Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Монголын орны амьтдын хамгийн хамгийн ...

Монгол орон ан амьтад, араатан жигүүртнээр нэн баялаг билээ. Эдгээрээс хамгийн хамгийн ангилалд багтах амьтдаас сонирхуулж байна.


Хамгийн том зүрхтэй амьтан

 


Манай орны амьтдаас хамгийн том элэг, зүрхтэй нь хандгай юм. Манж буюу эр хандгайн элэг 6.5 кг, зүрх 2.6 кг, бөөр 1.2 кг, хэл 1 кг байна. түүний дараа буга орох бөгөөд бие гүйцсэн бугын элэг нь 5.9 кг, зүрх нь 2.3 кг байна.


Хамгийн жижиг гүрвэл


Манай оронд 11 зүйл гүрвэл байдаг. Үүнээс хамгийн одой нь элсний жижиг гүрвэл юм. Шинжлэх ухааны хэллэгээр геккон гэх нэртэй. Биеийн урт нь 33 мм. Ихэвчлэн заг мод, хад чулуурхаг газар нутаглаж, элдэв зүйлийн жоом, цох, шавьжаар хооллоно. Хэвлий нь цагаан, нуруу нь элсний өнгө лугаа адил, нуруугаа дагасан бүдэг, бараан зурвастай.


Хамгийн хөнөөлт амьтдын нэг

 


Малын дайсан чоно гэж ярьдаг. Гэтэл түүнээс илүү хөнөөлтэй амьтан бий. Чононоос 400-500 дахин жижиг боловч сүйтгэл нь хэдэн мянган дахин их. Монголын бүх тал хээрт тархсан энэ амьтан бол 60 гаруй зүйлийн өвс ургамал идэж хөнөөдөг үлийн цагаан оготно юм. Эдүгээ Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь зэрэг аймгийн нийт 37.5 сая га талбайд үлийн цагаан оготно тархжээ. Үүнэс голомт буюу олшрох эх үүсвэр газар нь 18 сая га бөгөөд хөнөөлийн бүс буюу архаг голомт агуулсан нутаг нь 24 сая га талбайг эзэлдэг.


Эмэгчин оготно 8-17 хүртэл тооны гөлчгийг нэг удаа төрүүлдэг. Зуны турш гурван удаа гөлчгий гаргана гээд бод доо. Иймэс нэг эмэгчин оготно жилд 21-29 болж олширдог. Үлийн цагаан оготно олширсноор бэлчээр, ургамлын нөмрөг хөнөөгдөж, мал аж ахуйд маш их хохирол учрах аюултай.  


Хамгийн бохир амьтан


Мэдээж ялаа. Манай оронд улай сэгний овог, махны ялаа, бүдүүн хөлт, дэнгэнүүр, ногоон ялаа, эрээн далавчит гэх мэт олон овог байдаг. Түүнээс гэрийн хар ялаа нь нэг удаад 120-150 өндөг гаргадаг. Өндөг маш хурдан буюу 8-12 цагийн дараа өт болно. Харин мөн төдий хугацаанд өтнөөс хүүхэлдэй болдог байна. зуны дулаан лиралд гэрийн хар ялаа 5-7 үе удам өгдөг. Амьтад болон хөлс сорох дуртай. Ялаа хамгийн бохир газруудаар нисч буух тул цусан суулга, шар зэрэг өвчин халдаах аюултай. Нэг ялааны бие дээр 6-28 сая нян байдаг.


Хамгийн ховдог амьтан

 


Манай орны хамгийн ховдог амьтан бол аалз. Аалз өөрийн жингэс хэд дахин илүү хоол иддэг байна. Тэр өглөөний хоол идэх үед биеийн жин нь дөрөв, өдрийн хоолын дараа ес, оройн хоолны дараа 13-30 дахин их болдог гэнэ. Хэрэв 70 орчим кг жинтэй хүн ийм маягаар хоолловол өглөөний зуушинд нэг шар, өдрийн хоолонд нэг шар, дээр нь 12 хонь, оройн хоолонд найман хонь, хоёр гахай иднэ гэсэн үг.


Хамгийн “мөсгүй” амьтан

 


Бусдыг завшин амьдрагчид зөвхөн хүмүүс дунд биш бас амьтад, жигүүртний дунд ч байдаг. Түүний нэг нь өөрийн төрсөн үрээ бусдын үүрэнд аваачиж хаядаг хөхөө шувуу юм. Хөхөө өндгөө төрөл бүрийн шувууны үүрэнд орхидог. Нөгөөх нь өгөөмөр сэтгэлээр тэжээж өсгөдөг байна. гэтэл хөхөөний ангаахай нь өндгөөс гармагц өсч өндийсөн үүрнээсээ жинхэнэ эзнийг нь гаргаж хаях гэж оролдоно. Өргөж авсан эх, эцэг нь хөхөөний ангаахайн хуурамч явдлыг илрүүлбэл түүнийг үүрнээсээ гаргаж хаях, эсвэл зоргонд нь орхиж шинэ үүр барьдаг аж. Үүнийг хөхөө мэддэг болохоор өндгөө бас залжин орхино. Гадаад өнгө, заримдаа хэлбэр хэмжээний хувьд өөртэй нь төстэй өндөг бүхий тийм шувууны үүрийг сонгодог байна. Хөхөөний өндөгний өнгө ирээдүйн үрчлэн авах эцэг, эхтэйгээ адилхан байдаг нь хачирхалтай. Зарим хөхөө янз бүрийн өндөг гаргадаг. Жишээ нь өргөн далавчит хөхөө өндгөө орхих эздийн өнгө ямар байхаас шалтгаалан шар, ногоон, хөх, цэнхэр өндөг гаргаж чаддаг гэнэ.  

 
Хамгийн богино настай амьтан

 


Манай орын хамгийн богино настай нь ур үүсгэгч овгийн ялаа юм. хооллохыг үл мэдэх тэр ялаа зөвхөн эр, эмээр эвцэлдэн өндгөө бут, үет ургамал дээр гаргана. Өндөгнөөс төрж гарсан өтнүүд нь бургас бутыг гэмтээж ур үүсгэдэг. Харин бие гүйцсэн ялаанууд 2-3 хоног амьдраад үхдэг байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)