Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Д.Дагвадорж аваргын жиргээ ба нийгмийн сүлжээний үнэн төрх

Арлын оронд мэргэжлийн сүмогийн дэвжээнээ аваргалж Монголынхоо нэрийг дуурсгасан Асашёорюү Д.Дагвадорж нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг нэгэн. Твиттерт дагагч буюу найзынхаа тоогоор эхний тавд бичигддэг. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын иргэд нэгдүгээр сарын 5-наас Монголд визгүй зорчдог болсон байна хэмээн олон нийтийн сүлжээнд жиргэж бөөн хэрэг мандаав. Олны танил, нөлөөтэй эрхэм учраас Д.Дагвадорж аваргын жиргээ хуурай өвсөнд тавьсан түймэр шиг л олонд түгсэн. Нэг хэсэг нь хятадуудыг чадлаараа муулж, харааж зүхэх боломжоо хангалттай ашиглав. Нөгөө хэсэг нь эргэлзэж, Засгийн газар иргэдээсээ нууж ийм шийдвэр гаргасан гэж үү хэмээн тээнэгэлзсэн. Товчхондоо бол нийгмийн сүлжээнийхэн хоёр тал болж хоорондоо баахан “зодолдлоо”. Тэгтэл Гадаад харилцааны яамнаас иргэд харилцан зорчдог 1989 оны хэлэлцээрт ямар нэг өөрчлөлт ороогүй, хоёр улсын харилцаанд сэв суулгаж мэдэх хариуцлагагүй зүйл ярихгүй, баттай эх сурвалжтай мэдээлэл түгээхийг анхаарууллаа. Энэхүү мэдэгдлийн дараа хүмүүс тайвширч, нөгөө Монголын бахархал болсон Асашёорюү Д.Дагвадорж аваргаа газар дор ортол эргүүлэн муулж, баталгаагүй худал ярианд итгэж стресс үйлдвэрлэсэндээ дор бүрнээ харамсав.


Нийгмийн сүлжээнд иймэрхүү зүйл анх удаа болж байна гэвэл том эндүүрэл. Аса аварга олны анхаарлын төвд байдаг, бодож санаснаа шулуухан хэлчихдэг зантай болохоор түүний жиргээ шуугиан тарьсан нь үнэн. Баталгаагүй мэдээлэл тараасандаа их аварга хэр зэрэг харамсаж байгааг ч мэдэхгүй, ямартай ч жиргээгээ устгасан байна лээ. Хэдэн жилийн өмнө Хөвсгөлд бурханаар бөөлждөг хүүхэн тодров доо. Юу ч идэж уусан бурхан болгоод буцааж гаргадаг гээд л цуурсан, телевизээр хүртэл үзүүлсэн. Дараа нь хүмүүсийг хуурч байсан нь илрэв, хууртагдсан хүмүүс сурсан зангаараа баахан харааж зүхэв. Тэгтэл нэг залуу нөгөө бурханаар бөөлждөг бүсгүйд 5 жилийн ял өгч гэнэ ээ гээд жиргэчихэж. Нөгөө муулж байсан нийгмийн сүлжээнийхэн ядарсан хүүхэнд 5 жил арай чангадлаа, төр ядарсандаа төмөр нүүрээ үзүүллээ гэх зэргээр баахан давалгаалав. Тэгтэл жиргээч залуу зүгээр л сахилгагүйтээд жиргэснээ хүлээж, ингэж газар авна гэж бодоогүй гэв ээ. Бас нэг жишээ. “Хас”-ын гэгддэг Ч.Ганхуяг хэмээх эрхэм Хангарди ордныг Чингисийн цамхаг гэж нэрлэх гэж байна гэж жиргэв. Төв талбайг Их эзэн Чингис хааны нэрэмжит болгоод удаагүй байсан болохоор нийгмийн сүлжээнийхэн бараг л бослого гаргая, Хангарди ордноо хамгаалъя гэх нь холгүй шаагилдав. Гэвч тэрхүү мэдээлэл худал байсан бөгөөд төд удалгүй үнэнд гүйцэгдсэн.


Хэд хоногийн өмнө -49 хэм хүрч хүйтэрнэ гэдэг мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдав. Гэтэл тэр нь өнгөрсөн жилийн мэдээ байсан. Төр, нийгмийн нэрт зүтгэлтгэн Ю.Цэдэнбал агсны хөшөөний сууринд цав гарсан учраас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гурван жилийн өмнө засварласан. Гэтэл засвар хийх гээд хөшөөг буулгахыг харсан нэг жиргээч Ю.Цэдэнбалын хөшөөг буулгалаа гээд буруу мэдээлэл нийгмийн сүлжээнд цацаж байв. Хүүхэд алга болчихлоо, олоход туслаарай гэсэн зар гэнэт амь ороод босоод ирнэ. Гэтэл 2 жилийн өмнө алга болоод хүүхдээ олчихсон ч байх шиг. Энэ мэтээр нийгмийн сүлжээнд санаатай болон санаандгүй худал мэдээлэл цацсан жишээ дурдвал барагдахгүй. Хэн нэгний алдар хүндэд халдсан, гүтгэсэн, гуйвуулсан мэдээлэл өдөржин хөвөрч байдаг. Улс төрийн захиалгат “аллага” бол өдөр бүр л урсана. Сонгуулиар бол улстөрчдийг цаазаар авъя, хүйс тэмтэрье, шоронд хатаая гэх зэргээр хүчирхийлэлд уриалан дуудсан жиргээ, пост ямар ч хориглолтгүйгээр чөлөөтэй бичигддэг. Гэрэл гэгээтэй сайн мэдээлэл нийгмийн сүлжээнд шаварт суучихсан машин шиг уухилаад явж өгөхгүй. Харин хэн нэгнийг муулсан, харлуулсан, гүтгэсэн мэдээлэл гэрлийн хурдаар түгэх нь гайхмаар.


Нийгмийн сүлжээ дандаа хар муухай юм хургаж байдаг, тийм байх ёстой орчин уг нь биш. Зөв ашиглаж чадвал мэдлэг шүүрдэнэ, мэдээлэл шуурхай авна, үзэл бодлоо бусадтай хуваалцана, нийгмийн чиг хандлагыг баримжаална гээд давуу тал олонтой. Харамсалтай нь ингэж зөв ашиглах хандлага, дадал зуршил монголчуудын дунд ховор. Энэ орчныг хордуулж байгаа хэд хэдэн хүчин зүйл байх шиг. Юуны түрүүнд улстөрчид нийгмийн сүлжээнд угаадсаа асгаж байна. Өрсөлдөгчөө намнах хамгийн бохир технологийг нийгмийн сүлжээнд туршиж, хэрэгжүүлдэг. Монголын сэтгүүлзүй ёс зүйгээ сахиад өөрсдийн сувгаар улстөрчдийн захилгат бичвэрүүдийг нийтлэхээс татгалздаг. Энэ тохиолдолд улстөрчид буух эзэн, буцах хаяггүйн жишгээр нийгмийн сүлжээгээр нөгөө бохир бичвэрүүдээ цацаж нийгмийн уураг тархийг хордуулах болсон. Бусдын нэр хүндэд халдсан янз бүрийн эвлүүлэг, монтажилсан яриа, дүрс нийгмийн сүлжээгээр л үзэгддэг, тэнд л амьдрах орон зайтай. Улс төрийн намууд сонгуулиар нийгмийн сүлжээнд гүтгэлэг тараах армийг хөлслөн авдаг болсон. Сонгуульд бодлого хөтөлбөрөөр өрсөлдөх учиртай намууд, улстөрчид гүтгэлэг, эвлүүлэг, доромжлолоор уралддаг нийгмийн сүлжээ гэх шинэ фронт нээсэн. Нэг ордонд, нэг танхимд суудаг УИХ-ын гишүүд нийгмийн сүлжээнд хоорондоо уулзаж нэг бол бие биедээ найр тавин ярилцаж, үгүй бол хэрэлдэж муудалцаад хараал урсгаад байцгааж байх жишээтэй. Нийгмийн сүлжээг ашиглан популизм хийдэг улстөрч шил шилээ даран мэндэлсээр байгаа.


Нийгмийн сүлжээ, сэтгүүлзүй хоёрыг хольж хутгах төөрөгдөл нийгэмд газар авчээ. Үүнд сэтгүүлчид ч хувь нэмрээ оруулсаар байна. Нийгмийн сүлжээнд тэнэж яваа золбин мэдээллийг ямар ч шүүлтүүргүйгээр нийтэлдэг, нэвтрүүлдэг редакц цөөн биш боллоо. Зарим сэтгүүлч сэдвийн эрэл хайгуул хийх, хөлөөрөө явж баталгаатай мэдээлэл олж авахаас илүүтэй нийгмийн сүлжээний өвдөл цөвдөл төдийхнөөр голоо зогоохыг илүүд үздэг болсон нь харамсалтай. Сэтгүүлзүйн залхуурал нийгэмд сайн зүйл авчирсан түүх байхгүй. Нийгмийн сүлжээг эх сурвалж болгон мэдээлдэг сэтгүүлзүйн жишиг бол бий. CNN зэрэг мэдээллийн томоохон агентлагууд нэг хүний жиргээ, постоос мэдээлэл бэлтгэлээ гэхэд өөртэй нь заавал холбогдон баталгаажуулж, өөр олон талын эх сурвалжаар нотолсны үндсэн дээр мэдээлдэг. Монголын сэтгүүлзүйд яг энэ чиглэлээр тогтсон дүрэм одоогоор байхгүй, редакцууд өөрийн мэдрэмжээр л хандаж байх шиг. Сэтгүүлзүй бол буух эзэн, буцах газартай, мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг салбар гэдгээрээ нийгмийн сүлжээнээс хамаагүй ажил хэрэгч, мэргэжлийн ертөнц. Нийгмийн сүлжээ бол хүмүүсийн бодлын урсгал, тэнд ямар нэг мэргэжлийн цензур тавигддаггүй. Товчхондоо бол ёс зүйгүй үйлдэл хийвэл сэтгүүлзүй хариуцлага хүлээнэ, нийгмийн сүлжээ дүлий дүмбэ өнгөрнө.


Цагаан сар, наадам гэх мэт томоохон баярын өмнө аж ахуйн нэгжүүд өрсөлдөгчийнхөө бараа, бүтээгдэхүүнийг гутаах, чанар муутай гэж ойлгуулах бохир кампанит ажлыг нийгмийн сүлжээнд өрнүүлдэг нь нууц биш. Энэ бол шударгаар өрсөлдөх бизнесийн алтан зарчмаасаа хазайхад нийгмийн сүлжээ бас л боломж олголдог гэсэн үг. Гэхдээ буруу нь нийгмийн сүлжээнд биш, бидний хүмүүжил, ёс суртахууны хэмжээ, амьдралын дадал зуршилд байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. Монголын улстөрчид өрсөлдөгчөө гүтгэн харлуулж, компаниуд амжилттай яваа нэгнийгээ муулж, хүмүүс тулга тойрсон хов живээр хооллодог болчихсон байна. Ардчилал бидэнд үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг нээж өгсөн боловч бусдын алдар хүнд, эрх чөлөөнд халдах зөвшөөрөл олгоогүй. Хэнбугайн ч эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг. Монголчуудын ахас ихэс  эмэгтэйчүүдээ хүндлэх хүндлэл, муу амладаггүй цээр, найрсаг зан чанар нийгмийн сүлжээний босго давмагц балран арилж байна. Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр нийгмийн сүлжээний хаалга тогшигчид олширно. Харин энэ орчин хүчирхийлэлд уриалан дуудсан, бусдын алдар хүндийг гутаасан, садар самуунд уруу татсан, мансууруулах бодис, хориотой ан, хуурамч бараа сурталчилсан гэх мэтээр муу бүхний цуглуулга байсаар байх уу. Ёс зүйгүй аашилсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй орхигдсоор байх уу гээд олон асуулт хариултаа нэхэж байна. Хамгийн сүүлд нэлээд шуугиан тарьсан нь Аса аварга болохоос ёс зүйгүй авир, хууль зөрчсөн үйлдэл өдөр бүр л гарч байдаг. Энэ бол Монголын нийгмийн сүлжээний өнөөгийн бодит төрх. Бид өөрсдөө ямар ёс зүйтэй байна, нийгмийн сүлжээ тийм л байна. Монголчууд нийгмийн сүлжээ хэмээх эзэн биегүй “чөтгөр” рүү буруугаа чихээд суух уу, эсвэл өөрсдөө ёс зүйтэй болж өөрчлөгдөх үү.


Б.ТҮВШИНТӨГС

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (10)
Зочин [27.123.214.108] 2017/01/28
Дагвадорж махан толгой юу хуцсын
Зочин [202.70.46.229] 2017/01/23
teneg ym bichdeg gar we hiih ajilgui ymuu haishaa ym
Зочин [203.91.115.38] 2017/01/23
Монголоос хужаа, эрлийз хурлийзууд нутаг руугаа зайлцгаа!!!
Зочин [202.21.106.121] 2017/01/24
ХӨЛДҮҮ МИНЬ ДЭЭ
Зочин [64.62.175.77] 2017/01/23
Женкогийн хэрэг одоо дуусах шатандаа ороод өөрсдийнхөө хэдээр нийгэмийг бужигнуулж өгч байна. Манай хэдэн үхэрнүүд дагаад л мөөрөлдөөд байх юм. Цэнхэр үст Цэрэн, Мөнхбаясгалан, Херо Баатар, Аса, А.Гансүх, Дэлхий судалдаг нэг сахалтай далдаак нөхөр гээд баахан тэжээврүүдтэйшдээ. Бас Уянга, Мааяа гээд 2 гар мөнгийг нь өгвөл юу ч гэж хуцхад бэлэн тэхдээ Женкогийнх биш хөлснийх
Зочин [203.91.112.242] 2017/01/23
За юун пальдига юм, наад Дагвадоржийг чинь барилдаж байхад нь бол хөгжөөн дэмжиж байсаан. Одоо бол нэг муу махан толгой, үхсэнийх нь Монголын бахархал, харин ч бохир эрх ашгийн төлөө явдаг өчүүхэн нэгэн гэж боддог.
Зочин [202.55.183.178] 2017/01/23
Jenco taraalgasan l geh yum bilee hugiin gar
Зочин [203.91.119.66] 2017/01/23
social-s omno tsuurhal gedeg zuil ih huchtei bdg bsn, humuus barin tavin helne. yarina. gehdee ter bur tsuurhal sonsson humuus hudal bsn gedgiig medej chadalgui ongordog. harin social unen hudal medeeg tugeeh hurd ondor ch ergeed unend guitsegden ilreh n mon hurdan bn, iimd bas ch gej davuu tal bn gej harj bolno, social hereglegchiin handlaga bish tsuurhah uzegdel bol hunii aranshin handlaga yum, harin social ene hurdiig nemegduulsen n sain ch tal bii gej boddog
Зочин [66.181.185.57] 2017/01/23
Dagvaa sanaatai tsatssanshdee medeej
Зочин [59.153.112.207] 2017/01/23
ДАВГАДОРЖ МЭДЭХГҮЙ , СУРГААР ИЙМ МЭДЭЭГ СООШЛООР ЦАЦЛАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТА ЭНДҮҮРЧ !!! ТҮҮНИЙ МЭДЭЭ , СЕНСААЦИ БОЛ ТОДОРХОЙ ЗОРИЛГОТОЙ , ЧИГЛЭЛТЭЙГЭЭР МАССЫГ ЁВОРСОН ТАНДАЛТ !!! ТҮҮНИЙ АРД ЖЕНКО ТЭРГҮҮТЭЙ ХЭСЭГ БҮЛЭГ , ТЭР БАЙТУГАЙ ЭРХ БАРИГЧ МАН ЫН ХЭСЭГ БҮЛЭГ БАЙЖ БОЛНО !!! ХЭРХЭН ӨРНӨХИЙГ АЖИГЛАЯ?!! ЧУХАМ ХЭНИЙ ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛЖ ЯВАА ЮМ БОЛДОО... " ХӨӨРХИЙ ДЭМБЭРЭЛ " ...