
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ-аас гаргасан боловч хилийн заагийг тогтоолгүй бараг жилийн нүүр үзэх гэж байна. Шалтгаан нь их энгийн. Тусгай хамгаалалтад авах бүс нутагт хайгуулийн зургаан лиценз бий. Эдгээр лицензийг цуцлах бол төр нөхөн төлбөр өгөх шаардлагатай. Ер нь хайгуулийн лиценз эзэмшигч хуульд заасан хувь хэмжээ, хугацааны дагуу хөрөнгө оруулалт хийж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, хайгуулийн лиценз авчихаад ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй хав дараад байж болохгүй гэсэн үг. Энэ ч үүднээс Ашигт малтмал, газрын тосны газраас дээрх зургаан компанийг хуулийн дагуу зохих хөрөнгө оруулалт хийж, шаардлагатай хайгуулийн ажлуудыг явуулсан хэмээн дүгнэдэг. Нэг үгээр хэлбэл, уг үндэслэлээр төр дээрх зургаан компанийн лицензийг цуцалсан тохиолдолд нөхөн төлбөр өгөх хэрэгтэй болж байгаа юм. Харин орон нутгийн засаг захиргаа, сумын мэргэжлийн хяналтын улсын байцаагч, тухайн хайгуулийн талбайд амьдарч буй малчид дээрх компаниудыг хууль заасан хувь хэмжээнд хүргэж хайгууль хийгээгүй хэмээн баталдаг. Өөрөөр хэлбэл, хуулийн дагуу хайгуулийн ажил хийж, хөрөнгө мөнгө зараагүй тул зургаан лицензийг ямар ч нөхөн төлбөргүйгээр цуцлах ёстой хэмээн заргалдаж байгаа юм. Сонирхолтой нь АМГТГ-аас дээрх лиценз эзэмшигч компаниуд бүх тайлангаа ирүүлсэн хэмээн тайлбарладаг. Гэтэл шүүхээс дээрх компаниудтай холбогдох гэхэд хаяг дээрээ байхгүй, захирал нь олдохгүй зэрэг олон шалтгаанаар хоосон хаалга мөргөжээ.
Хуулиар хянах үүрэг нь орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байцаагчид нь бий
АМГТГ-ын Кадастрын хэлтсийн дарга Д.Мөнхтамираас зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн Тост, Тосонбумбын нуруунд хайгуулийн зургаан тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд өнгөрсөн хугацаанд бүгд геологи хайгуулын ажлыг хуульд заасны дагуу хийж ирсэн хэмээн баталж байгаа. Тэгвэл хайгуул хийсэн бол нөөц тогтоосон байх учиртай. Уг нөөц улсын эрдэс баялгийн нөөцийн санд хэрхэн бүртгэгдсэн бэ. Орон нутгийн засаг захиргааныханы хэлж байгаагаар эдгээр компани нөөц тогтоох хэмжээний геологи хайгуулын ажил явуулаагүй, их хэмжээний хөрөнгө зараагүй гэдэг. Тэд танай байгууллагыг газар дээр нь очиж танилцалгүйгээр зөвхөн бичиг баримт үндэслэж компаниудыг нөөц тогтоосон, их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан мэтээр хамгаалаад байна гэж хардсан?
-Энэ бол иргэний нэхэмжлэлтэй хэрэг. Шүүх дээр явж байгаа. Нөөцийн хувьд Геологи, бодлогын хэлтэс дээр тайлан тооцоо нь байгаа байх. Тэндээс асуух хэрэгтэй. Ерөнхийдөө улсын нөөцөд аваад тус хайгуулын зөвшөөрлүүдийг түтгэлзүүлсэн. Одоо эрж хайх болон ашиглалтын ямар ч үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Үүнээс гадна тусгай хамгаалалтад аваад тухайн нөөц газрын хилийг тогтоох ажил хийгдэж байна. Энэ бол шүүхийн ажилтай холбоогүйгээр хийгдэж байгаа зүйл. Анхан шатны шүүх хурал 2 дугаар сарын 6 хүртэл хойшлоод байна. Манайхаас шүүхэд тодорхой тайлбаруудаа өгсөн. Дээр нь шүүхийн магадлалын журмаар Өмнөговь аймагт очиж газар дээр үзэж танилцахаар тогтсон.
-Танай байгууллага лиценз олгосноос хойш хайгуулийн ажил хийгдсэн эсэхийг зөвхөн бичиг баримтын түвшинд хүлээн авч танилцаж байна уу. Өөрөөр хэлбэл, АМГ-аас геологи хайгуулын ажлыг газар дээр нь очиж хянаж баталгаажуулдаг уу?
-Тусгай зөвшөөрөл авсан компани хуулийн хугацаанд төлөвлөгөө тайлангаа өгдөг. Тайлан мэдээллийг татварын болон санхүүгийн баталгаажуулалт хийдэг. Дээр нь орон нутагт шуурхай хяналт гэж бас байна. Ингэхдээ 2000 лицензийг нэг жилийн дотор багтааж бүрэн хянах боломжгүй. Тайлан дээр хэсэгчилсэн байдлаар маршрутын дагуу хяналтыг хийж гүйцэтгэдэг. Ер нь Ашигт малтмалын хуулиар хянах үүрэг нь орон нутаг дахь мэргэжлийн хяналтын байцаагчид нь бий.
Одоо л иргэний шүүхэд хайгуулийн ажил явагдаагүй гэсэн маргаан гарч байна. Өмнө нь орон нутгаас дээрх компаниудыг хуулийг дагаж биелүүлж байсан гэсэн тодорхойлолтууд гаргасан байдаг. Яг хайгууль хийсэн эсэхийг газар дээр нь очоод шалгахад болохгүй зүйлгүй. Өрмийн цооног, шуудуу зэргийг хянахад бүрэн бололцоотой.
-Хэрэв компаниудад нөхөн олговор өгөх бол хэр хэмжээтэй байх вэ?
-Эхлээд тусгай хамгаалалтад авах газрынхаа хил заагийг тогтооно. Ингэснээр хэдэн га газар, аль аль нь тодорхой болсны дараа нөхөн төлбөрийн асуудлыг тооцож үзэх шаардлагатай.
Өрөм тавьж хайгууль хийгээгүй
Иймээс манай сурвалжлах багийнхан тухайн зургаан лицензийн талбай дээр хайгуулийн ямар ажил хийгдсэн тухай тодруулахаар өмнийн говийг зорьсон юм. Бидний хамгийн эхэлж уулзсан хүн бол Гурван тэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар байв. Тухайн орон нутагт лиценз эзэмшигч компани өрөмдлөг, хайгууль хийхээс өмнө заавал орон нутгийн засаг захиргаагаар байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэдгийг батлуулах ёстой аж. Мөн барьцаа хөрөнгө байршуулдаг байна. Энэ нь хайгууль хийх явцад байгаль орчинд үүссэн нөлөөллийг арилгах төлөвлөгөө аж. Түүнчлэн, нөхөн сэргээлт хийлгүй явахаас сэргийлж барьцаа болгож мөнгө байршуулдаг байна. Хэрэв өрөм тавьж, хайгууль хийсэн тохиолдолд сумын байгаль орчны улсын хяналтын байцаагчид заавал танилцуулах учиртай аж. А.Атар зургаан лицензтэй холбоотой дараах тайлбарыг өгсөн юм.
-“Намуунт од” компанийн хувьд 2008, 2009 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө батлуулаад, энэ хугацаанд 1 сая 350 мянган төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулж байсан. Тухайн онд зураглал, дээж авах гэх мэт ажлууд хийгдсэн. Харин 2010-2011 онд байгаль орчны төлөвлөгөө батлуулаагүй. Яагаад гэвэл 2010 онд тухайн талбайд сунгалт хийх хугацаа дууссан. Тухайн үед орон нутгаас энэ компанийг дахиж үйл ажиллагаа явуулуулмааргүй байна гэдэг байдлаар төлөвлөгөөг нь батлаагүй. Үүнээс болоод шүүхдсэн. Ингээд “Намуунт од” компани 2012 оны 4 дүгээр сарын 26-нд 151 дүгээр шүүхийн шийдвэрээр тухайн талбайн эрх дахин сэргээгдсэн. Эрх нь сэргээгдээд 2013-2015 онд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. Гэхдээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. Өрөмдлөг, суваг шуудуу малтах ажил хийгдээгүй. 17 ширхэг дээж авсан. Тийм л мэдээлэлтэй байна.
-“Мөнхийн номхон далай” компанийн хувьд дээрхтэй адилхан. 2008 онд анх байгаль орчны төлөвлөгөө батлуулж байсан. Тухайн үедээ 150 мянган төгрөгийн барьцаа байршуулсан. 2010-2011 онд байгаль орчны төлөвлөгөө ирүүлээгүй, батлуулаагүй. Шалтгаан нь “Намуунт од”-той ижил. Хугацаа сунгалт хийлгэх үеэр орон нутгаас батлаагүй. Ингээд шүүхдээд 2012 онд талбайн эрх дахин сэргэсэн. 2012-2013 оны байгаль орчны төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. Гэхдээ ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй.
-“Элбэг орд” компани байгаа. Анх 2008 онд “Гранд формул” гэж компанид олгож байсан юм байна. Тэгээд 2011 онд “Элбэг орд” компани шилжүүлж авсан. 2009-2013 оны хүртэлх хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө ирүүлсэн. Батлуулсан. 750 гаруй мянган төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулсан. 2013-2015 оны хугацаанд төлөвлөгөө батлуулаагүй. Ямар ч үйл ажиллагаа явуулаагүй.
-“Эн Си Ар Ай” гэж компани бий. 2011 оноос хойш төлөвлөгөө ирүүлээгүй. Би мэдэхгүй байна. Ямар ч ажил явуулаагүй.
-“Эф Эм Ай” гэж бий. 2013 оныг хүртэлх хугацаанд төлөвлөгөөгөө ирүүлж байсан. Тухайн үедээ дээж авах гэх мэт ажил хийж байсан. Өрөмдлөгийн ажил хийгээгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр мөн “Бид 2008, 2010 оноос хойш Тост, Тосонбумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалт цаашлаад улсын тусгай хамгаалалтад оруулахаар янз бүрийн аргаар үзсэн. Орон нутгийн хамгаалалтад авсаны дараа АМГ-ын кадастрын хэлтсийн бүртгэлд оруулсан. Ингээд сумын ИТХ-аас орон нутгийн хамгаалалтад авсан Тост, Тосонбумбын нуруунд хайгуулийн тусгай зөвшөөрөл олгохгүй, хугацаа дуусч байгаа хайгуулийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байх шийдвэр гаргасан. Түүний дагуу лиценз эзэмшигч компаниуд төлөвлөгөө ирүүлсэн ч батлаж өгөөгүй зүйл байгаа” хэмээн хэлсэн.