы бэлэг тэмдэг болсон боргоцойн хөшөө жуулчдыг их татдаг аж. Та ариун Петрийн сүмийн орой дээр гарахдаа Ватиканы шуудангаас хайртай хүндээ дугтуйтай захиа илгээж болно. Ром хотын иргэд италийн шууданд тийм ч их найддаггүй байна. Ил захидал, марк хоёр нь нийлээд 1,10 евро болно. 
 
Ватиканы музейн тойрог хэлбэрийн шат нь үнэхээр үзэсгэлэнтэй. Энд маш олон үзмэртэй бөгөөд өнгөт шилээр хийсэн уран зураг нь маш сонирхолтой. 
 
Бурхад, хаадын “өлгий” Ром 
 
Дараагийн үзэж сонирхох чухал газруудын нэг бол Ромын форум юм. Форум гэдэг нь Ромын ард түмэн цуглан улс эх орны талаарх чухал асуудлыг хэлэлцэх, санал хураах зориулалттай тусгайлан зассан талбай, түүнийг тойрсон олон тооны сүм, хүндэтгэлийн байгууламж зэргээс бүрдсэн цогцолбор юм. 125 метр урт, 118 метр өргөн энэ талбайн төв хэсэгт нь дайны бурхан Марсын хөшөө, түүнийг тойроод Ромын эзэн хаадын угсааг үндэслэгч гэгддэг дурлалын бурхан Венерагийн хөшөө, Ромын бүгд найрамдах улсын цэрэг, улс төрийн удирдагч Юлий Цезарь нарийн хөшөө байв. Түүнчлэн, Ромын аристократууд, улстөрч, философич, уран илтгэгч Цицероны байшин, Ганнибалыг ялж чадсан сенатор Сципионы сууц байжээ. Ром хотын эрдэнэсийг хадгалдаг байсан Юноны сүм, мөн Юлий Цезарын байгуулсан сүм болон бусад олон сүм, хөшөө дурсгал байдаг байв. Өнөөг хүртэл энэ форумаас сүмийн цөөн хэдэн багана, шат төдий үлдсэн ч гэлээ харсан хүн болгон агуу сүрийг нь шагшин магтдаг. 
 
Хэдэн зуун мянган хүний үхлийн гэрч Колизей театр
 
Парисын бэлэг тэмдэг нь Эйфелийн цамхаг байдаг шиг Ром хотын бэлэг тэмдэг болсон Колизей цэнгэлдэх хүрээлэн жуулчдын анхаарлыг хамгийн их татдаг. Колизей гэдэг нь латин хэлний үлэмж, аварга, лут том гэсэн утгатай “colosseus” гэсэн үгнээс гаралтай.
 
 
 
Энэ колизейгийн хананы чулуугаар хотын бараг бүх сүм хийдийг хийсэн гэдэг. Эртний Ромын эзэнт гүрний үеэс хадгалагдан үлдсэн байгууламж дотроос хамгийн алдартай Колизей нь 72 онд баригдаж 80 онд ашиглалтад оржээ. Колизейд орж, гарах 80 хаалгатай болохоор 50 мянган хүн 15 минутын дотор дүүргэн сууж, шаардлагатай тохиолдолд таван минутын дотор шахалдаж, чихэлдэн нэгнээ даралгүйгээр орхиж явах боломжтой юм. Уг цэнгэлдэх хүрээлэнг барих болсон шалтгаан нь Ромын эзэн хаан Нерон 14 жил төр барьсныхаа дараа сенаторын шүүмжлэл, болон өөрийн хамгаалагчийнхаа урвалтаас болж амиа хорлосон аж. Түүний үхэл 18 жилийн иргэний дайн үүсгэх шалтгаан болжээ. Веспасиан ялалт байгуулж дайн 69 онд дууссан байна. Хаан болоод Веспасиан Ромыг дахин сэргээн цэгцэлж өөрийгөө шүтээн болгохыг хүсч байлаа. Нероны талаар мартуулан түүнтэй холбоотой бүхий зүйлийг арилгажээ. Гэвч ганц л зүйлийг шийдэж чадаагүй байлаа. Тэр нь Нероны амьдарч байсан “Алтан байшин” байв. Уг байшин хотын төвийн 120 га газрыг эзэлж байсан аж. Веспасиан байшинг эзэн хааны харьяаны байгууллага болгож байшингийн ойролцоох нуурыг шороогоор булж дээр нь ард түмнийг зугаацуулах том задгай театр байгуулах аж. Уг задгай театрын санааг Нероноос өмнө Ромын эзэнт гүрнийг үндэслэгч Август гаргаж байсан гэнэ. Колизейд мэсчин боол болон зэрлэг амьтдын тулаан зохион байгуулагддаг байжээ. Хамгийн сүүлийн тулаан нь 435 онд болжээ. Колизей театрийн түүхэнд 500 мянган хүн, нэг сая гаруй амьтан амиа алджээ. 
 
Ер бусын үзэсгэлэнт дурсгалууд 
 
Бүр бурханд зориулан 126 онд босгосон Пантеон сүм бол жуулчдын заавал очдог газруудын нэг. Ромын эзэнт гүрний сүр хүч, мөн бүх бурхан Ромын талд байдаг гэдгийг харуулах зорилгоор барьжээ. Сүмийн гол онцлог болох оройн төв хэсэгт есөн метрийн диаметртэй дугуй нүх байдаг. Тэр нүхээр нь гэрэл, агаар орж сүмийн доторх агааржуулалтыг зохицуулдаг. Түүнчлэн бороотой өдөр түүгээр борооны ус асгарах боловч доороо ус зайлуулах системтэй. 
 
 
 
Бороотой өдөр энд ирвэл сонирхолтой. 609 оноос эхлэн христийн шашны сүм болжээ. 1648-1651 онд баригдсан “Дөрвөн голын усан оргилуур” нь Пьяцца Навонад байрлах оргилууруудын дундаас уран барилгын гайхамшиг юм. Энэ бол нил, ганга, дунайла-плата гэсэн дөрвөн мөрний бурхныг дүрсэлсэн хөшөө бүхий усан оргилуур аж. 
 
Олон хүний анхаарлыг татдаг Ариун сахиусан тэнгэрийн цамхаг нь бунхан хадгалах газар, папуудын амьдарч байсан байр, агуулах, шороо байжээ. 135 онд хааны гэр бүлийн бунхны байгууламж болгохоор барьжээ. Яагаад ариун сахиусан тэнгэрийн цамхаг гэж нэрлэсэн нь учиртай. Тахлын халдварт өвчин дэлгэрсэн үе буюу 590 онд Их Григорий пап цамхгийн орой дээр сахиусан тэнгэр Михайл чинжаал хутгаа хуйнд нь хийж байхыг харжээ. Тэгээд энэ бол аймшигт шүүлтийн өдөр ойртсоныг зөгнөж байна гэжээ. Тэрнээс хойш цамхагийн ариун сахиусан тэнгэрийнх хэмээн нэрлэх болжээ. 
 
Ром хотын хамгийн том усан оргилуур бол Тревийнх юм. 25.9 метр өндөр, 19.8 метр өргөн. 1732-1762 онд уран барилагч Николай Сальви барьжээ. Залуу бүсгүй Ромын цэргүүдэд усан ундарга хаана байгааг зааж байгааг харуулсан хөшөөнүүдтэй. Энэ усан оргилуурт зоос шидсэн хүнд Ром хотод дахиж ирдэг гэсэн яриа байдаг. Уг усан оргилуур нь маш олон киноны зураг авалтын талбар болж байсан юм. 
 
Нэгдсэн Италийн анхны хаан Виктор Эмманулид зориулж босгосон Витториано нэртэй хөшөөг үзэх хэрэгтэй. Хааныг морин дээр сууж байгаагаар хүрлээр цутгаж дүрсэлсэн аж. 
 
1928-1938 онд баригдсан Италийн форумыг жуулчид их үздэг. 1940 оны зуны олимпийг Итали улс зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байсан боловч Япон эрхийг авчээ. Уг ажлын хүрээнд биеийн тамир, спортод зориулан барьсан хөшөө дурсгал бүхий цогцолбор юм. Энд янз бүрийн спорт арга хэмжээ зохиогдож байсан билээ. Жишээ нь 1960 оны зуны олимп, 1990 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга, 2009 онд усан спортын ДАШТ болж байжээ. 
 
Ром хотод 1303 онд байгуулагдсан Ла Сапиенца Ромын их сургууль, 1580 онд байгуулагдсан Ариун фома аквински папын их сургууль, 1585 онд байгуулагдсан Ариун Цецилийн үндэсний академи зэрэг нэн эртний дээд боловсролын байгууллага байдаг нь сонирхолтой. 
 
Хотод хамгийн хүйтэн үе нь -11 градус, хамгийн дулаан үе нь 40 градус байна. өвөлдөө ихэвчлэн 5-10 градус дулаантай. Ром хотын олон улсын онгоцны буудлын нэр нь Леонардо Да Винчигийн нэрээр нэрлэгджээ. Заримдаа уг буудлыг Фьюмичино гэдэг. Тус буудал нь хотын гадна 8 миллд байрладаг бөгөөд онгоцны буудал дотроо метротой. Түүнээс арай жижиг Чампино нэртэй онгоцны буудал бас бий. Метро нь анх 1955 онд ашиглалтад орсон байна. 
 
Ром хотын усны систем маш сайн. Энэ нь олон хүнийг цэвэр усаар хангаж, эрүүл байлгахад чухал ач холбогдолтой. Энд яагаад ч юм ус маш үнэтэй. Тэгэхдээ энд тэнд байх усан оргилуурын ойролцоо байрлах крантны усыг ууж болно. Яагаад гэвэл хотын бү усыг шууд унданд хэрэглэхэд аюулгүй болгожээ. Хотод ойролцоогоор 900 гаруй сүм хийд байдаг. Хамгийн хямдхан ресторанд амьдралдаа мартагдахааргүй амттай шпаггетти идэж болно. Ром хотод шпаггеттигаас гадна пицца, тахианы махтай хоол, вио, каппучино алдартай. 
 
Хотоор зугаалж явахад эндэхийн ард иргэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс байх гэх сэтгэгдэл төрнө. Гэвч оршин суугчид тийм ч сэтгэл хангалуун байдаггүй гэнэ. Учир нь хот маш халуун, дээр нт олон мянган жуулчны зургийн аппарат тэднийг залхааж амьд үзмэр мэт болгодог аж. 
 
Ромд аялах бяцхан төсөв
 
Хамгийн хямдхан хонох газар нь кемпинг байдаг. Хоногийн 12 евро. Дотроо хүний ая тухыг хангах бүх боломжийг бүрдүүлсэн. Зочид буудлуудын мэдээллийг www.italyguides.it цахим хуудаснаас авч, өрөө захиалж болно. Хэрвээ та богино хугацаатай Ром хотод ирсэн бол бүх юмандаа ойр хотын төвд буудлласан нь дээр. Машин хөлслөх бол хотын төв гэлтгүй зайтай газар ч зочид буудал захиалж болно. 
 
Италичууд ихэвчлэн католик шашинтай хүмүүс. Эндхийн зураачид нь Лионардо Да Винчигээс болоод ч тэр үү маш авьяаслаг. Та энд ирээд өөрийнхөө хөрөг зургийг жинхэнэ итали зураачаар зуруулаад үзээрэй. Хэрвээ та мөнгө ихтэй бол алдарт зураачаар зуруулсан ч болно. Ингэж зуруулахад ойролцоогоор 5000 евро болох аж. Мэдээж ийм их мөнгөөр зуруулж байгаа учир танд таалагдах эсэхэд эргэлзэх хэрэггүй. Гудамжны зураачаар өөрийгөө шог байдлаар зуруулаад бас үз. Энэ нь 5 евро болно. 
 
Үнэтэй ресторанд найзтайгаа тансаг зоог барихад ойролцоогоор 65 евро болно. Хотын гудамжаар амтат, бирсүүт жүржний мод ургасан харагдана. Гудамжинд нэг еврогоор амтат төмстэй төстэй амттан зардаг. Маш амттай. Итали зайрмагийг нэг удаа ч болов амсаад үзэх хэрэгтэй. 400 гаруй төрөл бий. Дунд зэргийн порцтой нь 2 евро. 
 
Хавар 4,5 сар, намар 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сард хотод ирвэл илүү тохиромжтой. 
 
Метрогоор нэг удаа зорчиход 1,50 евро. 90 минут, мөн 7 хоногийн хугацаатай картуудыг метро, автобусаар үйлчлүүлэхдээ хэрэглэдэг. Метро нь өглөөний 05:30 цагаас шөнийн 01:30 цагийн хооронд ажиллана. Roma pass музейн карт нь гурван өдрийн хугацаатай бөгөөд бүх музей болон жуулчдын мэдээллийн төвүүдэд зарагддаг. Та Ром хотод ирэхээсээ өмнө хаашаа хэрхэн аялахаа төлөвлөсөн байвал илүү хялбар юм.  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [195.34.145.34] 2017/07/09
баярлалаа