
Монголчуудын сайн мэдэх “Рэкетир” киноны гол дүрд тоглосон жүжигчин Саят Исембаев манай улсад хоёр дахь удаагаа ирээд байна. Тэрээр энэ удаад сайн үйлсийн аянд олон нийтийг уриалахаас гадна Монгол-Казахстаны соёлын өдрийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөжээ.
Тэрбээр Казахстан улсад байхдаа өвчнөөр шаналж, элэг яаралтай шилжүүлэн суулгах шаардлагатай болсон Л.Бүжинлхам охины талаар мэдээлэл авчээ. Тэгээд охины гэр бүлийхэнтэй холбогдож туслахаа мэдэгдсэн аж. Тодруулбал охин төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй бөгөөд хоёр сартай байхдаа цөсний суваг нээх касайн хагалгаанд орж байжээ. Уг хагалгааны дараа элэг шилжүүлэн суулгахгүй бол охин цааг амьдрах боломжгүй юм.
Жүжигчин Саят Исембаев Л.Бүжинлхам охины аавд хандан “Монгол Улсад ч төдийгүй Казакстанд хүнд өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байгаа. Тиймээс сэтгэлээр битгий унаарай. Зоригтой байгаарай. Монголчууд энэ охинд чадах чинээгээрээ туслахыг уриалж байна” гэж хэлэв.
Л.Бүжинлхам охины аав П.Лхагвасүрэн “Охинд элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээнд нь 70 сая төгрөг хэрэгтэй байгаа. Одоогийн байдлаар 20 орчим сая төгрөг цугларсан. Эмчилгээний зардлаа бүрэн олчихвол Монголдоо хагалгаанд орох боломжтой” гэлээ.
Хэрвээ уншигч Та бүхэн туслахыг хүсвэл Л.Бүжинлхамын нэр дээрх Хаан банкны 5042409122, Голомт банкны 1605121634, Төрийн банкны 105000721324 тоот данс руу хандив өгч болох юм байна.